Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0110

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагч О.Х нарыг оролцуулан “ТЭСӨП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НМХГ ХУДД ХХУБ О.Х-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Нэхэмжлэгч “ТЭСӨП” ХХК нь ажилтан Ц.А, Б.Б, А.Н, Э.Б нартай харилцан тохиролцсон тул улсын байцаагч О.Х нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02-06-062/28 тоот актад дурдсан дээрх ажилчдын 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговрын дүнд өөрчлөлт оруулахаар тохирсон болно. Хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрэхээр шийдвэрлэсэн тул эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02-06-062/28 тоот актаар “ТЭСӨП” ХХК-ийн 4 ажилтан болох Ц.А, Б.Б, А.Н, Э.Б нарын ажилласан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор болох 7804900 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг цалинг бодохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл, ажлын цагийг нэгтгэн бодох журмын дагуу бодож акт тавьсан. Гэтэл “ТЭСӨП” ХХК-ийн ажилтнууд ажил олгогчтой цалин хөлсөө тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан тул актын дүнгээ өөрчлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагч О.Х нар эвлэрлийн гэрээндээ: “…талууд дор дурдсан нөхцөлийг харилцан зөвшөөрч эвлэхээр болов. 

1. “ТЭСӨП” ХХК нь ажилтан Ц.А, Б.Б, А.Н, Э.Б нартай харилцан тохиролцсон тул талууд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02-06-062/28 тоот актад дурдсан 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговрыг дор дурдсанаар өөрчлөхөөр тохиров. Үүнд: 

Ц.А 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 317,791.56 төгрөг, ээлжийн амралтын олговор 741,513.64 төгрөг, нийт 1,509,305.20 төгрөг, 

Б.Б 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 114,060.12 төгрөг, ээлжийн амралтын олговор 266,140.28 төгрөг, нийт 380,200.40 төгрөг, 

А.Н 168,461.16 төгрөг, ээлжийн амралтын олговор 393,076.40 төгрөг, нийт 561,537.20 төгрөг, 

Э.Б 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 336,282.48 төгрөг, ээлжийн амралтын олговор 784,659.12 төгрөг, нийт 1,120,941.60 төгрөг болно. 

2. “ТЭСӨП” ХХК нь Ц.А, Б.Б, А.Н, Э.Б нарт энэ тохиролцооны 1-д заасан цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговрыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны дотор олгохоор тохирсон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТЭСӨП” ХХК нь шүүхэд “...Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02-06-062/28 тоот актыг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х нар нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч компани нь ажилтан Ц.А, Б.Б, А.Н, Э.Б нартай харилцан тохиролцсон учраас маргаан бүхий актад ажилтан Ц.А-ын хувьд 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 317,791.56 төгрөг, ээлжийн амралтын олговор 741,513.64 төгрөг, нийт 1,059,305.20 төгрөг, Б.Б-ийн хувьд 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 114,060.12 төгрөг, ээлжийн амралтын олговор 266,140.28 төгрөг, нийт 380,200.40 төгрөг, А.Н 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 168,461.16 төгрөг, ээлжийн амралтын олговор 393,076.40 төгрөг, нийт 561,537.20 төгрөг, Э.Б 1-4 дүгээр сарын цалингийн зөрүү 336,282.48 төгрөг, ээлжийн амралтын олговор 784,659.12 төгрөг, нийт 1,120,941.60 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж, уг өөрчилсөн дүнгээр цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговрыг дээрх 4 ажилтанд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор олгохоор тохиролцсон болно” гэж тусгажээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаварыг тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан “ТЭСӨП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х-т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “ТЭСӨП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х нарын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ