Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01135

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2-В байрны 102 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЖИ 85091704, Хээрнүүд овогт Батсайханы Анхтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 62 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ШГ 74031971, Итгэлт  овогт Бадамдоржийн Чинбатад холбогдох

 

Авто машин гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Анхтуяа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөгч Т.Ууганбаяр, гэрч Д.Лхамсүрэн, Ц.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2007 оноос нөхөр Чингэстэйгээ хамт амьдарч эхэлсэн бөгөөд бид 2008 онд охинтой болж 9 жил хамт амьдарсан.Бид 2012 онд 16-88 УНУ улсын дугаартай хөх өнгийн Toyota crown маркийн машиныг 7 600 000 төгрөгөөр нөхрийн нэр дээр худалдан авч байсан юм.Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр маань зуурдаар нас барсан.Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр шүүхээр орж хамтын амьдралтай байснаа тогтоолгож охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтолгосон.Гэтэл нөхрийн нэр дээр байдаг 16-88 УНУ улсын дугаартай,Toyota crown маркийн машиныг нөхрийн төрсөн дүү Б.Чинбат ажил явдалаар түр унаж байгаад дулаан орохоор өгье гэж хэлээд унаад явсан.Гэтэл би одоо машинаа авъя гэхээр машиныг чинь зарна, эвдэрчихсэн, чамд баталгаа байхгүй юм чинь гэх зэргээр доромжилж байна.Би өөрийн гэсэн гэр оронгүй охинтойгоо хоцорсон.Иймд нөхрөөс үлдсэн ганц хөрөнгө машин маань учир охин бид хоёр машинаа авах хүсэлтэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Чингэстэй 2007 оноос хойш хамтран амьдарч 2009 онд охинтой болж нийт 9 жил хамт амьдарсан.Бид 3 жил төрсөн дүү Б.Чинбатынх нь хажуу өрөөг хөлслөн амьдарсан.Бид 2012 онд 16-88 УНУ улсын дугаартай, хөх өнгийн кроун маркийн машиныг худалдаж авсан, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр маань зуурдаар нас барсан.Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор шүүхээр орж хамтын амьдралтай байснаа тогтоолгож, охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон.Гэтэл 16-88 УНУ улсын дугаартай авто машиныг халтиргаа гулгаатай байна, хавар 4 сард машинаа аваарай гэж хэлээд Чинбат унаад явсан ба 2016 оны 4 дүгээр сард машинаа авах гэтэл чамд гэрлэлтийн баталгаа байхгүй гэж доромжлоод өгөөгүй,Энэ машиныг авахад Чинбатаас мөнгө аваагүй, би өөрийн данснаас 7 600 000 төгрөг гаргаж, нөхөр маань 400 000 төгрөг бэлнээр өгч 8 000 000 төгрөгөөр энэ машиныг авсан.Би охинтойгоо гэр оронгүй хоцорсон, одоо айлын түрээсийн байранд амьдарч байна.Иймд хууль бусаар эзэмшиж байгаа Б.Чинбатаас машиныг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Чинбат шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Анхтуяа миний төрсөн ах Б.Чингэстай хамтран амьдрагч байсан, энэ хугацаанд гэр бүлээ батлуулах хангалттай хугацаа байсан ч батлуулаагүй, харин ч сална гэж ярьдаг байсан. Хоорондоо таарамж муутай байсныг аав, ээж, дүү нар мэднэ.2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Анхтуяа өөрийнхөө ах дүү нартайгаа нийлж архидаж ахтай муудалцаж 23 цагийн үед хаяад явснаас ах маань гэрийнхээ гадаа унаад осгож нас барсан.Энэ асуудал Хан-Уул дүүргийн цагдаагаар шалгагдсан.Охин нь ахаар овоглодоггүй, энэ машины асуудал яригдвал ахын анхны эхнэр А.Энхмаагаас гарсан хүүхэд авна гэж ярьдаг ба энэ хүн өмч хуваах асуудалд оролцох эрхтэй.Энэ асуудлыг манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Б.Анхтуяа ганцаараа шийдвэрлэх учиргүй, хуулийн дагуу аав, ээж маань шийдвэрлэлцэх эрхтэй.Энэ машин талийгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа болохоор би хариуцагч биш, би өмчилж аваагүй.Б.Анхтуяа ажил хийдэггүй байсан, манай нэг өрөөнд 3 жил нэг ч төгрөг төлөөгүй амьдарсан.Бид энэ хүний аьдралд тусалж байсан гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Чинбат нь талийгчийн төрсөн дүү нь юм.Б.Анхтуяа ахтай нь гэрлэлтээ батлуулаагүй, хамтын амьдралтай байсан.Ах Б.Чингэс  Б.Анхтуяа нар нь хоорондоо таарамжгүй харьцаатай, сална гэж ярьдаг байсныг талийгчийн аав, ээж нотолно.Өөрийнхөө гэрт Б.Анхтуяагийн ах дүү нартай архи ууж байгаад ганцааранг нь орхиж явсаны улмаас Б.Чингэс осгож нас барсан байдаг.Талийгч ахынхаа үхэлд Б.Анхтуяаг буруутай гэж үздэг.Б.Анхтуяагаас төрсөн Хуланг манай ахын төрсөн охин биш гэж үздэг тул машиныг Б.Анхтуяа эзэмших эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Анхтуяа хариуцагч Б.Чинбатад холбогдуулан талийгч Б.Чингэсийн эзэмшлийн 16-88 УНУ улсын дугаартай Toyota Crown маркийн авто машин гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж байна.

 

Бянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/00590 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Анхтуяаг Б.Чингэстэй 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүхийн шийдвэрээс үзэхэд Б.Анхтуяа талийгч Б.Чингэстэй гэрлэлтээ бүртгээлээгүй ч гэсэн гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 10-ны охин Хулан төрсөн байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасны дагуу дээрх тээврийн хэрэгслийг Б.Анхтуяа, талийгч Б.Чинбат нар хамтран өмчилж байсан байна.

 

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэж заасны дагуу Б.Анхтуяа дээрхи тээврийн хэрэгслийг Б.Чинбатын эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Анхтуяа талийгч Б.Чингэс нар хамтын амьдралтай байх хугацаандаа бусдаас 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр худалдан авсан Toyota Crown маркийн 16-88 УНУ улсын дугаартай, талийгч Б.Чингэсийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Чинбат эзэмших эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа, талийгч Б.Чинбат нар дээрх тээврийн хэрэгслийг бусдаас 8 000 000 төгрөгөөр худалдан авахад Б.Анхтуяа 7 600 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийнхөө эзэмшлийн дансаас гаргаж төлсөн болох нь тус банкны 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн баримт болон уг машиныг худалдсан Б.Онолын шүүхэд гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авахад Б.Чингэс надаас 2 500 000 төгрөг зээлж байсан гэж хариуцагч тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүйн дээр талийгч Б.Чингэс тухайн үед Б.Чинбатаас 2 500 000 төгрөг зээлсэн байлаа ч энэхүү тээврийн хэрэгслийн Б.Чинбат эзэмших эрхгүй байна.

 

Хариуцагч талын гэрч Ц.Бадамдорж шүүх хуралдаанд “Б.Чинбатаас төрсөн ах Б.Чингэс нь 2 500 000 төгрөг зээлье гэж байсан, машин авна гэж байх шиг байсан, нарийн юманд оролцдоггүй” гэж мэдүүлж байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар талийгч Б.Чингэсийн эзэмшлийн хөрөнгийг түүний дүү Б.Чинбат өвлөх эрхгүй байх тул хариуцагчийн үндэслэлгүйгээр эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийг түүнээс гаргуулан Б.Анхтуяад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл дзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Бадамдоржийн Чинбатаас  авсан Toyota Crown маркийн 16-88 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Батсайханы Анхтуяад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Анхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чинбатаас 136 550 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Б.Анхтуяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН