Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1005

 

Ц.Баярбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Баярбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Баатарзоригт холбогдох

 

6 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.Баатарзоригтой 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, урьдчилгаанд 500 000 төгрөг өгч, 4 000 000 төгрөгийн машиныг 8 000 000 төгрөг болгож авах жишээний 10 хувийн хүүтэй төлбөр хийлгэж мөнгө хүүлдэг байсан. Хариуцагч гэрээний нэг хувийг нэхэмжлэгчид өгөөгүй. Гэрээгээр төлбөрийг сард 2 удаа, 200 000 төгрөгөөр нийт 400 000 төгрөг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч 1 800 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хариуцагч машиныг журмын хашаанд оруулснаас болж 500 000 төгрөгийг өөрөө төлсөн, өдөр болгон 30 000 төгрөгийг Аяны шарга ХХК-д төлж байсан баримт бий. Нийт бэлнээр төлсөн мөнгийг тооцоход 5 300 000 төгрөг болсон. Өдөр болгон төлж байсан 30 000 төгрөг, урьдчилгаанд төлсөн 500 000 төгрөг нь 1 800 000 төгрөгийн тооцоонд ороогүй. Иймд хариуцагчаас нийт 6 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Баатарзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хоорондын гэрээ хүчингүй болсон. Б.Баярбат гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан. Мөн миний машиныг эзэмшиж, өөрийн хэрэгцээнд унаж, халтуур хийж мөнгө олж амьжиргаагаа залгаж, гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд үүнийхээ л төлбөрийг төлж байсан. Барьцааны 500 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталж, хариуцагч Б.Баатарзоригоос 1.120.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баярбатад олгож шийдвэрлэжээ.

           

        Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анх  Ц.Баярбат нэхэмжлэл гаргахдаа “УНЦ 80-75“ улсын дугаартай Верна маркын машиныг үндэслэн өнөөдөр, маргааш аваад явсан мэтээр хохирол 6 400 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хурал дээр гаргаж өгсөн. Уг машин “2015.04.05 өдөр өөр хүний нэр дээр шилжигдэж зарагдсан нь Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолтоор нотлогдсон. Ц.Баярбатад 2 машинаа хэрэглүүлж, ашиглуулсныхаа хөлсийг, хууль дүрэм зөрчиж надад учруулсан бодит хохирлоо нэхэмжлэх байтал эргээд мөнгө төлөх болсонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Баярбат нь хариуцагч Б.Баатарзоригт холбогдуулан гэрээ цуцласнаас учирсан хохиролд 6 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...машинаа туслах зорилгоор үнэгүй ашиглуулж байсан, гэрээ байгуулаагүй” гэж маргажээ.

 

            Зохигчдын хэн аль нь бичгээр байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.

 

            Хэргийн үйл баримтаас үзэхэд 80-75 УНЦ улсын дугаартай Верна аксент маркийн авто машиныг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 500 000 төгрөгийн урьдчилгаа авч, өдрийн 30 000 төгрөгөөр, 300 хоногийн хугацаатай түрээсэлсэн, нэхэмжлэгч “..,мөнгийг төлж дуусаад, улмаар өмчлөлдөө шилжүүлж авах тохиролцоотой байсан” гэж тайлбарласан зэргээс үзэхэд зохигчдын хоорондын гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээний агуулгатай байсан, гэрээ хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ байгуулаад хэрэгжээд явж байтал явцын дунд хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр цуцласан тул өгсөн мөнгөө буюу 6 400 000 төгрөгөө буцаан гаргуулна гэсэн агуулгатай байна.

 

            Нэгэнт талуудын хоорондох хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар зохицуулах боловч нэхэмжлэгч машиныг тодорхой хугацаанд эзэмшиж хувийн хэрэгцээнд ашигласан, хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ашигласан хугацаанд ногдох зардлыг буцаан шаардах эрхгүй, энэ талаар шүүх хуулийг буруу тайлбарлан алдаатай дүгнэлт хийснийг залруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч нь 6 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа задалж тайлбарлаж, бүрэн нотлоогүй, барьцаанд бариулсан гэх 500 000 төгрөгийг оролцуулан нийт 1 120 000 төгрөг төлсөн нь нотлогдож байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

            Нэгэнт машины ашигтай чанарыг хувийн хэрэгцээнд ашигласан, тэр хэмжээгээр машин элэгдэж хорогдсон, талууд эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсон гэх байдал нотлогдохгүй байгаа нөхцөлд барьцаанд бариулсан 500 000 төгрөгийг буцаан гаргуулж харин эдэлгээний явцад төлсөн бусад мөнгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 120 000” гэснийг “620 000” гэж, “5 280 000” гэснийг “5 780 000” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “31 430” гэснийг “19 250” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баатарзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                 ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД