Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “АА” ХХК /РД:*/

Хариуцагч: БОАЖС-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “АА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тус “АА” ХХК нь БОНХАЖС-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/415 дугаар тушаал, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2014/125 дугаар гэрчилгээгээр Богдхан уулын Түргэний ам гэх газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон.  

БОАЖС 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд үндэслэлээ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан” гэж тодорхойлж, тушаалдаа энэ тухай дурдсан байдаг. Гэтэл газар ашиглах эрх бүхий “АА” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар зар, мэдээ нийтлээгүй, цахим сүлжээнд байршуулаагүй, худалдах тухай санаа, зорилго огт байхгүй. Ийнхүү худал гүжирдэн газар ашиглагчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн захиргааны үйл ажиллагаа болжээ. 

Хариуцагч энэ тушаал гарсан тухай мэдэгдэх нь байтугай, газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Худалдахаар зар тавьсан эсэх талаар биднээс тодруулж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх ёстой байсан. 

Бид маргаан бүхий захиргааны акт болох сайдын А/66 дугаар тушаалыг гардаж аваагүй бөгөөд дам сонсож дуулсныхаа хүрээнд бусад компаниудтай хамтран сайдад гомдол гаргаж, учир байдлаа тайлбарласан боловч тушаалаа хүчингүй болгох асуудлыг шийдэх нь бүү хэл, хуульд заасан хугацаанд ч хариу өгөөгүй. Нэр бүхий 5 компани 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр БОАЖС Н.Ц-д урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд хариу өгвөл зохих хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлон ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авна уу.

Иймд БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын “АА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээн шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсч байна.” гэжээ.  

  Хариуцагч БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч “АА” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр аялал жуулчлалын бааз байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар олгохыг хүссэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/415 дугаар тушаалаар “АА” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг хүсэлтийн дагуу олгосны дагуу 2014/125 дугаар гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн байна. 

БОАЖС-ын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 5.2-т “Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж заасан байдаг. 

Гэвч “АА” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журмыг зөрчиж улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газрыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарах зар тавьсан тул БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/66 дугаар тушаалаар “АА” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 404 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлэн ажилласан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2 дахь хэсэгт “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно”, 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно” гэж заасан. 

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төрөөс газрын талаар баримтлах зарчимд, 4.1.2-д газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4-т газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмыг заасан. 

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авсан, дархан цаазат газрын ангилалтай газар нутаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэх үндэслэлээр ашиглуулахаар хуульчилсан бөгөөд төрийн өмчид байгаа энэхүү газрыг ашиг хонжоо хайх зориулалтаар бусдад худалдах, арилжихыг хориглосон байтал “АА” ХХК нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж, төрийн өмчийн газрыг арилжихаар завдсан байсныг мэдэж, газрын эрхийг нь дуусгавар болгосон. 

Цаашид Тусгай хамгаалалттай газрыг хууль бусаар зарах, арилжих тухай зар, мэдээг олон нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд гэрээ хийсэн аливаа үйлдэлд Байгаль орчин, аялал жуучлалын яамны зүгээс газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох арга хэмжээг авч ажиллаж байна. 

Нөгөө талаар “АА” ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газарт хэрэгжүүлэх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Анх БОНХС-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/415 дугаар тушаалаар нэхэмжлэгч “АА” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Түргэний аманд 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/125 дугаар гэрчилгээ олгожээ. 

Улмаар БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40.1.1, 40.1.4 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан 4 аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор “АА” ХХК-ийн дээрх газар хамрагджээ. 

Нэхэмжлэгч “АА” ХХК нь маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…газар ашиглах эрх бүхий “АА” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар зар, мэдээ нийтлээгүй, цахим сүлжээнд байршуулаагүй, худалдах тухай санаа, зорилго огт байхгүй. Ийнхүү худал гүжирдэн газар ашиглагчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн захиргааны үйл ажиллагаа, ...хариуцагч энэ тушаал гарсан тухай мэдэгдэх нь байтугай, газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “...газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 404 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэлээр газрыг ашиглуулахаар хуульчилсан бөгөөд төрийн өмчид байгаа энэхүү газрыг ашиг хонжоо хайх зориулалтаар бусдад худалдах, арилжихыг хориглосон байтал “АА” ХХК нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж, төрийн өмчийн газрыг арилжихаар завдсан байсныг мэдэж, газрын эрхийг нь дуусгавар болгосон” гэж тус тус тайлбарлан маргасан байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хориглох үйл ажиллагааг заасан бөгөөд 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 39.1.2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг тус тус хориглож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл” байвал тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ. 

Улмаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болгоно” гээд 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэж заасныг үндэслэн маргаан бүхий А/66 дугаар актыг гаргасан байна.   

Хэдийгээр хариуцагч нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй боловч нэхэмжлэгч “АА” ХХК-ийг “тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар завдсан” гэх зөрчил гаргасан эсэхийг хариуцагчаас шалгаж тогтоолгүйгээр түүний газар ашиглах эрхийг шууд цуцалсан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.  

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч нь Үнэгүй.мн цахим хуудсанд өөрийн эзэмшил газраа 80,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан...” гэж тайлбарлаж, нотлох баримтаар “Күветед газар зарна. Утас:91******, зарын дугаар:69****, 80 сая төгрөг” гэх зарыг хавсаргасан байх боловч “Үнэгүй групп” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/18 албан бичгээр ирүүлсэн “зарын 69**** дугаарт өөр зар бүртгэлтэй байна” гэх нотлох баримттай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

Ийнхүү хариуцагчаас тусгай хамгаалалттай газар нутагт газар худалдахаар зар тавьсан зөрчил нь бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан зөрчил мөн эсэхийг хангалттай шалгаж тогтоолгүйгээр түүнийг буруутгаж газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрсэн байна.      

Мөн хариуцагч нь маргаан бүхий А/66 дугаар тушаалын үндэслэлд “тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, газар ашиглах эрхийг нь дуусгавар болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.2-т “…байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг ойлгоно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “…байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасныг баримталсан нь үндэслэлгүй болжээ.  

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах буюу сонсгох ажиллагаа явуулах, ингэхдээ тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцуулах талаар заасан.  

Гэтэл Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу маргаан бүхий акт гарсны дараа хүлээн авсан, тус мэдэгдэлд “…газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэж нэгэнт шийдвэр гаргасны дараа мэдэгдэл хүргүүлсэн зэргээс үзвэл захиргааны байгууллагыг сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “БОАЖЯ-ны цахим хуудсанд мэдэгдэл гаргасан” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын “АА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын “АА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ