| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01227/и |
| Дугаар | 1209 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1209
|
|
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1 дүгээр гудамжны 699 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЗЮ 74030910, Балбар овогт Арилдийгийн Баярсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 3 өөрийн байранд байрлах, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 2 305 350 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05239 тоот шийдвэрээр намайг эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тооцож 2 644 012 төгрөг олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.Би давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан тул энэ хугацааны цалинг хариуцагч талаас гаргуулахыг хүсэж байна.Нийт ажлын 194 хоногоос 104 хоногийн цалин болох 2 664 012 төгрөгийг гаргуулан авсан.Үлдэгдэл 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 90 хоногийн цалин 2 305 350 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Баярсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05239 тоот шийдвэрээр намайг эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тооцож 2 644 012 төгрөг олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.Намайг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ажилд эргүүлэн авсан.Иймд би 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж байна.Миний нэг өдрийн цалин 25 615 төгрөг ба ажлын 90 хоногийн цалинд 2 305 350 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр А.Баярсайханыг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2 664 012 төгрөгийг олгосон.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул А.Баярсайханы нэхэмжлэлд дурдсан цалин гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баярсайхан хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 2 305 350 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 102/ШШ2016/05239 дугаар шийдвэрээр А.Баярсайханыг МҮОНРТелевизийн захиргаа үйлчилгээний хэлтсийн мужааны ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 664 012 төгрөгийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс гаргуулан А.Баярсайханд олгож шийдвэрлэсэн байна.
Энэхүү шүүхийн шийдвэрийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 49 дүгээр тушаалаар А.Баярсайханыг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилж, түүнтэй 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 102/ШШ2016/05239 дугаар шийдвэрийг биеүүлэхгүй, А.Баярсайханыг ажлаар хангаагүй болох нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз төлөх үүрэгтэй байна.
А.Баярсайханы ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалинг 25 615 төгрөгөөр тооцож, ажлын 84 хоногийн олговорт хариуцагч байгууллагаас 2 151 660 төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 153 690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Мөн ажил олгогч байгууллага нь ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутам зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй байдаг тул А.Баярсайханы дээрх ажилгүй байсан хугацааны шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвэтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 49 376 төгрөгийг гаргуулан А.Баярсайханд олгож шийдвэрлэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд шүүх хуралдааныг товыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс 2 151 660 /хоёр сая нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран/ төгрөгийг гаргуулан А.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 153 690 /нэг зуун тавин гурван мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан А.Баярсайханы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 840 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 49 376 /дөчин есөн мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Баярсайханд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН