| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 500/2018/0046/Э |
| Дугаар | 579 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 579
Г.А-, М.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Ганбаатар,
хохирогч Ч.Гэрэлмаа,
яллагдагч Г.А-, М.Э-, тэдгээрийн өмгөөлөгч З.Ариунцэцэг, Г.Урангэрэл,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор П.Ганбаатарын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Г.А-, М.Э- нарт холбогдох эрүүгийн 201725020994 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Асралт овогт Г.А-, 1969 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
2. Адаа овогт М.Э-, 1964 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын техникч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
Г.А-, М.Э- нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-35 тоотод хохирогч Ч.Гэрэлмааг урьдын өр авлагын асуудлаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.А-, М.Э- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Прокуророос М.Э-, Г.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.
2. Ч.Гэрэлмаагийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд зөрүүтэйн гадна, түүний “Г.А-гийн цохилтоос миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн” гэх мэдүүлгийг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтээр “...ар дагзан тус газартаа бусдаар цохиулсны улмаас хаалганы босго руу унах үед дээрх шүднүүдийн булгарал үүсэх боломжтой...” /1хх-ийн 202-204/ гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Гэрэлмаа босго руу унасан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, зөвхөн Ч.Гэрэлмаагийн мэдүүлэгт дурьдсан болно.
4. Гэрч Б.Амаржаргал мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “М.Э- манай эхнэрийн ар дагз руу гараараа цохиж харагдсан” гэж өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд түүний энэ мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар шүүгчийн захирамжид заасны дагуу хэргийн газарт нөхөн үзлэг /1хх-ийн 229-238/ хийхэд түүний мэдүүлэг үндэслэлгүй болох нь нотлогдсон байна. Гэрч Б.Амаржаргалд хууль сануулж, тайлбарлаж өгөхөд үнэн зөв мэдүүлнэ гэж баталгаа гаргасан атлаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
5. Хохирогч Ч.Гэрэлмаа удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ “2 шүд булгарч, 1 шүд хөдөлсөн” гэсэн нь түүний нөхөр Б.Амаржаргалын мэдүүлгээр нотлогдсон. Мөн 1 хиймэл шүдтэй байсанг тэд мэдүүлж байжээ. Тэдгээрийн мэдүүлэг үндэслэлтэй болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4895, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 653 дугаартай дүгнэлтүүдээр /1хх-ийн 21, 24-25/ тус тус давхар нотлосон байна.
Гэтэл хэрэгт нотлогдоогүй нөхцөл байдлыг дурьдаж, 4 шүдний булгарал гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /1хх-ийн 202-204/ нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.
6. Ч.Гэрэлмаагийн үйлдэлд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 220 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг яллагдагчид ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг хэт нэг талыг барьсан гэж үзсэн өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байна.
Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэж дүгнээд Г.А-, М.Э- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор П.Ганбаатар тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хохирогч Ч.Гэрэлмаа нь уг асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “...Э- нь шууд ирээд намайг заамдаж татаад миний зүүн талын нүд рүү атгасан гараараа 2 удаа маш хүчтэй цохисон. Яг тэр үед А- баруун гараараа миний шүд рүү 2 удаа маш хүчтэй цохисон...” /1хх-ийн 6/ гэж, мөн тайлбартаа “...А- нөхөр Э-тэйгээ нийлээд намайг зодсон. Э- баруун хацар болон хамар, цээж, нуруу, гар луу цохисон. А- орилж гүйж ирээд миний шүдийг цохиж гэмтээсэн...” /1хх-ийн 8/ гэж, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...А-гийн нөхөр Э- миний баруун талын шанаан тус газарт цохиж газарт унагаасан. Тэгээд би Э-ийг зуураад босож ирээд түүнтэй зодолдоод зууралдаад авсан чинь А- цаанаас хүрч ирээд миний хамар, ам хэсэг рүү гараараа тасхийтэл чанга цохисон. Улмаар А- бид хоёр үсдэлцээд зодолдож байхад Э- ар дагз руу 1 удаа цохингуут би уг жижиг өрөөний хаалганы босго руу нүүрээрээ унасан...” /1хх-ийн 181-182/ гэжээ. Эдгээрээс үзэхэд яллагдагч М.Э-, Г.А- нар нь бүлэглэн хохирогч Ч.Гэрэлмааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэж 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс үүнийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн.
2. Хохирогч Ч.Гэрэлмаа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахаасаа эхлээд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл мэдүүлэхдээ яллагдагч М.Э-, Г.А- нар бүлэглэн зодож гэмтэл учруулсан талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд хэн нэгэн нь гэмт хэрэгт оролцоогүй талаар мэдүүлж байгаагүй. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ч энэ мэдүүлэг нь үндэслэлтэй байдаг ба хэрэгт огт хамааралгүй хүнийг холбогдуулан шалгасан асуудал байхгүй болно.
3. Хэрэг болсон тухайн орон зайнд яллагдагч М.Э-, Г.А-, хохирогч Ч.Гэрэлмаа, М.Э-ийн хүүхэд насанд хүрээгүй гэрч Э.Отгондарь нар байсан.
Насанд хүрээгүй гэрч Э.Отгондарь нь тэдгээрийн зодолдож буй үйлдлийг хараагүй талаар мэдүүлдэг. Харин яллагдагч М.Э-, Г.А- нар нь гэр бүлийн хамааралтай, гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, худал мэдүүлсний төлөө хариуцлага хүлээхгүй этгээдүүд юм.
Харин хохирогч Ч.Гэрэлмаа нь уг асуудлын улмаас эрүүл мэндээрээ бодит хохирол амссан, эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдсөн бөгөөд худал мэдүүлэг өгөхгүй байх эрх үүрэгтэй танилцсан, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаж байх тул түүний мэдүүлэг нотлох баримтын ач холбогдолтой байна.
4. Хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 893 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа гэрч Б.Амаржаргалыг шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах гэж дурьдсан.
Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амаржаргалаас тодруулахад “...би яг 3 ширэмтэй зуух байсан эсэхийг сайн хараагүй. Таамбарын цонхоор гаднаас нь харахад л зуух шиг юм харагдсан. Би урьд шүүх цагдаад мэдүүлэг өгч байгаагүй болохоор цалгардаж чичрээд дотроо бол юу хэлснээ ч мэдэхгүй байна...” гэж мэдүүлдэг.
Нөгөө талаар гэрч Б.Амаржаргал нь хохирогч Ч.Гэрэлмааг яллагдагч Б.Э-, Г.А- нар бүлэглэн зодсон тухайн орон зайнд байгаагүй, хязгаарлагдмал орчноос харсан тухайгаа удаа дараа мэдүүлсэн байна.
Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт зааснаар яллагдагчаар татахдаа гэмт хэрэг үйлдсэн болохыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолсон байхыг шаардах бөгөөд гэрч Б.Амаржаргалыг уг хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй тул түүнийг яллагдагчаар татах үндэслэлгүй юм.
5. Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4895 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг, дүгнэлт хэсэгт хохирогч Ч.Гэрэлмаагийн баруун доод үүдэн 1, 2 дугаар шүд булгарсан, угийн буйл хонхойж цус хурсан, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд суларсан талаар дурьдсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Гэрэлмаагийн 2 шүд булгарч, 2 шүд нь суларсан талаар анхны шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан асуудлыг нотлогдоогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Дахин 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 653 дугаартай дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлтэд суларсан гэж дурьдсан баруун дээд үүдэн 1 шүд булгарсан, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 11 дугаартай дүгнэлтэд 4895, 653 дугаартай дүгнэлтэд суларсан гэж дурьдсан зүүн дээд 1 шүд нь булгарч унасан, уг 4 шүд нь түүний байнгын шүд гэдгийг тогтоосон.
Мөн хохирогч Ч.Гэрэлмааг дээрх шүднүүддээ эмчилгээ хийлгэсэн гэх асуудлыг шалгах гэж дурьдсан ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүд 1 шүдэнд имплант эмчилгээ хийхэд доод тал нь 2.000.000 төгрөгөөр хийдэг гэдгийг нийгмээрээ мэднэ.
Эмчилгээний өртөг, зардалтай холбогдуулан гаргаж өгсөн хохирлын баримтыг бусад газрынхтай харьцуулан үзэхэд доогуур өртөгтэй байсан нь тогтоодсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадсан гэж үзнэ.
6. Хохирогч Ч.Гэрэлмаа, яллагдагч Г.А-, М.Э- нарын хооронд болсон зодооны асуудал нь урьдын өр авлагын асуудлаас эхлэлтэй бөгөөд уг гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж огт байхгүй.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолд “Тодорхой сэдэлттэй, хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардалтын улмаас үүдэн хоорондоо маргалдсан, зодолдсон, эрүүл мэндэд нь хохирол учруулсан” нь “Олон нийтийг үл илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх ёстой асуудлыг зааж өгсөн бөгөөд 6.13 дахь хэсэгт “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар” гомдлыг л хэлэлцэхээр хуульчилсан байтал шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.
Хохирогч Ч.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анх Шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд миний 2 шүд булгарч, 2 шүд суларсан байсан. Үүнээс хойш суларсан байсан 2 шүд маань нэг нэгээрээ булгарсан юм. Эдгээр 4 шүд нь миний байнгын шүд байсан...” гэв.
Яллагдагч Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Гэрэлмаа нь манай гэрээс гарахдаа шүд нь унаагүй байсан. Түүний хувцсан дээрх цусны толбо нь миний биеэс гарсан...” гэв.
Яллагдагч М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Гэрэлмаа нь манай гэрээс гарахдаа зүв зүгээр гарсан...” гэв.
Яллагдагч Г.А-, М.Э- нарын өмгөөлөгч Г.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий гарсан. Өөрөөр хэлбэл Ч.Гэрэлмаагийн булгарсан гэх шүднүүдийн тоо, байрлал, мөн эдгээр шүднүүдийн аль нь байнгын эсхүл хиймэл байсан эсэх талаар ойлгомжгүй байдаг. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлсөн. Ч.Гэрэлмаа нь босго мөргөж унасны улмаас шүд булгарсан гэдэг. Хэрэв босго мөргөсөн бол түүний уруулын салст мөн гэмтэх учиртай байсан. Ч.Гэрэлмаагийн үйлдлийн тухайд гэвэл тэрээр Г.А-гийн гэрт орж маргаан үүсгэн, аягатай цай шидээд зогсохгүй, бусад эд зүйлсийг авч шидсэн байдаг. Түүний гаргасан танхайн шинжтэй үйлдлийн талаар Г.А- хохирогчоор тодорхой мэдүүлсэн боловч анхаарч үзээгүй атлаа Ч.Гэрэлмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн М.Э-ийг бүлэглэн үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн. М.Э-ийн үйлдэл оролцоо энэ хэрэгт тогтоогддоггүй. Ч.Гэрэлмаагийн нөхөр Б.Амаржаргал байшингийн гаднаас дотор болсон үйл явдлыг харсан гэдэг боловч энэ нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн ажиллагаагаар тогтоогдоогүй юм. Түүнчлэн хохирол төлбөрийн асуудлыг дан ганц зарлагын баримтаар тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл өвчтний карт, эмчилгээний үйл явцыг тусгасан эмчийн дүгнэлт гэх зэргийг үндэслэн нотлох учиртай. Иймд хэргийн бүрдэл хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Гэрэлмаагийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй, хохирлын шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул Г.А-, М.Э- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хохирлын шинж чанар болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймээс Г.А-, М.Э- нарт эрүүгийн холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.А-, М.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А-, М.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Н.БАТСАЙХАН