Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0175

 

 

 

 

 

 

 

В-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа 

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э-н 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б

Хариуцагч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0319/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э-д холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э-н 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан В нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Энхтулгад холбогдох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э-н 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...В нь эрхийн улсын Ү-2204046781 бүртгэлийн дугаартай ......... тоот хаягт байрлалтай, 81.36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд “Ж” ХХК-иас худалдаж авсан. Улмаар “Ж” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийг барьж В-д худалдан борлуулж, тус үл хөдлөх эд хөрөнгө нь 99.50 м.кв болж өөрчлөгдөн улсын бүртгэлийн байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБ-01 маягтын дагуу гаргасан мэдүүлгийг гаргахдаа хууль болон журамд заасан өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг, дөрвөн талаас нь харуулсан болон хэмжээ өөрчлөгдсөн зураг, барилгын зураг төсөл зэргийг хавсаргаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

3.2. 2018 оны УБ-01 маягтын дагуу гаргасан мэдүүлэгт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан хуулийн шаардлага хангаснаас гадна, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.2.1-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн, эсхүл төрөөс хувьчилсан орон сууцны “ашигтай тайлбай”-аар тооцон хэмжээг нийт талбайн хэмжээгээр тооцон өөрчилж байгаа тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар”, 8.2.3-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол зураг төсөл”, гэж заасан хүрээнд холбогдох баримтыг хавсарган бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргасан байтал анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг үнэлээгүй. Эрхийн улсын Ү-2204046781 бүртгэлийн дугаартай, ........... тоот хаягт байрлалтай 99.50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргаан гарах болсон гол шалтгаан нь “М” ХХК-ийн захирал иргэн Ц.Д  нь өөрийн барилга байгууламжид дулаан хангаж авах зорилгоор гомдол гаргаж үүссэн байдаг. Гэтэл иргэн Ц.Д-н нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, холбогдох хууль тогтоомж зөрчиж, төрийн байгууллагуудад нөлөөлж, өөрийн хүсэл зоригоо гүйцэтгүүлсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч, үнэлж дүгнээгүй байна.

3.3. Захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2-д “бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах”, 18 дугаар зүйлийн 18.2-д “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэн Ц.Д нь гомдол гаргахдаа анхан шатны нэгж буюу Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэхгүйгээр шууд дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д-д гомдол гаргасан байдаг.

3.4. Анхан шатны шүүх “хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн өргөтгөлийг “Жн” ХХК-иас худалдаж авсан гэх боловч энэ нь “Ж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 14/109 тоот албан бичиг, гэрч М.Т-н мэдүүлэг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүргүүлэхээр хандсан.

            3.5. Гэтэл “У ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 07/2310 тоот албан бичгээр иргэн Ц.Д д олгосон “техникийн нөхцөл”-д дотоод хяналт шалгалт явуулахад холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр В нь хууль бусаар дур мэдэн барилга байгууламж барьсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль зөрчиж барилга барих битгий хэл Монгол улсын иргэн ч хууль зөрчин барилга байгууламж барих боломжгүй, бодит байдал дээр тухайн үед “Ж” ХХК-ийн захирал Ц.Х, менежерээр ажиллаж байсан М.Тэмүүжин нар нь дээрх өргөтгөлийг барьж, В-д худалдаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч байсан.

            3.6. Миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хийсэн О гэх улсын бүртгэгчийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр татгалзаж, оролцогчийн эрхийг хязгаарласан. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах” гэж зааснаар тухайн үед бодитоор ямар нөхцөл тогтоогдож байсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Гэтэл улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баримтлан бүртгэлийг хийсэн гэх тайлбарыг гаргасан байдаг. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэлийг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, тус сонсох ажиллагаанд манай өмгөөлөгч оролцсон ба нөхцөл байдлыг тодорхой тайлбарлан хэлсэн байдаг.

            3.7. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч В нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Энхтулгад холбогдуулан Бүртгэл хүчингүй болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Эд хөрөнгийг худалдан авсан бүртгэл хуульд нийцсэн байхад ...М” ХХК-ийн захирал нь хуулиар харьяалсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст өргөдөл, гомдол гаргахгүй урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шууд дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 552 дугаар дүгнэлтээр .... тоот хаягт байрлалтай, 99,50 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2018 оны өргөтгөлийн бүртгэлийг хүчингүй болгож, тус газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г-н 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 7/613 дугаар албан бичгээр Д.Б надад мэдэгдсэн...” гэж тайлбарлажээ.

2.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэхээр /81.36 м2/ зохих маягтын дагуу өргөдөл гаргасан байх бөгөөд холбогдох баримтыг хавсаргажээ.  Улмаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000235811 дугаар гэрчилгээг олгожээ.

2.4. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБ-01 маягтын дагуу талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэх шалтгаанаар дахин өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдсон байна.

2.5. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 552 дугаар дүгнэлтээр ...Өргөтлийн барилгыг бүртгүүлэх талаар дурдаагүй, мэдүүлэг болон Б ХХК-ийн хэмжилтэд дурдсан эд хөрөнгийн хэмжээ зөрүүтэй, өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг тусгаж баталгаажуулсан кадастрын зураг, барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн төлөөс нь бүрэн харуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтууд авагдаагүй болох нь хувийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэж, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204046781 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11-1328072 дугаар мэдүүлгээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            2.6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж, 4.1.5“нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана”, 13.2.1-д “өргөдөл”, 13.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг”, 13.2.4-д “барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.2.5-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7“Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заажээ.

            2.7. Мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2-т зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт дараахь нотлох баримтыг хавсаргана” гээд,  8.2.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн, эсхүл төрөөс хувьчилсан орон сууцны “ашигтай талбай”-гаар тооцсон хэмжээг нийт талбайн хэмжээгээр тооцон өөрчилж байгаа тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар”, 8.2.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол зураг төсөл”, 8.2.4-д “үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн бол хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэ тогтоолгосон баримт бичиг” гэж, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэж тус тус заасан.

            2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБ-01 маягтын дагуу гаргасан мэдүүлгийг гаргахдаа дээрх хууль болон журамд заасан өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг, дөрвөн талаас нь харуулсан болон хэмжээ өөрчлөгдсөн зураг, барилгын зураг төсөл зэргийг хавсаргаагүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 552 дугаар дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            2.9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ...үл хөдлөх хөрөнгийг Ж ХХК-иас худалдан авсан. Ж ХХК нь тус өргөтгөлийг барьж В- худалдан борлуулсан дурьдсан байх боловч хавтаст хэрэгт цугларсан “Ж ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжэээ ТӨХК-д хүргүүлсэн ...В нь 100 байрны 01 тоотын 86 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан нь үнэн. Гэвч манай эзэмшлийн газар дээр манай байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хууль зөрчин өргөтгөл барьсан гэх 14/109 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн 2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гэрчилгээ хүссэн хүсэлт, мэдүүлэг, түүнд хавсаргасан схем зураг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна. 

2.10. Хариуцагчаас шүүх хуралдаанд ... дээрх алдаагаа засаад хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй.

            2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

              ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ