| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Гт холбогдох эрүүгийн 2017000000055 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, дээд боловсролтой, банк, санхүүгийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг,................. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Г /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадаа Э.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр болон толгой руу гараараа цохих, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн оройн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадаа Э.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр болон толгой руу гараараа цохих, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн оройн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төмөр замд явж байгаад найз Ттай таарсан. Т манай гэрт очьё, эхнэр хоол унд хийчихсэн байгаа гэхээр нь Хонхорын 9-р байранд байх гэрт нь очиход Тын найз охин, мөн дүү нь байсан. Тэднийд очоод байж байтал Т ойрд уулзаагүй гээд 1 шил Орос архи задалсан. Түүнийг хувааж уугаад сууж байтал түүний утасруу Т залгаад ярьсан. Тэгээд удалгүй Т тэдний гэрийн гадаа ирчихлээ гээд Т гарч оруулсан. Т ирэхдээ Э, О нарын хамт 1 шил архитай ирсэн. Тэгээд архи ууж байхад О тасраад тэдний орон дээр унтаад өгсөн. 21 цаг өнгөрөөд тэднийхээс гарахаар болоод Т Оын гутлыг өмсгөх гээд байж байхад нь би өрөөсөн гутлыг нь аваад үүдрүү шидчихсэн. Т надад хандаад Оыг дээрэлхээд гээд маргалдсан. Тэгээд тэр айлд маргалдаад яахав гадаа гарч учраа ольё гээд түрүүлээд гарсан. Би Тгийнд байж байтал Т надруу залгаад гараад ир гээд байсан. Тгийн хамт гарахад Т байрны зүүн хойд талд байдаг саадны дэргэд очоод зогсчихсон намайг дуудаад хоёулаа зодолдоё гээд байсан. Тэгээд би Т дээр очоод шууд зодолдсон. Тэр миний нүүрлүү гараараа 2-3 удаа цохисон би зөрүүлээд нүүр толгой, толгойн ар хэсэг дагз орчимд хэд хэдэн удаа гараараа цохиход толгойгоо дараад доошоо суучихсан. Суучихсан байхад нь нүүрлүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Т ирээд бид нарыг салгасан... Би найз Тийг зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Төөс уучлалт гуйсан, сайн дураараа эвлэрсэн... гэсэн мэдүүлэг./хх-ийн 13-14, 34-35-р тал/
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн үед би Хонхор руу хамт ажилладаг Эын найз Оын хамт алхаж очсон. Этой утсаар ярихад тэднийд 1 шил архи байгаа гэхээр нь уух гэж тэднийд очсон. Тэднийд очиход тэр гэртээ ганцаараа байсан бөгөөд бид 3 тэдний гэрт байсан 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд би хуурай дүү Тынд очно гээд хэлсэн байсан болохоор очих гээд утасруу нь залгаад очлоо гэдгээ хэлсэн. Тэгээд бид гурав 20 цаг өнгөрч байхад Эынхоос гараад дэлгүүр орсон боловч дэлгүүр хаасан байхаар нь шууд Хонхорын 9 дүгээр байрны хойд талаасаа 2 дахь орц, 4 давхарт Тгийнд очсон. Тэднийд Тын найз охин, дүү нь байсан, Г Т 2 архи уугаад сууж байсан. Тэгээд бид хэд архийг нь хувааж ууж дуусгаад 21 цаг өнгөрч байхад тэднийхээс гарахаар болсон. Архи ууж байхад манай найз О тасраад орон дээр унтчихсан байсан. Би түүнийг авч явах гээд гутлыг нь өмсгөөд зогсож байтал Г Оын өрөөсөн гутлыг нь тайлаад үүдрүү шидчихсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаад тасарчихсан найзыгаа яагаад ингэж байгаа юм бэ гэхэд Г яадаг юм гээд өөдөөс үг сөрснөөс болоод бид 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би айлд маргалдаад яахав гадаа гарч учраа ольё гээд түрүүлээд гарсан. Г миний араас Тын хамт гарч ирсэн. Г бид 2 маргалдаад байрны зүүн хойд талд байдаг саадруу явсан. Тэгээд бид 2 дээгүүрх хувцаснуудаа тайлсан нэг л мэдэхэд толгойгоо дараад газар суучихсан байсан. Би өөрөө нилээн согтсон байсан болохоор түүнийг цохисон үгүйгээ санахгүй байна. Миний хувьд ямар нэг гомдол, санал хүсэлт байхгүй. Бид 2 найзууд байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх 8-9-р тал/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найз Гтэй гэртээ 1 шил Водка нэртэй архи уугаад байж байхад манай хуурай ах Т залгаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэтэл очоод залгая гээд утсаа тасалсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Т ирсэн. Тухайн үед манай гэрт манай найз охин Ж, манай хамаатны дүү Дэлгэрцогт, манай найз Г нар байсан. Т ах ирэхдээ О, Э нарын хамт ирсэн. Тэр 3 ирэхдээ халамцуу архи үнэртүүлсэн, 1 шил 0,75 литрийн Экс нэртэй архитай ирсэн. Тэгээд тэр архийг ууж байтал О тасраад унтаад өгсөн. Архиа ууж дуусгаад 21 цаг өнгөрч байхад хүмүүс явахаар болоод Т Оын гутлыг өмсүүлээд зогсож байтал Г өмсгөх гэж байсан гутлыг нь үүдрүү шидчихсэн. Тэгтэл Т Гт хандаад чи тасарсан найзыгаа дээрэлхээд байгаа юм уу гээд маргалдсан. Тэгэхэд Г айлд маргалдаад яахав гадаа гарч учраа ольё гээд Т түрүүлээд гарсан. Би араас нь Гтэй хамт гараад очиход манай байрны орцны зүүн хойно байдаг саадны гадаа зогсож байсан. Тэгээд Т Гийг нааш ир гэж дуудаад тэр 2 хоорондоо шууд цохилцоод эхэлсэн. Гадаа харанхуй болчихсон тэр хоёрын байгаа газарт шонгийн гэрэл бүдэг тусч байсан. Би тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь очоод салгасан. Намайг очиход Т толгойны ар хэсгээ 2 гараараа дарчихсан явган сууж байсан бөгөөд намайг очиход Г Тийн нүүр рүү нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Гийг болиулаад Тийг аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би Оын хувцсыг нь өмсгөөд түүнийг сэрээгээд аваад гарсан. Гадаа гарахад Тийн хамарнаас нь цус гарчихсан, хамар хугарчихлаа гээд хамраа дараад байж байсан. Г түүнийг цохичихсон гэж байсан. Тэгээд Тийг Т аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай дүгнэлтэд:
- Э.Тийн биед толгойн оройд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор өнцөгт, хамрын нуруунд, баруун хацарт зулгаралт гэмтлүүд учирчээ.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Толгойн оройн няцарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний дотор өнцгийн зулгаралт, хамрын нурууны зулгаралт, баруун хацрын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/
Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтэд:
- Б.Гийн биед хүзүүнд, зүүн бугалгад гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Т, гэрч Э.Э, Э.Т нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №152 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000000055 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ