| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2138000000143 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *****************байнга зодсон ба хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *****************байнга зодсон ба хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000143 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сумын төвөөс гарч зүүн хорооллын эхэнд очоод эхнэрээ гуя, хэвлий хэсэг рүү 3-4 удаа өшиглөж, хүзүүн дээр нь дараад 2-3 удаа сэгсрээд араараа суулгаад гол дээр иртэл мотоцикл унтраад асахгүй байсан. Манай эхнэр алхаад яваад өгсөн...Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Худлаа яриад бай гэж уурлаад ор руу түлхэж унагаагаад хоолой боогоод ална гээд дараад байхаар нь хөлөө тийчгэнээд эсэргүүцтэл больсон юм. Тэгээд гараад зугтаасан чинь араас мотоциклтой ирээд араар суу гэхээр нь үгүй гэтэл бууж ирээд нуруун дундуур модоор цохихоор нь айгаад араар нь суугаад явсан. Хээр очоод хэвлий, гуя, хөл хэсэг рүү олон удаа өшиглөж үснээс зулгааж дараад газар мөргүүлж бариад ар дагз руу олон удаа гараа атгаж байгаад цохиод байхаар нь арай хийж салаад зугтах гэтэл гутлыг маань тайлж шидээд араар суу гэхээр нь мотоцикл дээр суугаад явж байх замдаа би гэртээ харихгүй гэж хэлтэл зогссон юм. Гэртээ харихгүй чи л яв гэсэн чинь өөрийгөө ална гээд гудамжинд байсан архины шил хага цохиод гарын шуугаа шилээр зүсээд мотоциклийн араар суу хамт үхнэ гээд үгүй гээд алхтал намайг хаяад яваад өгсөн...Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-19-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүүлд 2019, 2020 онуудад ээжийг зодож агсам тавьж баривчилгаанд явж байсан...2021 оны 02 сарын сүүлээр хөдөө яваад ирэхэд хаалга онгойлгож өгчхөөд шууд яваад өгсөн юм. Гэртээ ортол хүн байгаагүй хоол асгарсан, цаг хагарсан, гэр эмх замбараагүй байдалтай байхаар нь Бүрнээ ах руу залгаад ээжийг асуутал аав гэртээ агсам тавьсан гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь ээжийг хөдөө авч яваад 3 сарын 09-ний өдөр би эмнэлэгт хэвтэх болчхоод буцаад орж ирсэн. 3 дугаар сарын 10-нд эмнэлэгт хэвтээд аав, ээж хоёр цай шөл авчирч өгөөд 3 дугаар сарын 11-нд Мягаа эгч рүү залгахад ээжийг чинь зодоод аймаар болгосон байна. Одоо манай гэрт байна гэж байсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчид хэлээд Мягаа эгчийн гэрт очтол ээжийг зодсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03-р сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад манай найз болох Лхагвасүрэн нь хамаг хувцас хунар нь урагдсан шороо тоос болсон, үс толгой нь сэгсийсэн гуталгүй байдалтай ирсэн юм. Юу болов найз минь гэж асуутал Мөнхболд уулын модонд аваачаад зодож гутлыг маань урж шидээд байхаар нь хөл нүцгэн зугтаж ирлээ гэсэн. Тэгээд орой орондоо орохоор нь биеийг нь үзтэл хоёр гуя нь хөх няц болсон нуруугаараа хөхөрсөн дунд хуруу нь хавдсан, толгой нь их өвдөж байна гэж байсан. Маргааш өглөө нь ахыгаа эмнэлэгт хэвтүүлэхээр явахдаа дахиад зодчих байх гэж айгаад гэртээ цоожлоод эмнэлэг дээр ирээд том хүүхдэд нь хэлтэл цагдаад өгнө гээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Архи уусан үедээ ээжийг минь олон жил дарамталж зодож ална хядна гэж заналхийлдэг. Тэр болгоныг ээж маань тэвчээд л өнгөрдөг байсан. Өмнө жил ээжийг зодож үснээс нь чирч байсан. Дараа нь хутга шидэж арай ч оноогүй хаалганд зоогдсон байхаар нь цагдаа ирж авч яваад 62-т орж байсан. Мөн ээжийг зодох гээд байхаар нь дундуур нь орж салгах гэтэл хоолойг минь боож унагаагаад халуун гал руу түлхэж унагаасан. Одоо ч гэсэн сорви нь байгаа. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баясгалан зоогийн газарт туслах ажилтнаар ажилд ороод 10 хонож байхад ээжийг минь зодоод байна гэж Мягаа эгч хэлэхээр нь ах руу хэлэх гэтэл ах эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд аргаа бараад ажлаасаа гарч ээжийн дэргэд байх гээд суманд иртэл хэсгийн төлөөлөгч ээжийг хамгаалах байр луу аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27, 31-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрт нь очтол Мөнхболд эхнэрээ дандаа энд тэнд худал юм ярьж явдаг гөлөг, жингэр гэж доромжлоод намайг гэрээсээ чирч гаргаад үүдээ түгжээд Лхагвааг зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 73-74, 77-85-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 149 дугаартай:
1. *****************биед хоолой, баруун зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя. зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. *****************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэврийн хуулбар (хх-ийн 66-68, 104-108, 110-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000143 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *****************байнга зодсон ба хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан. Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг.
Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгодог. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангадаг. Шүүгдэгч *****************нь 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 08 дугаар саруудад эхнэр *****************зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг үйлдэж тус шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар албадан сургалтад хамруулж, 7 хоног, 13 хоногийн хугацаагаар тус тус баривчлах шийтгэл оногдуулсныг эдэлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэж байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Лхагвасүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *****************(хх-ийн 15-19-р хуудас), гэрч *****************(хх-ийн 23-р хуудас), гэрч *****************(хх-ийн 24-р хуудас), гэрч *****************(хх-ийн 27, 31-р хуудас), гэрч *****************(хх-ийн 39-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 73-74, 77-85-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 149 дугаартай дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ц.Лхагвасүрэн нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *****************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 110-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *****************хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *****************цагдан хоригдсон 5 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 40 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****************Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************цагдан хоригдсон 5 (тав) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 40 (дөч) цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2138000000143 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР