Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1210

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01210

Улаанбаатар хот

 

                                                                              

                                  МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны 1244 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар АП 90030872, Хиад Боржигон овогт Лхагвасүрэнгийн Батбаярын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6-Б  байрны 81 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УК 91070891, Боржигон овогт Эрдэнэбатын Батбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Батбаяр, хариуцагч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Батбаярт 1 сая төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч зээлдүүлсэн бөгөөд зээлийн хүүнд надад 500 000 төгрөгийг хэсэгчлэн өгсөн боловч зээлийн хүү болон үндсэн зээлийг төлөхгүй байх бөгөөд 10 сарын 14-нд зээлийн хүү 100 000 төгрөг өгсөн, 12 сарын 21-нд 11 сарын хүү гэж 100 000 төгрөг өгсөн, 1 сарын 21-нд 100 000 төгрөг өгсөн, 2 дугаар сарын 2-нд 100 000 төгрөг өгсөн.Иймд үндсэн зээлийн 1 000 000 төгрөг, зээлийн 2 сарын хүү 200 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгийг Э.Батбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Батбаярт 1 сая төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч зээлдүүлсэн.Батбаяр дандаа хугацаа хожимдуулж 600 000 төгрөгийн зээлийн хүү өгсөн.Одоо үндсэн зээлийн 1 000 000 төгрөг, зээлийн 2 сарын хүү 200 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгийг Э.Батбаяраас авна, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл  45 хоногийн алданги болж байгаа, өгсөн мөнгө нь хүүнээс хасагддаг байсан гэв.

 

Хариуцагч Э.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 10 дугаар сарын 14-нд 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 21-нд 200 000 төгрөг, 2017 оны 1 сарын 17-ны өдөр 100 000 төгрөгийг Л.Батбаяр өгсөн.Мөн 2017 оны 2  сарын 2-нд 100 000 төгрөг, 2017 оны 1 сарын 21-нд 100 000 төгрөг нийт 600 000 төгрөгийг өгсөн.Би үндсэн зээлээс 500 000 төгрөг, зээлийн хүү 100 000 төгрөгийг төлсөн, одоо 500 000 төгрөг өгнө гэжээ.

 

Хариуцагч Э.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Батбаяраас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 1 000 000 төгрөгийг авсан нь үнэн, би 600 000 төгрөгийг эргүүлж төлсөн.Би 400 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэж үзэж байна, алдангийг яаж тооцсоныг ойлгохгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр хариуцагч Э.Батбаярт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт     1 700 000 төгрөг  гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Батбаярт 1 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцлийг тохирч зээлдүүлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “Зээлийн гэрээг 1 сарын хугацаагаар сунгаж болно”, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт тавьж болно” гэж тус тус заасан байх боловч дээрх зээлийн гэрээг сунгах хүсэлтийг зээлдэгч Э.Батбаяр гаргаагүй, уг гэрээг сунгасан баримт хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймээс зээлдэгч тал гэрээний дагуу үндсэн зээлийн 1 000 000 төгрөг, зээлийн нэг сарын хүү 100 000 төгрөгийн хамт, эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн нөхцөлд үлдсэн үүргээс алданги тооцож шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэгэнт зээлийн гэрээ сунгагдааагүй учраас нэхэмжлэгч нь гэрээнд заасан нэг сарын хугацааны зээлийн хүүг л авах эрхтэй байх тул нэхэмжлэгчээс цувуулан төлсөн 600 000 төгрөгийн 100 000 төгрөгийг зээлийн хүүд, үлдсэн 500 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зөв байна.

 

Учир нь зээлийн хүү тооцсон хэлцлийг талууд бичгээр хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байна.

 

Иймд хариуцагч Э.Батбаяр үндсэн зээлийн үлдэгдэл 500 000 төгрөгийг, энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд ногдох алданги болох 250 000 төгрөгийн хамт нийт 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй байна

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батбаяраас 22 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Батбаярт олгож шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т  заасныг баримтлан Эрдэнэбатын Батбаяраас 750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Лхагвасүрэнгийн Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 950 000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 /дөчин хоёр нэг зуун тавин/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, Э.Батбаяраас 22 550 /хорин хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Батбаярт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН