Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 991

 

А.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зонне ХХК-ийн Зонне дент эмнэлэгт холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 107 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамбын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 сарын 21-ний өдөр 6 настай охин О.Сарангарав эмэг эх Оролмаагийн хамт шүдний эмчээс зөвлөгөө авахаар Зонне Дент эмнэлэгт шүдний эмч Уранжаргалд үзүүлэхэд дээд, доод араанд ломботой адил төстэй эм тавьж, эмчилгээ хийсэн. Охины нүүрний зүүн хэсгээр хавдан улайж, улмаар тэр хэсгээрээ хавдаж, хоол, унд идэхгүй, халуурч, хүчтэй зовиурлах болсон. Тийм учраас эмч Уранжаргалтай дахин уулзаж шарлага эмчилгээ хийсэн боловч охины биеийн байдал улам дордож, зовиурлах нь ихэссэн тул 2015 оны 09 сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Эх нялхсын эмнэлэгт очиж, 2015 оны 09 сарын 28-ны өдөр яаралтай шүдний мэс заслын хагалгаанд орсон. Хүүхэд халуурч байхад шарлага хийж идээт буглааг улам идэвхижүүлсэн буруутай тул Зонне Дент эмнэлгээс гэм хорын хохиролд 2 107 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зонне Дент эмнэлгийн эмч Д.Уранжаргалын буруутай үйлдлийн улмаас 6 настай охин О.Сарангарав эрүүл мэнд, түүний сэтгэл санаанд хохирол учирсан болохыг нотолж чадахгүй байна. Эмчлүүлэгч охиныг 2015 оны 09 сарын 26-ны өдөр эмээ нь 09 сарын 27-ны өдөр ээж нь дагуулж ирж эмчилгээ хийлгэсэн бөгөөд 09 сарын 28-ны өдөр дахин ирж үзүүлэхийг зөвлөсөн. Түүнчлэн эмчлүүлэгчид эмчилгээ хийж дуусаагүй байхад дундаас нь тасалснаас үүдээд хүндрэл гарсан байх магадлалтай. Тиймээс Иргэний хуулийн 229.2-д гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ гэж мөн хуулийн 541 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учирахад буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгч гэм хор шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зонне ХХК-ийн Зонне дент эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2 107 500 төгрөг гаргуулах тухай А.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  О.Сарангаравын 2 шүд цоорсон /хорхой идсэн/, гэхдээ хацар нүүрний хэсэгтээ ямар ч хавдаргүй байхдаа Зонне дент эмнэлгээр 6 хоногийн хугацаанд эмчлүүлж, уг эмнэлгийн хяналтанд байхдаа охины хацар, нүүрээр хавдаж, эмчилгээний хүндрэл үүссэн нь хэргийн баримтаар нотлогдож байгаа. Үрэвслийн үе шатанд Зонне дент эмнэлгийн сонгож хийсэн эмчилгээний улмаас эмчилгээний хүндрэл бодитой үүсч, зөвхөн мэс заслын аргаар охиныг эмчлэх өөр аргагүй болсон нь Зонне дент эмнэлгийн буруутай холбоотой. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.23-ны өдрийн 1580 дугаартай дүгнэлтэд "...дээрхи идээт үрэвслийн процессын үед зүслэг хийх, шарлага хийх, эмийн эмчилгээ хийх гэх мэт эмчилгээний арга тактикийг эмч үрэвслийн үе шатанд нь тохируулан сонгоно" гэжээ.  Зонне дент эмнэлэг тухайн үрэвслийн үе шатанд тохируулж, охинд эмчилгээ хийгээгүйгээс эмчилгээний хүндрэл бодитой үүссэн. Дүгнэлтэд “..,ЭХЭМҮТ-д хэвтэх үеийн Сарангаравын шүдний үрэвслийн үе шат шарлага эмчилгээгээр эмчлэх боломжгүй үе шат байна" гэжээ. Гэтэл Зонне дент эмнэлэг 2015.09.25-наас 3 хоног буюу охиныг Эх нялхасын эмнэлэгт хэвтэх хүртэл шарлага эмчилгээ хийсэн. Тохирсон эмчилгээг хийгээгүй.  

             Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч А.Солонго нь хариуцагч Зонне дент эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2 107 500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...манай эмчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримт буюу охин О.Сарангаравыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Зонне дент эмнэлэгт үзүүлж, түр ломбо тавиулж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 3 хоног шарлага хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1580 дугаар дүгнэлтээр эмчилгээний арга тактикийг эмч үрэвслийн үе шатанд тохируулан сонгоно гэж заасан байх бөгөөд дүгнэлтийн 3 дах хэсэгт Сарангаравын шүдний үрэвслийн үе шат шарлага эмчилгээгээр эмчлэх боломжгүй үе шат болно гэж заажээ. /хх-ийн 69-70/ Дээрх дүгнэлтээр Зонне дент эмнэлгийн эмч нь эмчилгээний буруу арга тактикийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн охин О.Сарангаравыг хагалгаанд оруулах нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч Зонне дент эмнэлгийн ажилтны буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох эмийн зардал 17 500 төгрөг, хичээл завсардсан тул багш хөлсөлсөн  хөлс 300 000 төгрөг, Зонне дент эмнэлэгт үзүүлсэн төлбөр 40 000 төгрөг, өмгөөллийн хөлс 200 000 төгрөг, нийт 557 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зонне ХХК-ийн Зонне дент эмнэлгээс 557 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Солонгод олгож, үлдэх 1 550 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Зонне ХХК-ийн Зонне дент эмнэлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 17 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамбын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                     Ш.ОЮУНХАНД