Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг

Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ын ************д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ овогт ************ын ************ РД:(........................)-д холбогдох,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч ************ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ************ийн гэрт иргэн ************ыг толгойн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, газар унагаан өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ************ийн гэрт иргэн ************ыг толгойн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, газар унагаан өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... би 2021 оны 03 дугаар 16-ны өдөр Төмөрбулаг сумын төв рүү эхнэр Дэжидсүрэнгийн хамт ороод манай эхнэр айлд унтаад үлдсэн. Би нямдаваа гэдэг ахын гэрт нэг шил 0,75 литр Соёрхол гэдэг нэртэй архи уугаад Чулуунцэцэг эгчийн гэрт очиход ************ согтуу баруун талын хоймор өөд харсан сууж байсан. тэгэхээр нь би толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Нэг мэдсэн Чулуунцэцэг эгч ************ ахаас машин авахаар ирсэн нэг танихгүй ах хоёр намайг салгасан. Би тухайн үед ямар үйлдэл хийснээ санахгүй байна. 2020 оны цагаан сарын үед ************ ах манай аавыг зодсон байсан. тэгээд би дотроо юм бодож явж байгаад согтуу таараад ************ ахыг цохисон байсан. надад өөр өш, хонзон санаж явдаг юм байхгүй. ************ ах манай аавын төрсөн дүү байгаа юм. ... гэртээ очоод 4-5 өдөр гэртээ байж байгаад 4-5 өдөр малд мотоциклоор гэрийн ойролцоо малаа харж байгаад бие нь муудлаа гээд Төмөрбулаг сумын эмнэлэгт хэвтэж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Мөрөн сум руу эмнэлгийн машинаар хүргэсэн. Би ************ ахыг цохиж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Төмөрбулаг сумын 5 дугаар багт 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой Чулуунцэцэг гэдэг эгчийн гэрт сууж байсан. Манай ах ************ын хүү ************ гаднаас согтуу орж ирээд миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд дараа нь баруун талын чихний дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Мөрөнгөөс надтай машины наймаа хийхээр нэг хүн ирсэн байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүн манай эгч Чулуунцэцэг хоёр салгасан. Би ************ийг цохиж зодсон асуудал байхгүй. ...************ийн өшиглөсөн хэсэгт хагалгаа хийлгэсэн. Одоо миний биед ямар нэг зовуурь байхгүй. ... Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” (хх-12-13) гэх мэдүүлэг,

Гэрч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед манай гэрт ************ машин зарна гээд нэг танихгүй хүн машиныг нь авахаар ирсэн түүнтэй хамт манай гэрийн баруун талд сууж байсан. Гэтэл гаднаас ************ орж ирээд ************ын толгой тус газар нь 2-3 удаа цохисон. ************ газар унасан нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь ************ын зүүн талын нүд хавдсан уруул амнаас нь цус гарсан нэг шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-19-20х),

Гэрч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед манай гэрт ************ машин зарна гээд нэг танихгүй хүн машиныг нь авахаар ирсэн түүнтэй хамт манай гэрийн баруун талд сууж байсан. Гэтэл гаднаас ************ орж ирээд ************ын толгой тус газар нь 2-3 удаа цохисон. ************ газар унасан нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь ************ын зүүн талын нүд хавдсан уруул амнаас нь цус гарсан нэг шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-27-29х),

Гэрч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ш.Оюунтүлхүүрийн “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн үед Төмөрбулаг сумын 03 дугаар баг “Луул ам” гэх газар ************ гэдэг хүн даралт нь ихсэж бөөлжиж толгой өвдөөд байна гэх дуудлага ирэхээр нь очиход ************ гэдэг хүн гэртээ тамхи татаад сууж байсан. Үзлэг хийж даралт үзэхэд дээд даралт 190, доод даралт 120, фульс нь 93 байсан. Магни сульфат болон дибазол хийгээд Төмөрбулаг сумын төв рүү тээвэрлэж эмнэлэг дээр авч ирж хонуулсан. Өглөө үзэхэд даралт нь буусан боловч биеийн байдал тааруухан байхаар нь Мэнджаргал эмчид хэлж түүх нээж эмнэлэгт хэвтүүлээд Мэнджаргал эмч Аймгийн мэдрэлийн тасгийн эмчээс зөвлөгөө авсан...” гэх мэдүүлэг (хх-27-28, 31-32х),

Гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар баг ************ын төрсөн эгч гэх айлд очсон. Тэр айлд ************ түүний ах ************ нар согтуу архи ууж байсан. Мөн ************ын эгч, ************ын эхнэр, ************ын хүү гээд нэлээн хэдэн хүн байсан. Би тэр айлд цай ууж байгаад гэрч бие засаад буцаж гэрт орж иртэл ************ын хүү гэх 20 гаран насны залуу ************ыг нүүр нүдгүй цохиж өшиглөн зодож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг (хх-35-37х),

Гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа ээжээс нь мэдсэн. Ээж нь надад хэлэхдээ “************ хүний толгой руу аягаар цохиод, цагдаа дээр шалгагдаж байгаа юм байна гэж хэлсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг (хх-46, 48х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай дүгнэлт:

  1. ************ын биед тархи дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дор цусан хураа, баруун дэлбэнгийн суурь, духны дэлбэнгийн аалзавчны бүрхүүл дор цус харвалт, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. ************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт (хх-40х),

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад зүйлийг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол (хх-50х),

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн багийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт, (хх-52х), Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны 41 дугаартай тодорхойлолт (хх-53х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-54х), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-57х), ************ын ************ийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-58х), Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого (хх-60х),шүүгдэгч ************, хохирогч ************ нарын хохирол гомдолгүй гэх эвлэрлийн гэрээ (хх-74х)-г шинжлэн судлав.

   Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ************ийн гэрт иргэн ************ыг толгойн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, газар унагаан өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

          хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

  гэрч ************, ************, ************, ************нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 тоот дүгнэлт (хх-40х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

  Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************ нь хохирогч ************ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч ************тай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд шүүгдэгч ************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүгдэгч ************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын ************ийг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ************д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН