| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Жын Х-д холбогдох 2116000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 00 тоотод оршин суух хаягтай, урд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .......регистрийн дугаартай, Х овогт Ж-ын Х.
Шүүгдэгч Ж.Хүрэлсүх нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мөст Алтай” караоке баарны гадна автомашины зогсоолоос хохирогч *******ийн өмчлөлийн 59-94 ГАЗ улсын дугаартай “Shineray ХҮ150” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ж.Хийн шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Энэ миний буруу... Буруу зүйл хийж байна гэж дүгнэлт хийж байгаа, их харамсаж байгаа... Дахиж ийм зүйл хийхгүй их харамсаж байгаа... Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Мөст-Алтай гэх бааранд орсон тэнд 3-4 залуутай танилцаад нийлж архи, пиво уусан. Тэгээд баарнаас ганцаараа гарч ирээд Мөстийн үүдний зогсоолын баруун талын хайсны хажууд байсан цэнхэр өнгийн банктай, банк суудлыг нь хамт бүтээсэн мотоциклыг очоод гишгэсэн тэгэхэд мотоцикл ассан тул түүнийг унаад явсан. Тэр орой би согтуу байсан учраас ээж дээр очвол загнана гэж айгаад Баяраа гэх айлд очсон тэнд бас согтуу хүмүүс байсан би архи уулгүй унтаад өглөө үүр цайхаар нь ээжийнд очсон. 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр би тухайн мотоциклыг унаж төв гудамжаар нэлээд явсан бөгөөд өдөр тийш Харзат багт Отгоо гэх айлд очиход тэнд хүмүүс архи ууж байсан. Би нөгөө хүмүүстэй нийлж архи ууж байгаад орой нь согтуу нөгөө хулгайлсан мотоциклоо унаж яваад цагдаад баригдаад шөнө нь эрүүлжүүлэх байранд хоносон. Харин мотоциклыг цагдаа хурааж авсан түүнээс хойш хаана байгааг мэдэхгүй..” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ31-32/,
Хохирогч Э.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед өөрийн мотоциклоо Мөст-Алтай караоке баарны ертөнцийн зүгээр баруун талд нь тавиад Оргил багт оршин суух хүргэн ах Д-нд очиж хуримын урилга өгөх гэж ороод тэднийд байж байгаад 23 цагийн үед гарч ирэхэд мотоцикл байхгүй байсан. Би 2017 онд аймгийн төвөөс 1.850.000 төгрөгөөр авч байсан. Миний хулгайд алдсан мотоцикл 59-94 ГАЗ улсын дугаартай байсан. Саяхан миний мотоцикл цагдаагийн газрын 2 дугаар байрны хашаанд байхыг очиж харсан. Номерыг нь авч хаясан байсан. Бусдаар бүрэн бүтэн байна лээ. Уг нь түлхүүр түлхэж асдаг юм. Сая цагдаагийн хашаанд байхад нь очиж харсан. Тэгэхэд кундакторыг нь салгасан байсан. Хятад мотоцикл кундакторын утсыг нь салгаад маниул дээр нь гишгэхэд бүгд асдаг юм ...Би өөрийнхөө мотоциклийг хүлээн авлаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /ХХ21-26/,
Гэрч Р.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр намайг Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар ажиллаж байхад дэслэгч Ө.Хишигдаваа нь Жанлавын Хүрэлсүхийг авч ирсэн. Тэгэхдээ нэг мотоциклтой хамт авч ирсэн бөгөөд Мөст баарны үүдэнд энэ мотоциклийг унаж явахаар нь авч ирлээ гэж байсан. Тэгээд Ж.Хийг эрүүлжүүлээд мотоциклийг нь цагдаагийн газрын 2-р байрны хашаанд үлдээсэн. Харин маргааш нь Ж.Х гарч явсан. Түүний унаж явсан гэх мотоцикль тэндээ үлдсэн. Одоог хүртэл хугацаанд цагдаагийн 2-р байрны хашаанд байгаа. Мотоциклийг Мөст баарны үүднээс алдсан гэх нэг залуу ирж үзээд миний мотоцикл мөн байна номертой байсан номер нь алга болсон байна гэх зүйл ярьж байсан ” гэх мэдүүлэг /ХХ29/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-9/,
Хулгайд алдагдсан мотоциклийг 925.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 820/820 дугаартай үнэлгээний тайлан /ХХ41-43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мөст Алтай” караоке баарны гадна автомашины зогсоолоос хохирогч *******ийн өмчлөлийн 59-94 ГАЗ улсын дугаартай “Shineray ХҮ150” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг авч бусдад 925.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ХХ75-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ73/, хохирогч Э.Шийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийнхөө мотоциклийг хүлээн авлаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх21-26/, хохирогч Э.Ш хавтаст хэрэгтэй танилцаад гаргасан “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, урьд нь Говь-Алтай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байсныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж тус тус үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсэн ангилалд багтах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авч болохоор шүүхэд эрх олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт юм.
Шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх үзсэн бөгөөд энэ гэмт хэрэг оногдуулах хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон түүнчлэн шүүгдэгч нь өөрсдийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, үйл баримт, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын талаар маргаан гаргаагүй тул хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Жын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Ж.Хд сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА