Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ч.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ч-н Ө-д холбогдох эрүүгийн 2128000160043 дугаартай эрүүгийн хоёр хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...........................;

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 33-32 ӨМЭ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Хүрмэн сум руу явах чиглэлийн засмал замын 1.7 дахь километрт явган зорчигч Ч.Б-г мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрдэнэт хүний амь насны талаар яригдаж байна. Би маш их харамсаж гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид эхээс тавуулаа. Манай талийгаач хашаандаа байшин барьж байсан. Барилгын материал цуглуулах ажилтай байсан боловч гадаа цаг агаар хүйтэн байсан учраас өөрийнх нь машин асаагүй миний машиныг авч унаж байгаад орой 17-18 цагийн үед миний машиныг авч ирж өгөөд манай ангийн хүүхдийн төрсөн өдөр болж байгаа очоод ирье гэж хэлээд явсан. Миний дүү ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Би орой ажлаасаа тарж гэртээ хариад унтаж байхад манай охин намайг шөнийн 02 цагийн үед дуудаж цагдаагийн газар очсон. Үүнээс цааш юу болсон талаар би сайн санахгүй байна. Мэдээж өсвөр насны хүүхэд эхийнхээ хайрыг үзэж чадсангүй. Залуу сайхан дүүгээ алдсандаа гомдолтой байна. Оршуулгын зардал 15.750.000 төгрөгийг төлсөн. Өнөөдөр өглөө сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг мөн орж ирсэн. Манай талийгаач ногоо тарьж амьдардаг байсан. Ногоо тарихдаа зээл хийсэн байсан. Энэ зээлийг бид нар төлөх боломжгүй учраас үлдсэн зээлийг төлүүлэх хүсэлтэй байгаа. Сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. 200.000.000 төгрөгийг төлбөр гэж болохгүй байгаа. 2 хүүхдийн ирээдүйн сайн сайхан, төлөвшлийг олох насандаа байгаа хүүхдүүд маш хэцүү байгаа. Дотогшоо дуугүй болсон. Миний эх гэнэт хараагүй болсон. Маргааш Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох ёстой. 2 хүүхдийн сэтгэл санаа маш хэцүү байгаа. Эцэг нь байгаа ч гэсэн хөдөө явж газар хагалж амьдралаа залгуулдаг гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-н мэдүүлэгт: Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээр байж байхад манай дүү талийгаач Ч.Б машин асахгүй байна гэрт ирээд холбоод асаагаад өгөөч гэж утсаар дуудсан юм. Би явж очоод машиныг нь асаах гэсэн чинь асахгүй байсан манай нөхөр машиныг нь үзээд свеча нь бохирдсон байна гэсэн. Манай дүү би гадуур явах ажилтай байна машинаа өгчих гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ хүргүүлж буугаад машинаа өгөөд явуулсан. 15 цагийн үед талийгаач над руу залгаад машинаа авах уу хэрэг болж байна уу гэсэн би хэрэг болохгүй байна гэж хэлсэн. Орой 17-18 цагийн хооронд над руу дахин залгаад машиныг чинь авч ирээд тавьчихлаа түлхүүрийг чинь жижүүр дээр тавьсан байгаа гэж хэлсэн. Би чиний ажил болчихсон юм уу би хүргэж өгөх үү гэсэн чинь би ангийхантайгаа явж байна гэсэн. Яах гэж байгаа юм гэсэн чинь манай ангийнхан нэг уулзах гэж байгаа юм гэж хэлсэн. Түүнээс хойш дахин талийгаачтай яриагүй бөгөөд би гэртээ би 22 цаг өнгөрч байхад гэртээ хариад амарсан 02 цагийн үед манай нөхөр талийгаачийг аваарт орсон талаар хэлсэн юм гэжээ. /1-р хх-57-58/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-н мэдүүлэгт: Би нийт оршуулгын зардалд гарсан 15.750.000 төгрөг баримтаар гаргаж өгч нэхэмжилсэн үүнээс 11.500.000 төгрөг төлөгдсөн байгаа. Одоо үлдэгдэл 4.250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талийгаачийн нэр дээр байгаа “Гялс төгрөг” ББСБ-ын зээлийн үлдэгдэл 6.201.652 төгрөгийг төлүүлмээр байна. Сэтгэл санааны хохирол болох 200.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ. /хх-67/,

Гэрч Ж.О-н мэдүүлэгт: Ч.Ө бид хоёр 1 жил орчим үерхэж байгаад 2020 оны 11 дүгээр сарын дундуураас эхлэн бид хоёр хамтран амьдарч байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагт Ө намайг ажлын гадаа өөрийн машинтайгаа ирж авсан юм. Намайг авахаар ирэхдээ Алтан-Очир гэдэг найзынхаа хамтаар ирж авсан бөгөөд намайг аваад гэрт хүргэж өгөөд Алтан-Очирыг гэрт нь хүргэж өгөөд ирнэ гээд гэрээс гараад явсан. 21 цаг өнгөрч байхад Ө над руу залгаад эгчийн төрсөн өдөрт хоёулаа хамт очно би гэрийн ойролцоо байна би жаахан уусан байна чи машин барьж яваарай гэж хэлсэн. 23 цагийн үед гэрт архи үнэртүүлсэн байдалтай их бухимдалтай орж ирчихээд за эгчийн гэр рүү явъя гэсэн. Би хувцсаа өмсөөд бид хоёр хамт гараад би машин бариад Ө-н эгчийн гэр рүү явсан юм. Эгчийн гэр рүү явж байх замдаа Ө надад хандаад чи намайг гэрээс гарахгүй хорьж байна гэх мэт зүйл ярьсан түүнээс болоод бид хоёр маргалдсан тэгж яваад Ө-н эгчийн хашаанд орж зогссон. Би замдаа Өтой маргалдаж явах үедээ уйлсан бөгөөд эгчийн хашаанд ороод би жаахан тайвширч байгаад оръё би ийм байдалтай танай эгчийн гэрт орохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө тэгвэл хоёулаа энд тайвшрахгүй ээ гэж хэлээд намайг ард ороод суучих гэж хэлсэн. Тэгээд Ө машины жолоон дээр ороод суухаар нь чи бариад хэрэггүй гээд түлхүүрийг нь авах гээд зууралдсан чинь машинаа асаагаад хашаанаас гараад Хүрмэн явдаг замаар давхисан. Давхиж явах замдаа намайг загнаад байсан би юу ч дуугарахгүй явсан. Тэгж явахад хурд сааруулагч таарсан тэр хурд сааруулагч даваад чигээрээ засмал замаар дээшээ явсан. Явж байхад нэг машины гэрэл зөрсөн тэр гэрэл зөрөх үед тормослосон. Тэгсэн түс гээд явчихсан. Тэгээд зогссон. Зогсох үед нь би Ө-г тормослоод өөрөө цонхоо мөргөчихлөө гэж бодоод сууж байхад Ө яанаа би хүн дайрчих шиг боллоо гээд уйлсан. Би машинаас буугаад харсан чинь нэг машин цаашаа буюу аймаг руу хараад зогсож байсан тэгсэн нэг ах алхаад манай машины хажууд ирээд та нар юу хийчих вэ, юу болчих воо гэж хэлсэн. Тэр үед би сандраад юу болсон бэ ахаа гэсэн. Тэгээд нөгөө ахын хамтаар алхаад талийгаачийн цогцос байгаа газар очсон. Би тэр цогцост хүрсэн чинь тэр цогцос хөдлөхгүй нас барсан юм шиг байсан. Би тухайн үед нь орилоод сууж байхад Ө машинаасаа буугаад ирж байгаа харагдсан Ө зайнаас харчихаад буцаад яваад өгсөн тэр үед нөгөө надтай уулзсан ах миний хажууд байсан бөгөөд тэр ахаас архи их үнэртэж байсан. Тэр ах буцаж машиндаа очиж суугаад тэр газар дээр эргээд талийгаачийн цогцос руу машины гэрлээ тусгасан. Тэр үед би эмэгтэй хүн байна гэж мэдсэн. Би буцаад машин руугаа явж байх үед миний гар утас дуугарсан би утсаа авсан чинь ах нь байна та хоёр хаана байна гэхээр нь би өмнөөс нь Ө хүрмэн явдаг засмал зам дээр хүн дайрчихлаа нөгөө хүн нь нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн... Хурд сааруулагч даваад дээшээ явж өмнө талд зам дээр гэрэл гараад машин байгаа харагдсан. Тэр машинтай зөрөх агшинд тормослоод би арын суудалд сууж явсан болохоор урдах сандлаа мөргөсөн. Тэр үед түс гээд явчихсан юм. Түүний даараагаар Ө хүн мөргөчих шиг боллоо гэхээр нь би машинаас буугаад ирэхэд нөгөө машин цаашаа буюу аймаг руу хараад зогсож байгаа байдалтай байсан. Тэр машинаас нэг ах буугаад ирчихсэн та нар юу хийчих вэ гээд байсан. Тэр машиныг би бол удаан явж байсан байх гэж бодож байна. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр тэр машин сүүлд нь эргэж хараад зогссон юм гэжээ. /1-р хх-68-70/,

Гэрч С.С-н мэдүүлэгт: Би 2020 оны 11 дүгээр сард хүнд машин механизмын оператороор Даланзадгад сумын Политехник коллежид 21 хоног сурч төгссөн юм. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн үед Политехник коллежид хамт сурч байсан Э-н дугаараас дуудлага ирсэн би утсаа аваад ярьсан чинь Э-н дугаараар талийгаач Б яриад танай байрны урд талын зогсоол дээр ирсэн байна гараад ир гэж хэлсэн. Би гараад очсон чинь талийгаач С-RV маркийн машинд Э-н хамтаар сууж байсан. Тэгээд он гарснаас хойш уулзсангүй өнөөдөр орой хэдэн пиво ууя гэж хэлсэн. Тэгээд намайг чи машинаа унаад араас дагаад явчих би эгчийн машиныг аваачиж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд би зогсоол дээрээс өөрийн машинаа унаад араас нь дагаж явсан чинь Удирдлагын ордны зүүн талын Цэцэрлэгийн гадаа очиж зогсоод Цэцэрлэг рүү орж машины түлхүүр өгнө гээд явсан. Төд удалгүй эргэж гарч ирээд миний машинд суугаад одоо хэдүүлээ Ц-н гэрт очъё тэнд пиво ууцгааж байгаа гэж хэлсэн. Дундсайханы 1-33 тоотод байх Ц-н гэрт яваад очиход Ц хашаандаа өөрийн машин дотор Г, Г-н эхнэр Ж гэдэг эмэгтэй нарын хамтаар пиво уугаад сууж байсан. Бид нар хашаанд нь ороод Ц-н машинд суухад бид гуравт лаазтай сэрүүн нэртэй пиво гаргаж өгсөн би 2 лааз пиво уусан Э, талийгаач хоёр мөн пиво уусан хэдэн пиво уусныг нь мэдээгүй. Тэнд сууж байхад Ц-н утас нь дуугарсан чинь утсаар ярьчихаад гарах ажилтай болчихлоо гээд гэрээсээ охиноо дуудаад явахаар болсон. Бид нар миний машинд шилжиж сууцгаасан манай машинд орж ирэхэд хүмүүсийн пиво дуусч байсан учраас би пиво авахаар болоод машинаараа яваад Хүрмэн гэдэг хүнсний дэлгүүр ороод 10 ширхэг лаазтай сэрүүн нэртэй пиво авсан. Тэгээд эргээд нөгөө хашаа руу орох гээд явсан. Талийгаач айлын эзэнгүй хашаанд ороод яах юм бэ тал руу гаръя гэж хэлсэн. Би Хүрмэн явдаг засмал замаар чигээрээ баруун урагшаа явж байгаад хурд сааруулагчаар даваад 1 км орчим газар яваад баруун эргэж тал дээр гарч зогссон тэнд нөгөө пивоо уугаад нэлээн удаан сууцгаасан. Талийгаач дуулаад байсан. Миний хувьд 3-4 пиво уусан бусад хүмүүс хэдэн пиво уусныг мэдээгүй. Хэсэг тал дээр сууж байгаад буцахаар болоод засмал зам руу орох гэж яваад засмал тул ирээд замын хойд талын шуудуунд урд дугуй орчихсон чинь гарахгүй байсан. Тэгэхээр нь нөгөө хэдээ буулгаад түрүүлсэн чинь дийлдэхгүй байхаар нь би таньдаг ах Охиндүү рүү залгаад цасанд суучихлаа ирээд гаргаад өгөөч гэсэн чинь нэг их удаагүй ирээд миний машиныг татаад цаснаас гаргаж өгсөн. Би цаснаас гараад засмал зам дээр гараад замын урд тал руу шахаж зогсоод чирэгчийг нь салгаж өгөөд ахад баярлалаа гэж явуулчихаад араас нь хөдлөөд явсан чинь нэг л согтоод байх шиг байсан. Тэгэхээр нь замын урд тал руу шахаж зогсоод нөгөө ахыг дуудъя гэж бодоод утсаа халааснаас гаргасан чинь утсаа алдчихсан. Миний утас суудлын доогуур орчихсон. Утсаа авах гээд суудал доогуураа тонгойж байхад миний машинд сууж байсан хүмүүс бууж шээнэ гэж яриад байсан. Утсаа аваад залгах гэж байхад хүмүүс орилолдоод явчихсан. Би машинаас гараад ирсэн чинь талийгаач замын хойд талд газар хэвтэж байсан цаана нь зам дээр жижиг тэрэг цаашаа хараад зогсож байсан. Би талийгаач дээр очоод талийгаачийн үсийг нүүрнээс нь холдуулсан чинь талийгаач ер нь амьд байх янзгүй байсан. Цаад машины тэндээс нэг эмэгтэй орилоод байсан. Би та нар яаж байгаа юм бэ хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд чи машин барьж явсан юм уу гэсэн чинь үгүй манай хүн гэх шиг болсон. Тэгээд эргэж машиндаа суугаад машинаа хөдөлгөөд талийгаач руу гэрлээ тусгасан тэр үед машинд байсан хүмүүс орилолдоод байхаар нь би аймаг руу чигээрээ яваад аймгийн захад дөхөж ирээд нөгөө хэдийг буулгаад би өөрөө эргээд осол болсон газар руу явсан намайг эргээд очиход цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгсэн нэг цагдаа надаас чи юун хүн бэ гэсэн тэгэхээр нь би хамт явсан хүн нь байна гэсэн чинь намайг цагдаагийн газар руу аваад явсан ийм зүйл болсон юм гэжээ. /1-р хх-77-78/,

Гэрч И.Э-н мэдүүлэгт: Би 2020 оны 11 дүгээр сард хүнд машин механизмын операторын сургалтанд Даланзадгад сумын Политехник коллежид 21 хоног сурч төгссөн юм. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зар үзэж байгаад боорцог хийлгэнэ гэсэн зар байсны дагуу нөгөө хүнтэй ярьсан чинь уулзъя гэсэн. Тэгээд гэртээ байж байхад Ц гэдэг хамт сурсан эгч над руу залгасан. Та хүрээд ирээч надад Дундсайхан орох ажил байна гэж хэлсэн чинь удаагүй манайд Ц эгч хүрээд ирлээ гэсэн би гэрээс гараад Ц эгчийн машинд суухад Ц эгч нэг эгчийн хамтаар явж байсан. Тэгээд би машинд нь суугаад нөгөө боорцог хийлгэх хүнтэйгээ ярьсан чинь 17 цаг 30 минутын үед хүрээд ир гэсэн. Би Ц эгчтэй хамт яваад гэрийн хашаанд нь очсон. Ц эгчтэй хамт явж байсан эгч уурхайд оператор хийдэг гээд тэгдэг ингэдэг гээд юм яриад байсан. Тэгж байхдаа би талийгаач Б эгч рүү залгаж энд уурхайд ажилдаг оператор байна та юу хийж байсан гэх зэргийн юм ярьсан. Тэгж байгаад 17 цаг 30 минутын үед Ц эгч бид хоёр яваад нөгөө боорцог хийлгэх хүнтэйгээ уулзчихаад гэрээс нь гараад ирсэн чинь талийгаач Б над руу залгасан би утсаа авсан чинь хаана байна эгч нь одоо завтай болчихлоо Цоглог дэлгүүр дээр уулзъя гэсэн. Тэгээд Ц эгч бид нар Цоглог дэлгүүр дээр яваад очиход талийгаач Б эгч хажууд ирээд зогссон. Намайг машинд суучих гэсэн. Б эгч бид хоёр тэндээс хөдлөөд явж байхад талийгаач Б эгч С руу залгаатах гэж хэлсэн би С руу залгасан чинь С утсаа авсан чинь Б эгч Сийг гараад ир Э бид хоёр танай гадаа ирж байна гэж хэлсэн. 45-р байрны гадаа очоод зогсож байхад С удаагүй гараад ирсэн Стой уулзсан чинь Б эгч Сийг машинаа авчих би эгчийн машиныг хүргэж өгөхгүй бол болохгүй байна гэсэн. Б эгч бид хоёр Сийг машинтай нь дагуулж яваад Говь сэндсийн ар талын Цэцэрлэгийн гадаа очиж зогсоод намайг буугаад С-н машинд суучих би машины түлхүүрийг эгчид өгчихөөд гараад ирье гэсэн. Би С-н машинд ороод суухад Б эгч түлхүүр өгчихөөд ирлээ гээд гарч ирээд С-н машинд суусан. Бид гурав тэндээс хөдлөөд Ц эгчийн гэрийн хашаанд очиход Ц эгч хамт явж байсан хүүхэн бас нэг ахын хамтаар машиндаа сууж байсан. Бид гурав Ц эгчийн машинд шилжиж суугаад пиво уугаад юм яриад сууцгаасан нэлээд суусан дараагаар Ц эгчийн утас нь дуугарсан чинь би ажил гарчихлаа явахгүй бол болохгүй байна гэсэн. Бид нар буугаад С-н машинд шилжиж суусан. Бид нар Ц эгчийн хашаанаас гараад Хүрмэн гэдэг нэртэй хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүр рүү С ороод 10 ширхэг лаазтай пиво аваад гарч ирээд машиндаа суусан. Пивоо хаана уух вэ гэж байгаад ийшээ тал руу гараад уучихъя гээд Хүрмэн сум явдаг засмалаар аймгаас баруун урагшаа гарч хэсэг явж байгаад замын хойд тал руу гарч зогсож юм яриад пиво ууцгаасан. Тэнд пиво уугаад хэсэг болсон. Тэгж байгаад буцахаар болоод зам руу орохоор явж байгаад замын хойд талд цасанд суусан бид нар бууж түрсэн боловч машин гарахгүй байсан. С хүн дуудъя гээд нэг хүн дуудсан удаагүй нэг машинтай хүн ирээд бид нарын сууж байсан машиныг чирээд гаргаж өгчихөөд явсан бид машинаа цаснаас гаргаад засмал зам руу гараад С машинаа засмал замын урд хэсэг рүү шахаж зогсоод хүн дуудахгүй бол болохгүй гэсэн. Утас суудлын завсраар уначихсан гээд доошоо тонгойгоод утсаа авах гээд ухаад байсан тэр үед манай машины хүмүүс бие засна гээд гарсан. Тэгж байхад аймаг талаас нэг машины гэрэл гарч байгаа харагдаж байсан тэр машин бид нарын хажуугаар гараад явах шиг болсон би нөгөө машиныг толинд харсан чинь зогсчихсон харагдахаар нь хаалга нээгээд харсан чинь зам дээр хоёр цагаан гутал хэвтэж байсан. Тэгээд юу болчихвоо гээд С руу орилсон чинь гадаа хүмүүс орилолдоод явчихсан. Тэрнээс хойш юу болсон нэг их сайн мэдэхгүй байгаа юм... гэжээ. /1-р хх-81-82/,

Гэрч Б.Г-н мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг бөгөөд Даланзадгад суманд Цогтцэций сумаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Жын хамтаар ирж Дундсайханы 6-6 тоотод байдаг эгчийндээ бууж тэнд 2 хоносон юм. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Ж гадуур дэлгүүрээр явна гээд гарсан. Миний хувьд бол хамт яваагүй Очоо гэдэг найзындаа очиж нэг лааз пиво уучихаад байж байхад манай эхнэр дэлгүүрээр яваад болчихлоо хаана байна гэхээр нь би Очоогийнд байна гэж хэлсэн. Намайг очиж аваад эхнэрийн найз Д-н гэрт очсон чинь Э гэдэг хүүхэн байсан чинь гаднаас С, тэр талийгаачийн хамтаар хүрээд ирсэн. Д-н хашаанд хүний нэг нэг пиво ууцгаасан тэрийг ууж дуусгаад тал руу гарахаар болсон тал руу гарахад Д явахгүй гээд гэртээ үлдсэн бид нар С гэдэг залуугийн машинтай 5 уул явсан юм. 5 хүнд нь манай эхнэр Ж, Э, С, талийгаач болон миний бие явсан юм. Бид нар Д-н гэрээс гараад нэг дэлгүүр ороод 10 лаазтай пиво С авсан. С машинаа бариад Хүрмэн явдаг засмал зам руу яваад нэг хэсэг явж байгаад хойшоо засмалаас салаад тал дээр гарч зогсож бид нар пиво ууцгаасан бид нар тал дээр 1 цаг орчим болсон байх. Пиво ууж дуусгаад буцаж яваад засмал зам дээр гараад Даланзадгад руу бага зэрэг явж байгаад бүгдээрээ эрүүл жолооч дуудъя гээд зогсоод С утсаа хайж байсан чинь талийгаач бие засна гээд машинаас буугаад явсан. Тэгж байхад хажуугаар нэг машин Хүрмэн сумын чиглэлд гарах шиг болсон тэгсэн удалгүй л нэг эмэгтэй хүн чарлаад явчихсан. Тэгсэн С машинаа хөдөлгөөд юу болчихов гээд эргэсэн. Тэгээд дайруулчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь машинд байсан манай эхнэр Ж, Э хоёр чарлалдаад явчихсан. С та нар битгий намайг сандаргаад бай гэж хэлээд би ерөөсөө та нарыг буулгаад буцаж ирнэ гээд аймаг руу явсан. Бид нарыг аймгийн зах дээр буулгаж орхиод яваад өгсөн. Э нөхрөө дуудаад нөхөр нь бид нарыг ирж авсан юм. Эхнэр бид хоёр Дундсайханы 6-6 тоотод очиж бууж үлдсэн. Эгчийн гэрт ирээд унтаж байхад цагдаа нар 03 цагийн үед ирж бид нарыг авсан ийм зүйл болсон юм гэжээ. /1-р хх-85-86/,

Гэрч Б.А-н мэдүүлэг: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад Ө-н эхнэр О над руу залгаад Ө бид хоёр хамт явж байгаад Хүрмэн явах засмал зам дээр хүн мөргөчихлөө хүрээд ир гэж хэлсэн. Би Батгэрэл гэдэг манай эхнэрийн дүүгийн нөхрийн хамтаар ослын газар руу явсан. Ослын газарт буюу Хүрмэн явдаг засмал замаар яваад очиход Ө, О нар машиндаа сууж байсан. Замын хойд талд талийгаач газар хэвтэж байсан хажууд нь нэг эрэгтэй хүн байсан. Би тэр хүнээс хамт явж байгаа юм уу гэсэн чинь би хамт яваагүй гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгсөн юм уу гэсэн чинь үгүй гэхээр нь би цагдаагийн 7053102 дугаар руу залгаж осол гарсан байгаа талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн машин ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-88/,

Гэрч С.Жын мэдүүлэгт: Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз Г-н хамт унаанд нь суугаад Даланзадгад суманд очсон юм. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би багын найз Цийг дуудаад намайг ирээд аваатах гэсэн юм. Би Цтэй уулзаад явж байгаад Ц-н найз гэх Амараа гэх хүүхнийг аваад Гийг өөр нэг айлаас аваад Ц-н гэр рүү явж байх замдаа Амараа гэх эмэгтэй Цоглог дэлгүүрийн гадаа буулгаад Ц, Г бид 3 Ц-н гэрт нь очсон юм. Гэрт нь очоод удаагүй байж байтал нөгөө Амараа гэх эмэгтэй С, талийгаач эмэгтэй хамт гурвуулаа Сгийн машинтай хүрээд ирсэн юм. Тэгээд Ц ажилтай гээд гэрээсээ гараад яваад өгсөн юм. Бид нар бүгдээрээ Сгийн машинд суугаад хүргүүлэх гээд гарсан чинь С Амараа талийгаач гурав Г бид хоёрыг оператор мэргэжилтэй гэдгийг мэдээд туршлага судалъя гээд ярьж байсан. Тэгээд дэлгүүрээр хүн тус бүрийн 2 ширхэг лаазтай пиво аваад аймгаас Хүрмэн сум руу явах зам руу гараад машиндаа сууцгаагаад юм яриад пиво ууцгаасан юм. Тэнд 40 орчим минут болсон юм. Тэнд машинаа цасанд суулгаад С найзыгаа дуудаад машинаа засмал зам дээр гаргаад зогсож байтал талийгаач бие засмаар байна гээд машинаас буусан юм. Тэгээд удаад байхаар нь яасан юм бол гээд машинаа эргүүлээд харсан чинь талийгаач замын голд гутал нь сугарсан байдалтай хэвтэж байсан юм. Тэгээд би айгаад С машинтайгаа Г Амраа бид гурвыг аймгийн зах руу оруулж буулгаад явсан юм. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-93-95/,

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ч.Б-н цогцост баруун, зүүн талын олон хавирганы нэг бол хоёрлосон хугарал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны тасрал, бүсэлхийн L2-L3 нугалмын хугарал, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд шарх, зүүн мөр, зүүн шуу, баруун ташаан толгой, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Ч.Б-н биед үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ч.Б нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /1-р хх-99-102/,

  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: Ч.Ө-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-105-106/,

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: Ж.О-н бие гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-109-110/,

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Toyota Mark-2 маркийн 33-32 ӨМЭ улсын дугаартай автомашины жолооч Ч.Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Зэм тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглалаас харахад жолооч Ч.Ө нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.

Явган зорчигч Ч.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “...Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”  гэх заалтыг зөрчсөн.

Corolla Axio  маркийн 85-71 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Н.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн 3 заалт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан/ хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

33-32 ӨМА улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй.

Учир нь зам тээврийн ослын схем зураглал дээр уг автомашины тормосны мөр байхгүй байна.

Зам тээврийн осол нь жолооч Ч.Ө-н буруутай үйлдэл болох замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтыг зөрчсөнөөс гарсан. Хавтаст хэрэгтэй танилцахад явцад гэрчээс авсан мэдүүлэг, тэмдэглэлүүдэд жолооч Ч.Ө, жолооч Н.С нар нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а жолоочид “Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг хоёулаа зөрчсөн байна гэжээ. /1-р хх-114-115/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол болон ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй /гэрлийн ламп асаж байгаа/, баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй байна.

Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч хагарсан, урд буфер баруун гар талын хэсгээрээ хагарч унасан, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарч суурь рам нь хэв гажилтанд орсон, копуд баруун гар талын хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр нугарч хумигдсан мөн угийн хэсгээрээ хонхойсон, баруун гар талын урд под крыло урагдаж тогтоогч сэтэрсэн зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Уг автотээврийн хэрэгсэл нь шингэнт гидро жолоодлогын болон шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийг суваг дээр үзлэг хийхэд явах анги гэмтэлгүй. Зүүн болон гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангасан. Зүүн болон баруун гар талын хойд дохионы гэрэл, зүүн гар талын урд дохионы гэрэл зэрэг нь бүрэн ажиллаж байна. Харин баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй байна.

Урд салхины шил цөмөрч хагарсан, копуд баруун гар талын хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ тохиргоо /гэрлийн ламп асаж байгаа/ алдагдсан, урд буфер баруун гар талын хэсгээрээ хагарч унасан, баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарч суурь рам нь хэв гажилтанд орсон, баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр нугарч хумигдсан мөн угийн хэсгээрээ хонхойсон, баруун гар талын урд под крыло урагдаж тогтоогч сэтэрсэн зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослоос үед үүссэн байна. Тухайн эвдрэл, гэмтлүүд нь ослоос үед үүссэн байх тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /1-р хх-120-123/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 256 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 1.500.000 төгрөг гэжээ. /1-р хх-126-127/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жолооч Ч.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Явган зорчигч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн.

Кролла Аксио маркийн 85-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4 дэх хэсэгт заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана” гэсэн заалтыг зөрчиж ойрын гэрлээ асааж зогссон байна. Энэ нь Н.С-н гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.    

Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт, фото зургаар 33-32 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн тормосны мөр үүсээгүй нь нотлогдож байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.

Жолооч Ч.Ө нь эсрэг урсгалд зогссон автомашины гэрэлд нүд гялбах, гялбасны улмаас зам орчны байдлыг бүрэн харах боломжгүй нөхцөл байдалд орсон байх боломжтой эсэх нь тухайн жолоочийн нүдний хараа, автомашин жолоодсон туршлага, тухайн нөхцөлд гаргах самбаачлах хугацаа, оновчтой шийдвэр зэргээс шалтгаалах тул уг асуултанд хариулах боломжгүй.

Хэрэв Ч.Ө нь өөдөөс туссан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд гялбуулж үзэгдэх орчин нь хязгаарлагдсан тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т зааснаар “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн арга хэмжээг авч, тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох байсан. Жолооч Ч.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7-ийн а/ дахь заалт, талийгаач явган зорчигч Ч.Б нь мөн дүрмийн 5.6 дахь заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан болсон гэжээ. /1-р хх-133-135/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Чинба. Б 41н/эм Даланзадгад сум 8/I” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.4 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-141-142/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-6-8/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-10-40/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-41-42/,

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-43/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-44-55/,

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-56/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-57/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-60/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар /1-р хх-156/,

Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрын тодорхойлолт /1-р хх-157/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-158-159/,

Соёлын тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар /1-р хх-160/,

Жуух бичгийн хуулбар /1-р хх-161-163/,

Нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-164-170/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-171/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /1-р хх-173-178/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-184/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-186-187/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-188/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-190-191/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх-192-193/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-195-196/,

Нас барсны гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-199/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-202/,

Хохирлын баримт /1-р хх-203-247/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /1-р хх-248-250, 2-р хх-1-2/,

Хохирол төлбөр төлж барагдуулсан талаар Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /2-р хх-6-12/,

Хохирлын талаарх өргөдөл /2-р хх-15/,

Зээлийн дансны хуулга, зээлийн эргэл төлөлтийн хуваарь /2-р хх-16-18/,

Зээлийн гэрээ /2-р хх-19-27/,

П.Эийн хүсэлт /2-р хх-32/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Ө-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ө-н гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 33-32 ӨМЭ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Даланзадгад сумаас Хүрмэн сум руу явах чиглэлийн засмал замын 1.7 дахь километрт явган зорчигч Ч.Б-г мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон болох нь гэрч Ж.О-н “ ...хурд сааруулагч таарсан тэр хурд сааруулагч даваад чигээрээ засмал замаар дээшээ явсан. Явж байхад нэг машины гэрэл зөрсөн тэр гэрэл зөрөх үед тормослосон. Тэгсэн түс гээд явчихсан. Тэгээд зогссон. Зогсох үед нь би Ө-г тормослоод өөрөө цонхоо мөргөчихлөө гэж бодоод сууж байхад Ө яана аа би хүн дайрчих шиг боллоо гээд уйлсан. Би машинаас буугаад харсан чинь нэг машин цаашаа буюу аймаг руу хараад зогсож байсан тэгсэн нэг ах алхаад манай машины хажууд ирээд та нар юу хийчих вэ, юу болчих бэ гэж хэлсэн. Тэр үед би сандраад юу болсон бэ ахаа гэсэн. Тэгээд нөгөө ахын хамтаар алхаад талийгаачийн цогцос байгаа газар очсон. Би тэр цогцост хүрсэн чинь тэр цогцос хөдлөхгүй нас барсан юм шиг байсан. Би тухайн үед нь орилоод сууж байхад Ө машинаасаа буугаад ирж байгаа харагдсан Ө зайнаас харчихаад буцаад яваад өгсөн тэр үед нөгөө надтай уулзсан ах миний хажууд байсан бөгөөд тэр ахаас архи их үнэртэж байсан. Тэр ах буцаж машиндаа очиж суугаад тэр газар дээр эргээд талийгаачийн цогцос руу машины гэрлээ тусгасан. Тэр үед би эмэгтэй хүн байна гэж мэдсэн. Би буцаад машин руугаа явж байх үед миний гар утас дуугарсан би утсаа авсан чинь ах нь байна та хоёр хаана байна гэхээр нь би өмнөөс нь Ө хүрмэн явдаг засмал зам дээр хүн дайрчихлаа нөгөө хүн нь нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн... Хурд сааруулагч даваад дээшээ явж өмнө талд зам дээр гэрэл гараад машин байгаа харагдсан. Тэр машинтай зөрөх агшинд тормослоод би арын суудалд сууж явсан болохоор урдах сандлаа мөргөсөн. Тэр үед түс гээд явчихсан юм. Түүний даараагаар Ө хүн мөргөчих шиг боллоо гэхээр нь би машинаас буугаад ирэхэд нөгөө машин цаашаа буюу аймаг руу хараад зогсож байгаа байдалтай байсан. Тэр машинаас нэг ах буугаад ирчихсэн та нар юу хийчих вэ гээд байсан. Тэр машиныг би бол удаан явж байсан байх гэж бодож байна. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр тэр машин сүүлд нь эргэж хараад зогссон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-68-70/, гэрч С.С-н “...Миний утас суудлын доогуур орчихсон. Утсаа авах гээд суудал доогуураа тонгойж байхад миний машинд сууж байсан хүмүүс бууж шээнэ гэж яриад байсан. Утсаа аваад залгах гэж байхад хүмүүс орилолдоод явчихсан. Би машинаас гараад ирсэн чинь талийгаач замын хойд талд газар хэвтэж байсан цаана нь зам дээр жижиг тэрэг цаашаа хараад зогсож байсан. Би талийгаач дээр очоод талийгаачийн үсийг нүүрнээс нь холдуулсан чинь талийгаач ер нь амьд байх янзгүй байсан. Цаад машины тэндээс нэг эмэгтэй орилоод байсан. Би та нар яаж байгаа юм бэ хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд чи машин барьж явсан юм уу гэсэн чинь үгүй манай хүн гэх шиг болсон. Тэгээд эргэж машиндаа суугаад машинаа хөдөлгөөд талийгаач руу гэрлээ тусгасан тэр үед машинд байсан хүмүүс орилолдоод байхаар нь би аймаг руу чигээрээ яваад аймгийн захад дөхөж ирээд нөгөө хэдийг буулгаад би өөрөө эргээд осол болсон газар руу явсан намайг эргээд очиход цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгсэн нэг цагдаа надаас чи юун хүн бэ гэсэн тэгэхээр нь би хамт явсан хүн нь байна гэсэн чинь намайг цагдаагийн газар руу аваад явсан ийм зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-77-78/, гэрч И.Э-н “ ...С машинаа засмал замын урд хэсэг рүү шахаж зогсоод хүн дуудахгүй бол болохгүй гэсэн. Утас суудлын завсраар уначихсан гээд доошоо тонгойгоод утсаа авах гээд ухаад байсан тэр үед манай машины хүмүүс бие засна гээд гарсан. Тэгж байхад аймаг талаас нэг машины гэрэл гарч байгаа харагдаж байсан тэр машин бид нарын хажуугаар гараад явах шиг болсон би нөгөө машиныг толинд харсан чинь зогсчихсон харагдахаар нь хаалга нээгээд харсан чинь зам дээр хоёр цагаан гутал хэвтэж байсан. Тэгээд юу болчхов гээд С руу орилсон чинь гадаа хүмүүс орилолдоод явчихсан. Тэрнээс хойш юу болсон нэг их сайн мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-81-82/, гэрч Б.Г-н “ ...талийгаач бие засна гээд машинаас буугаад явсан. Тэгж байхад хажуугаар нэг машин Хүрмэн сумын чиглэлд гарах шиг болсон тэгсэн удалгүй л нэг эмэгтэй хүн чарлаад явчихсан. Тэгсэн С машинаа хөдөлгөөд юу болчхов гээд эргэсэн. Тэгээд дайруулчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь машинд байсан манай эхнэр Ж, Э хоёр чарлалдаад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-85-86/, гэрч Б.А-н “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад Ө-н эхнэр О над руу залгаад Ө бид хоёр хамт явж байгаад Хүрмэн явах засмал зам дээр хүн мөргөчихлөө хүрээд ир гэж хэлсэн. Би Батгэрэл гэдэг манай эхнэрийн дүүгийн нөхрийн хамтаар ослын газар руу явсан. Ослын газарт буюу Хүрмэн явдаг засмал замаар яваад очиход Ө, О нар машиндаа сууж байсан. Замын хойд талд талийгаач газар хэвтэж байсан хажууд нь нэг эрэгтэй хүн байсан. Би тэр хүнээс хамт явж байгаа юм уу гэсэн чинь би хамт яваагүй гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгсөн юм уу гэсэн чинь үгүй гэхээр нь би цагдаагийн 7053102 дугаар руу залгаж осол гарсан байгаа талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн машин ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-88/, гэрч С.Жын ” ...талийгаач бие засмаар байна гээд машинаас буусан юм. Тэгээд удаад байхаар нь яасан юм бол гээд машинаа эргүүлээд харсан чинь талийгаач замын голд гутал нь сугарсан байдалтай хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-93-95/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-39/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх-186-187/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон байхыг ойлгодог.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Ч.Ө нь Toyota Mark-2 маркийн 33-32 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан  В ангиллын 2028 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүртэл хүчинтэй үнэмлэхтэй жолооч болох нь 554532 дугаартай жолоочийн үнэмлэхээр тогтоогдож байна.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон ба шүүгдэгч Ч.Ө нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 33-32 ӨМЭ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Хүрмэн сум руу явах чиглэлийн засмал замын 1.7 дахь километрт зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Ч.Б-г мөргөж амь насыг хохироосон үйлдлийг зам тээврийн осол гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ө нь уг зам тээврийн ослыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7 а  жолоочид “Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан  болох нь  2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн “Toyota Mark-2 маркийн 33-32 ӨМЭ улсын дугаартай автомашины жолооч Ч.Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Зэм тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглалаас харахад жолооч Ч.Ө нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.

Явган зорчигч Ч.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “...Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”  гэх заалтыг зөрчсөн.

Corolla Axio  маркийн 85-71 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Н.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн 3 заалт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан/ хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

33-32 ӨМА улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй.

Учир нь зам тээврийн ослын схем зураглал дээр уг автомашины тормосны мөр байхгүй байна.

Зам тээврийн осол нь жолооч Ч.Ө-н буруутай үйлдэл болох замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтыг зөрчсөнөөс гарсан. Хавтаст хэрэгтэй танилцахад явцад гэрчээс авсан мэдүүлэг, тэмдэглэлүүдэд жолооч Ч.Ө, жолооч Н.С нар нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а жолоочид “Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг хоёулаа зөрчсөн байна гэжээ. /1-р хх-114-115/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол болон ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй /гэрлийн ламп асаж байгаа/, баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй байна.

Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч хагарсан, урд буфер баруун гар талын хэсгээрээ хагарч унасан, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарч суурь рам нь хэв гажилтанд орсон, копуд баруун гар талын хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр нугарч хумигдсан мөн угийн хэсгээрээ хонхойсон, баруун гар талын урд под крыло урагдаж тогтоогч сэтэрсэн зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Уг автотээврийн хэрэгсэл нь шингэнт гидро жолоодлогын болон шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийг суваг дээр үзлэг хийхэд явах анги гэмтэлгүй. Зүүн болон гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангасан. Зүүн болон баруун гар талын хойд дохионы гэрэл, зүүн гар талын урд дохионы гэрэл зэрэг нь бүрэн ажиллаж байна. Харин баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй байна.

Урд салхины шил цөмөрч хагарсан, копуд баруун гар талын хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ тохиргоо /гэрлийн ламп асаж байгаа/ алдагдсан, урд буфер баруун гар талын хэсгээрээ хагарч унасан, баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарч суурь рам нь хэв гажилтанд орсон, баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр нугарч хумигдсан мөн угийн хэсгээрээ хонхойсон, баруун гар талын урд под крыло урагдаж тогтоогч сэтэрсэн зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослоос үед үүссэн байна. Тухайн эвдрэл, гэмтлүүд нь ослоос үед үүссэн байх тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /1-р хх-120-123/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жолооч Ч.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Явган зорчигч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн.

Кролла Аксио маркийн 85-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4 дэх хэсэгт заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана” гэсэн заалтыг зөрчиж ойрын гэрлээ асааж зогссон байна. Энэ нь Н.С-н гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.    

Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт, фото зургаар 33-32 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн тормосны мөр үүсээгүй нь нотлогдож байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.

Жолооч Ч.Ө нь эсрэг урсгалд зогссон автомашины гэрэлд нүд гялбах, гялбасны улмаас зам орчны байдлыг бүрэн харах боломжгүй нөхцөл байдалд орсон байх боломжтой эсэх нь тухайн жолоочийн нүдний хараа, автомашин жолоодсон туршлага, тухайн нөхцөлд гаргах самбаачлах хугацаа, оновчтой шийдвэр зэргээс шалтгаалах тул уг асуултанд хариулах боломжгүй.

Хэрэв Ч.Ө нь өөдөөс туссан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд гялбуулж үзэгдэх орчин нь хязгаарлагдсан тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т зааснаар “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн арга хэмжээг авч, тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох байсан. Жолооч Ч.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7-ийн а/ дахь заалт, талийгаач явган зорчигч Ч.Б нь мөн дүрмийн 5.6 дахь заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан болсон гэх дүгнэлт /1-р хх-133-135/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн: Талийгаач Ч.Б-н цогцост баруун, зүүн талын олон хавирганы нэг бол хоёрлосон хугарал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны тасрал, бүсэлхийн L2-L3 нугалмын хугарал, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд шарх, зүүн мөр, зүүн шуу, баруун ташаан толгой, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Ч.Б-н биед үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ч.Б нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1-р хх-99-102/-ээр  талийгаач Ч.Б нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Ч.Ө, зорчигч Ж.О нарын эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй болох нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: Ч.Ө-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэх /1-р хх-105-106/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-109-110/ нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 1.75 хувийн согтолтой байсан болох нь жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-56/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-57/ зэргээр тогтоогдож байна.

Иймд жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгч Ч.Ө-г согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэх үндэслэлтэй юм.  

Мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1001 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн “Чинбат Б 41н/эм Даланзадгад сум 8/I” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.4 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр /1-р хх-141-142/ тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Явган зорчигч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх хэдий ч шүүгдэгч Ч.Ө нь тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан байх тул шүүгдэгч Ч.Ө-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ө шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд 40 орчим километр цагийн хурдтай явсан гэх боловч талийгаачийн биед учирсан хавсарсан олон тооны хүнд гэмтлийн байдал,   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-6-8/, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-10-40/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-41-42/, Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-43/, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-44-55/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн: ...Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт, фото зургаар 33-32 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн тормосны мөр үүсээгүй нь нотлогдож байх тул хурдыг тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт /1-р хх-133-135/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Л.Ө-г 40 км цагийн хурдтай явсан, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ө-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-хх-171/-аар тогтоогдсон, хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т  зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө-н  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.Ө нь хувийн байдлын хувьд: ............... болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар /1-р хх-156/, Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрын тодорхойлолт /1-р хх-157/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-158-159/, Соёлын тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар /1-р хх-160/, Жуух бичгийн хуулбар /1-р хх-161-163/, Нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-164-170/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-171/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /1-р хх-173-178/ зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Улсын яллагчийн зүгээс санал болгосон 3 жилийн хугацаагаар хорих ял нь Ч.Ө-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт нь тохирсон байна гэж үзэж байна. Иймээс улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна гэх санал, дүгнэлтийг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний амь нас эрсдүүлж, хүний амь нас хохироосон. Хохирлыг төлж барагдуулсан гэдгийг би ойлгохгүй байна. Оршуулгын зардал нь тэр хүн нас бараагүй байсан бол энэ зардал гарахгүй байсан. Би шүүгдэгчээр сэтгэл санааны хохирлыг төлүүлэх хүсэлтэй байсан. Өсөж яваа 2 хүүхдэд хэцүү байна. Миний эх 6.000.000 төгрөгийн хагалгаанд орох гэж байна. Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй явж байна. 3 жилийн ял оногдуулахад санал нийлэхгүй байна гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байдаг. Энэ үндэслэлийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч шүүх хуралдаанд: Миний хувьд өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна.  Хохирогч талаасаа уучлалт гуйж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,

Мөн хууль, зүйл, хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Ө-н зүгээс мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол төлбөрийг төлсөн боловч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөн төлж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, хохирлоос шалтгаалж үүссэн хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Ө-н хувийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтоох нь зүйтэй.

Хохирол төлбөр, хор уршгийн  тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

 Тус гэмт  хэргийн улмаас Ч.Б-н амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Өоос гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх  хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д нь оршуулгын зардалд 15.750.000 төгрөг, талийгаачийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн үлдэгдэл 2.425.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөг, талийгаачийн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тус тус  хохирлын талаарх өргөдөл /2-р хх-15/, Зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2-р хх-16-18/, Зээлийн гэрээ /2-р хх-19-27/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-202/, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтрийн хуулбар, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, сэтгэл зүйн оношилгооны дүгнэлт, зээлийн өргөдлийн маягт, Эрдэнийн гүн говь ХХК-ийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах эрхийн хүрээнд шүүгдэгч Ч.Өоос оршуулгын зардалд 15.750.000 төгрөг, талийгаачийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн үлдэгдэл 2.425.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг болгон нэхэмжилсэн.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж оршуулгын болон буяны  ажилд зарцуулсан 15.750.000 төгрөг, талийгаачийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн үлдэгдэл 2.425.000 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэн шүүгдэгч Ч.Өоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэргийн хүрээнд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-202/, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтрийн хуулбар, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, сэтгэл зүйн оношилгооны дүгнэлт, зээлийн өргөдлийн маягт, Эрдэнийн гүн говь ХХК-ийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг үндэслэн сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хангаж шийдвэрлэх боломжгүй тул  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Талийгаач Ч.Б нь хувиараа хүнсний ногоо тарих хөдөлмөр эрхэлдэг байсан, жилд дунджаар 40.000.000 төгрөгийн ашиг олдог байсан нь түүний Хаан банкны депозит дансны хуулга, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Эрдэнийн гүн говь ХХК-ийн тодорхойлолт зэргээр орлогыг тооцох боломжгүй юм.

Түүнчлэн талийгаачийн 17 настай Э.Жавхаа, 13 настай Э.Цогжавхлан нарт сэтгэл зүйн оношилгооны дүгнэлтийг шүүх хуралдаанаас өмнө  гаргуулсан байх бөгөөд 17 настай Э.Жавхаад сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах зайлшгүй шаардлагатай. 13 настай Э.Цогжавхланд гар утасны хэрэглээг багасгах талаарх дүгнэлт тус тус гарчээ.

Иймд талийгаачийн хүүхдүүдийг сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулсны дараагаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, оршуулгын зардалд 15.750.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 2.425.000 төгрөг, нийт 19.175.000 төгрөг  төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ө-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ө-н В ангиллын жолоочийн 554532 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн Ди Ви Ди, мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн Ди Ви Диг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Ч-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Ч.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ч.Д-д оршуулгын  зардалд  15.750.000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг, зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.425.000 /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг, нийт 19.175.000 /арван есөн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д нь сэтгэл санааны болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

8. Шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ө-н В ангиллын жолоочийн 554532 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай.

10. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн Ди Ви Ди, мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн Ди Ви Диг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ч.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ