Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Д-д холбогдох 2116000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ц овгийн Р-н Д.

Шүүгдэгч Р.Д  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  22 цагийн цагийн орчимд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багийн нутаг дэвсгэр ******* толгой гэх газар оршин суух Д.Г-н гэрт хаанахын юм, танихгүй юм байна гэж Г.Д-тэй маргалдан түүний хэвлийн зүүн дээд хэсэгт хутгаар хатгаж биед зүүн эгмийн дунд шугамаар нумрах хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Р.Д-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  22 цагийн цагийн орчимд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багийн нутаг дэвсгэр *********** гэх газар оршин суух Д.Г-н гэрт хаанахын юм, танихгүй юм байна гэж Г.Д-тэй маргалдан түүний хэвлийн зүүн дээд хэсэгт хутгаар хатгаж биед зүүн эгмийн дунд шугамаар нумрах хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Р.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Р.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б, Э, О нар мотоцикль аваад аймгаас гарсан. Замдаа нэг шил архи уугаад ************* гэдэг газар цэргийн он жав Г-нд буугаад гаръя гээд очсон. Тэнд очиход Г.Д, Н, Ө нар байсан. Намайг гэрт ороход надтай хамт явж байсан хүмүүс гадаа байсан. Намайг ороход Г.Д гэдэг хүнтэй маргалдсан. Би уг нь цагаач гэж доромжлоогүй юм. Намайг согтуу далжганасан явж байгаа юм гээд тэрнээс болж маргалдсан. Г.Д намайг гараад учраа олъё гэсэн. Би гарна гэж юм яриагүй байсан. Айлаас гаралгүй намайг үсдэж унагаад дээрээс дэвсээд байсан. Тэнд байсан хүргэн нь бас нийлээд байсан. Тэгээд манай хамт явсан хэд салгаад Г.Д нь намайг зодно гээд би үүдний цаанаас хутгалсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ... Өөрийнхөө эвхэгддэг хутгаар гэмтэл учруулсан ... Тэр *********** гэдэг газар манай сумаас 70 гаруй километр орчимд байдаг. Хэрэг болсон үед нь тэндээс унаа гаргаад өөрийн зардлаар сумын төв рүү авч ирсэн. Сум дээр ирээд эмчилгээ хийнэ, цус тогтоодог тарилга хийнэ гээд байж байхад 2 цагдаа намайг ирээд аваад явсан. Намайг цагдаагийн байранд байхад эмнэлэг дээрээс хохирогч унаа олоод явсан байсан. Би зардлыг нь маргааш өглөө нь гарч ирээд өгсөн. Бэлнээр мөнгө өгөөд дараа нь шатахуун түгээх газраас баримт авсан юм. Эм тариа, эмчилгээний мөнгө, орны мөнгийг нь төлсөн. Картнаас төлсөн ... Нийт 1.200.000 гаруй төгрөг өгсөн. Эмнэлгээс гараад хөдөө явах гэж байна гэхээр нь 500.000 төгрөг өгсөн юм гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед би хонио хотлуулчхаад Г гээд найзындаа манай саахалтын хүн Н-г аваад, манай хүргэн Б эхнэр хүүхдийн хамт бид нар яваад очсон. Очоод байж байсан чинь Д, У, гээд залуу тэгээд бас танихгүй хоёр залуу 4 хүн Г-нд ирсэн... Д хэл амаар доромжлоод байсан. Намайг гуйлгачин, цагаач, чи яахаараа манай нутгийнх байдаг юм гээд байсан. Тэгээд Д гарья хоёулаа зодолдъё гэхээр нь би очоод Д-н хүзүүн хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд У Д-г аваад гарсан. Гаднаас Д гараад ир гээд над руу орилоод байсан. У гэрийн хаалган дээр хаалга онгорхой Улаанаа Д-г оруулахгүй гээд зогсож байсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гээд гэрийн үүд хэсэг буюу босгон дээр очиход гэрийн гаднаас Д миний цээжний зүүн хэсэгт гараараа цохих шиг болсон. Тэгээд би ухраад дахиад гэрийн гадна байсан Д руу харахад гарт нь хутга шиг зүйл гялтганаж харагдсан. Би хутгалуулсан эсэхээ мэдээгүй, гараараа цохилоо гэж бодсон. Тэгэхээр нь би наад Д чинь гартаа хутга барьчихсан байна гэсэн чинь гэрт байсан Б манай хүргэн очиж гараас нь хутгыг нь салгасан... Тэгээд цээж рүүгээ хартал цус гоожоод тогтохгүй байсан... Д гэрийн гадаа байж байгаад намайг гэрийн босгонд дөхөөд ирэх үед гэрийн гаднаас миний цээжний хэсэг рүү 1 удаа хутгалсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ12-14/,

Хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг болж байхад манай эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Ц утсаар ярихад манай эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирсэн байна гэхээр нь яваад очтол хутгалуулсан гэсэн Г.Д гэдэг хүн байсан ... Цээжний зүүн хэсгийн 11-р хавирганы орчим урд талдаа ойролцоогоор 3х4 хэмжээтэй зүсэгдсэн шархтай, шархнаас цус урсан гарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ18-19/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед манайд Г.Д, Н, Б эхнэртэйгээ ирсэн байж байтал мотоциклтой хүмүүс ирсэн юм. Тэгээд мотоцикльтой ирсэн дөрвөн залуу манайд орж ирээд мэнд ус мэдчихээд Д нь Г.Д-г чи хаанахын хэн бэ? Харж үзээгүй хүн байна гэхэд Г.Д чи намайг танихгүй байх, би бол энэ нутгийн хүүхэд, танай ээж, аав чинь намайг сайн таних байх гээд л тэгээд хоорондоо барьцалдаж аваад байж байсан. Тэгсэн чинь Д гэдэг залуу Г.Д-г гараад ир чи муу пизда минь гэж хэлэхэд Г.Д ахыг У гэдэг залуу гаргаагүй юм. Тэгээд байж байсан чинь Г.Д ах хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд дээлээ тайлахад гэдэсний хэсгээс нь цус гарч байсныг манай нөхөр Г арчиж цэвэрлэж өгсөн юм... Наад Д чинь хутгалчих шиг боллоо гээд дээлээ тайлахад цус гарч байсан юм ... Би тэр хутгыг нь харсан жижигхэн бор иштэй, эвхэгддэг тонгорог байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төвөөс Э, Д, О нарын хамтаар Говь-Алтай аймгийн төвөөс мотоцикл аваад замдаа явж байхдаа Д, О, Э нар нь нэг шил архи уучхаад гэртээ харих замд Д ах манай цэргийн найз Г-нд орчхоод явъя гээд бид нар Г-нд ороход 5-6 хүн сууж байсан юм ... Д ах Г.Д гэдэг хүнтэй маргалдаад байж байсан ... Тэгээд нэг харахад Д гэрийн гадаа хаалган дээр нөгөө ах Г.Д-г гаргахгүй гээд Э хаалган дээр зогсож байтал Д намайг хутгалчихлаа гээд Г.Д нь дээлээ тайлахад гэдэс хавиас нь жаахан цус шүүрсэн байсан ... Д бол уусан байсан, нэлээд согтолттой байсан... Аймгийн төвөөс гараад явж байх замдаа мотоциклийн масло солиход бор иштэй тонгорог биедээ авч явж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ34-35/,

Гэрч З.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Д гараад явсан тэгтэл Г.Д гарах гэтэл Улаанаа гэдэг залуу гаргахгүй гээд хаалга алдлаад зогсож байтал Д нь Улаанаагийн суганы доогуур Г.Д-н цээж рүү цохих шиг болоход “пөк” гэж дуугарсан. Тэгсэн чинь Г.Д наад Д чинь миний цээж рүү нэг юмаар дүрчихлээ гэхэд Галаа наад залуу чинь гартаа мотоциклийнхоо түлхүүрийг барьчихсан байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Д-н ороод ирэхээр нь гарыг нь бариад авахад гартаа хутга барьсан байсан... бид нар айлд сууж байтал Д нь гаднаас орж ирээд Г.Д рүү шууд л чи хаанахын гөлөг вэ хараагүй нүүрний арьс байх чинь гэж хэлээд маргалдаж эхэлсэн юм... Би харсан жижигхэн эвхэгддэг бор иштэй тонгорог байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ48-50/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаартай  “... 1. Г.Д-н биед гэмтэл учирсан байна.

2. Г.Д-н биед зүүн эгэмний дунд шугамаар хавирганы нумрах хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4. Г.Д-н биед учирсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтоно алдалтад нөлөөлөхгүй.

6. 7. Тус албанд лабораторын шинжилгээ хийгдэх боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /ХХ81-82/

Шинжээч Б.Мөнх-Оргилын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн үзмэн ягаан өнгийн дээл, ногоон алга өнгийн юдэнтэй цамц, хөх өнгийн дугуй босоо захтай цамц, шар өнгийн дугуй захтай футболк зэрэг хувцаснуудын зүүн энгэр хэсэгт 1 ширхэг гэмтэл үүссэн байх ба уг гэмтлүүд нь зах ирмэг нэгэн жигд зүсэгдэж, сэмэрч ханзарсан зүйлгүй байх тул зүсэгдэлт гэж үзэж байна. Эдгээр зүсэгдэлтүүд нь шинэ зүсэгдэлтүүд байх ба цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн дугай захтай футболкны зүүн энгэрт үүссэн байх 3 ширхэг гэмтэл нь зах ирмэг нэгэн жигд зүсэгдэж, сэмэрч ханзарсан зүйлгүй байх тул зүсэгдэлт гэж үзэж байна. Уг зүсэгдэлтүүд нь хурч ирмэгтэй, мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эдгээр зүсэгдэлтүүд нь шинэ зүсэгдэлтүүд байх ба цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр гадаргууд давхардаж үүссэн байх боломжтой.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн байх уг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй эвхэгдэдэг хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ103-106/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ107-111/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-6/, Хохирогч Г.Д-н өмсөж явсан хувцаснуудыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ67-71, эвхэгддэг хутгыг эд мөрийн баримтаар хурааж авсан тэмэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ76-78/,  Хохирогч Г.Д-н өмсөж явсан хувцсан хийсэн Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-820/185 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ95-98/, Өвчний 977 дугаартай түүхийн хуулбар /ХХ119-129/, хэрэгт  хураагдаж ирсэн эд мөрийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Р.Д нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Д-н өмсөж явсан хувцсанд Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-820/185 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ95-98/-ээр 80000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар шүүгдэгч Р.Д хохиролд 903500 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Р.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан бор алаг өнгий иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг, хохирогч Г.Д-н өмсөж явсан нил ягаан өнгийн хуучин дээл 1 ширхэг, ногоон алаг өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хоолойн хэсэгтээ цахилгаантай урдаа хээтэй цамц 1 ширхэг, шар өнгийн урдаа R үсгэн бичиглэлтэй дугуй захтай футволка 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Р.Д хохирогч Г.Д-д 903500 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц овгийн Р-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Д-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор алаг өнгий иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг, хохирогч Г.Д-н өмсөж явсан нил ягаан өнгийн хуучин дээл 1 ширхэг, ногоон алаг өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хоолойн хэсэгтээ цахилгаантай урдаа хээтэй цамц 1 ширхэг, шар өнгийн урдаа R үсгэн бичиглэлтэй дугуй захтай футволка 1 ширхгийг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Р.Д хохирогч Г.Д-д 903500 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА