Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 883 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0853/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 883 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар  сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино хэмээн заасан энэхүү хуулийн зорилгын хүрээнд аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нэн түрүүнд уг хуулийг үйл ажиллагаандаа удирдлага болгон мөрдөж ажиллах ёстой бөгөөд Баянзүрх дүүргийн засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн зорилгыг үл тоож эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу манай компанид урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, оролцогчийг сонсох ажиллагааг огт явуулаагүйгээрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, нэг талаас иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй байж, аливаа захиргааны актыг гаргахдаа сонсох, мэдээлэл авах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон, нөгөө талаас захиргааны байгууллагаас гаргаж буй акт нь гагцхүү хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах үзэл баримтлал бүхий үндсэн хуулиа зөрчсөн.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8, 9 дүгээр нүүрт энэхүү сонсох ажиллагааны тухай дурдахдаа “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглах хүргүүлэх, 27.3-д “сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-д “сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэжээ. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн оролцоог бүрэн хангаагүй хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, маргаан бүхий газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүй /Үндэслэлгүй болохгүй хэмээх үг нь агуулгын хувьд ойлгомжгүй байна/ гэж шүүх дүгнэлээ хэмээжээ.

3.3. Шийдвэрийн энэхүү хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ талаараа дэлгэрэнгүй дурдсан боловч нэхэмжлэгч Газрын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг бүхэлд нь зөрчиж газар эзэмших эрхийг цуцлах захиргааны акт гаргахыг хүлээн зөвшөөрсөн, зөвтгөсөн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг цуцалсан акт нь аж ахуйн нэгжид сонсох ажиллагаа хийлгүй гарснаараа процессын хувьд анхнаасаа, илэрхий алдаатай байхыг хүлээн зөвшөөрч байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэггэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тоггооно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн.

3.4. Шийдвэрийн 7 дугаар нүүрт “Баянзүрх дуүргийн Газар зохион байгуулалтын албанаас ...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөөгүй, төлөх боломжит хугацааг олгон, мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” хэмээн заасныг хэрэгжүүлээгүй. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл нь нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаанаас шууд хамаардаг гэтэл нотлох баримтаар үнэлсэн дээрх мэдэгдэлийн тухайд нэхэмжлэгчид дээрх мэдэгдлийг ирүүлээгүй, ямар арга, хэлбэрээр /шуудангаар болон биечлэн гэх мэт/ хэзээ, хэнд, хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй, хариуцагч тал энэ талаар хэрхэн хүргүүлсэн эсэхээ нотолж чаддаггүй, хэргийн материалд энэ талаар нотлох баримт авагдаагүйгээс гадна шүүх хуралдааны тэмдэглэл дээр дэлгэрэнгүй тусгагдсан. Түүнчлэн, уг мэдэгдэлийг нэхэмжлэгчид гардуулсан хэмээн үзэж байгаа үйл баримт нь хэрхэн, яаж нотлогдоод байгааг шүүхийн шийдвэрт тайлбарлаж бичээгүй, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан тус мэдэгдэл дээр мөн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг үүрэг болгосон нь бодит нөхцөл байдал дээр биелэгдэх боломжгүй юм. Уг мэдэгдэл дээрх гар бичвэр нь уншигдахгүй, хуулбарлахдаа хуудасны тал хэсгийг дутуу хуулсан, бүдэг, тодорхой биш. Аливаа бичгийн нотлох баримтыг шүүх хүлээн авахдаа эх хувь мөн эсэх, хуулбарлаж ирсэн бол хуульд заасан шаардлага хангасан эсэх, хуулиар зөвшөөрөгдсөн болон хуульд заасан арга журмаар олж авсан эсэхийг нягталсны үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн бодитой байж үндэслэл бүхий шийдвэр гарах учиртай хэмээн үзэж байгаа учраас дээрх мэдэгдэлийг нотлох баримтаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.5.  2021 оны 07 дугаар сарын 28-нд гаргасан захиргааны актыг манай компанид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, нэг захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон компаниас жил орчим хугацааны дараа дам байдлаар олж мэдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, мөн хуулийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсгийг тус тус зөрчисны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарсан хэдий ч цахим татварын системд газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүсгэсний дагуу 2022 оны 3 дугаар сард, 2022 оныг дуустал газрын төлбөрийг бүрэн төлүүлсэн, эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах хугацаа алдсан гэх мэт сөрөг үр дагаваруудыг үүсгэсэн. Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн дээр дурдсан хэсгийг зөрчсөн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой тусгасан боловч шүүхийн шийдвэрт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий хэсгийг дурдаад, шийдвэрийн эсрэг агуулга бүхий хуулийн дээрх хэсгийн талаар огт дүгнэлт хийлгүй орхисон.

3.6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан боловч бидэнд энэ захирамжийн талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болохоор хүчин төгөлдөр болоогүй захирамж гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөх үндэслэл болгож буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дугаар хэсгийн тухайд Газрын туэсай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой. Гэтэл хуулийг хэрхэн удаа дараа, ноцтой зөрчсөн талаарх аливаа мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд газар эзэмшигч байгууллагын хувьд аливаа зөрчил гаргаагүй. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх мэдэгдлийг үндэслэн зөрчил гаргасан хэмээн үзэж байгаа хэдий ч уг мэдэгдэлийг манай байгууллагад ирүүлээгүй.

3.7. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн хувьд татварын ерөнхий газартай хамтран дундын мэдээллийн сан байгуулж Газрын төлбөр, татварыг цахим системээр дамжуулан ногдуулалтыг үүсгэж Татварын удирдлагын цахим системд илгээснээр иргэн, хуулийн этгээд нь цахим орчинд е-баримт болон интернет банк ашиглан газрын төлбөр, татваруудыг төлөх боломжийг бүрдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар нүүрийн 1.4-т “Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий А/369 дугээр захирамж гарсан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 5.602.165 төгрөгийн үлдэгдэлтэй байсан...” гэсэн боловч 3.734.166 /гурван сая долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийн үлдэгдэлтэй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №420190039 тоот тооцоо нийлсэн актаар нотлогдсон бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дээрх үлдэгдэл төлбөр, 2022 оны 1-4 дүгээр улирлын газрын төлбөр болох 7.158.210 төгрөг, нийт 10.737.316 төгрөгийг цахим татварын системд үүссэн нэхэмжлэхийн дагуу бүрэн төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан боловч 2022 онд газрын төлбөр төлөх төлбөрийн нэхэмжлэл гарч байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэмээн ойлгож, газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүссэн даруйд төлж байсан. Газрын төлбөр төлөх нэхэмжлэл цахим системд хэзээ үүссэн, төлбөрийг хугацаанд төлөөгүй нь хэнээс, юунаас шалтгаалсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байхад яагаад татварын нэхэмжлэл үүссэн эсэхийг нягталж, шалгаагүй.

3.8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших гэрчилгээний талбайн хэмжээ болон компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээ болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ”...2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний нийт хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ шинэчлэн хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй хэмээн ойлгож байна. Учир нь манай компанийн оноосон нэр “С ” ХХК болж өөрчлөгдсөн, газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 тоот шийдвэрийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Тодруулбал, гэрээг шинэчлэн байгуулахдаа уг газрыг ашиглаагүй шалтгаанаа эрх олгосон байгууллага албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж тайлбарласны үндсэн дээр байгуулсан бөгөөд эрх бүхий байгууллага ч газраа ашиглаагүй шалтгаан нөхцлийг судлан үзэж, хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэснээр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл уг гэрээг байгуулснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа энэхүү заалтыг үндэслэн цуцалсан зэрэг нөхцөл байдлыг шүүхээс судлан үзээгүй. Түүнчлэн, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдөд харилцан асуулт асуух, асуултанд хариулах боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзэж байна.

3.9. Иймд гомдолд дурьдсан үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, материалыг бүхэлд нь судлан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Анх нэхэмжлэгч С ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нэртэй газарт 2000 м.кв хэмжээтэй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг “А” ХХК-д олгож, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 000304361 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгонА ХХК-ийн захирал С.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

2.2. Улмаар “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/002 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дэх “А” ХХК-ийн нэрийг “С ” ХХК болгож өөрчилж, А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Ү Баянзүрх дүүргийн газрын албанд хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, “С ” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/499 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нэртэй газар 19995 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 000023762 дугаар гэрчилгээг “С ” ХХК-д олгожээ.

            2.4. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.5, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

            2.5. Нэхэмжлэгчээс “...эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй, захиргааны акт гарсны дараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. ...Манай компани хуулийг хэрхэн удаа дараа, ноцтой зөрчсөн талаарх аливаа мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд газар эзэмшигч байгууллагын хувьд аливаа зөрчил гаргаагүй. ...Татварын ерөнхий газартай хамтран дундын мэдээллийн сан байгуулж Газрын төлбөр, татварыг цахим системээр дамжуулан ногдуулалтыг үүсгэж Татварын удирдлагын цахим системд илгээснээр иргэн, хуулийн этгээд нь цахим орчинд и-баримт болон интернет банк зэрэг ашиглан дээрх газрын төлбөр, татваруудыг төлөх боломжийг бүрдүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан боловч 2022 онд газрын төлбөр төлөх төлбөрийн нэхэмжлэл гарч байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэмээн ойлгож, газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүссэн даруйд Монгол улсын Газрын төлбөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 2021, 2022 онуудад нийт 10.737.316 төгрөгийг төлсөн” гэж маргажээ.

2.6. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч компани нь маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 5.602.165 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, эдгээр төлбөрийн үлдэгдэл нь 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, оны үлдэгдэл төлбөрийн нийлбэр гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон.  Нэхэмжлэгч компанийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчид тус газрыг эзэмших эрх анх үүссэн буюу дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 7 жил, 4 сар, 23 хоногийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул дээрх хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу манай компанид урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, оролцогчийг сонсох ажиллагааг огт явуулаагүй. ...Мэдэгдэлийн тухайд нэхэмжлэгчид дээрх мэдэгдлийг ирүүлээгүй, ямар арга, хэлбэрээр /шуудангаар болон биечлэн гэх мэт/ хэзээ, хэнд, хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй, хариуцагч тал энэ талаар хэрхэн хүргүүлсэн эсэхээ нотолж чадаагүй. Хуулийг хэрхэн удаа дараа, ноцтой зөрчсөн талаарх аливаа мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд газар эзэмшигч байгууллагын хувьд аливаа зөрчил гаргаагүй. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх мэдэгдлийг үндэслэн зөрчил гаргасан хэмээн үзэж байгаа хэдий ч уг мэдэгдэлийг манай байгууллагад ирүүлээгүй. ...Газрын төлбөр нийт 10.737.316 төгрөгийг цахим татварын системд үүссэн нэхэмжлэхийн дагуу бүрэн төлсөн... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.8. Учир нь газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заасан.

2.9. Нэхэмжлэгч “С ” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нэртэй газарт 2000 м.кв хэмжээтэй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг “А” ХХК-д олгосон байх ба хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөний улмаас дахин газар эзэмших гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан нь шинээр газар эзэмших эрхтэй адилтган мөн өдрөөс хугацааг шинээр тоолох боломжгүй юм.

2.10. Мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 5.602.165 төгрөгийн үлдэгдэлтэй,  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №420190039 дүгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд 3.734.166 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

2.11. Газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул нэхэмжлэгчийн Татварын удирдлагын цахим системд газрын төлбөр төлөх төлбөрийн нэхэмжлэл ороход газрын төлбөрөө төлсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2.12. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар хариуцагч маргаан бүхий А/369 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо тус компанид мэдэгдэж, холбогдох тайлбарыг авсан болох нь тогтоогдохгүй байх боловч энэ тохиолдолд ийнхүү сонсох ажиллагааг хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй.

2.13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2014 онд газар ашиглах гэрчилгээг авч тухайн газрыг ашиглах эрхтэй болсон атлаа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, мөн газрын төлбөрийг хуульд заасны дагуу төлөөгүй байгаа нь захиргааны байгууллагын бус нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.14. Түүнчлэн хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлсэн бол шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх баримтуудаа гаргаж өгөх эрх нь нээлттэй. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг төлсөн болохыг баттай нотолсон баримт авагдаагүй, нэхэмжлэгч ийнхүү холбогдох баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

2.15. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамжаар С ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

              ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ