Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 913

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******сүх даргалж, тусшүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ******* /РД: 

Хариуцагч:  ******* /РД: 

Зээлийн гэрээний үүрэгт 7 038 000  /долоон сая гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмөгөөлөгч К.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.                                                                                             

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь хариуцагч Ч.*******тай  2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, тус гэрээгээр 10 000 000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өдөр бүр 240 000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон боловч 4 135 000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлбөр хийгээгүй. Иймд үлдэгдэл зээл 5 865 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1 173 000 төгрөг, нийт 7 038 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон хүү тооцсон хэсгээс татгалзаж байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээ зөрчилтэй, хуулийн шаардлага хангаагүй байна. Мөнгийг авсан өдрийн дараачийн өдрөөс эхлэн өдөр бүр 240 000 төгрөгөөр зээлийг буцаан төлж эхлэхээр тохиролцсон нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаа болох 50 хоногийн дараа хүүгийн хамт төлөх ёстой байсан. Алдангийг хэдэн төгрөгөөс, хэдий үеээс эхлэн тооцсон нь тодорхойгүй тул зээлийн үндсэн төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Хариуцагч бодит байдал дээр эд хөрөнгө байхгүй, төлбөр төлөх чадваргүй, өөрийн биеийн байдал  муу байгаа болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 0380 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлдэгч Ч.******* нь зээлдүүлэгч Б.*******аас 10 000 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй авах, үндсэн зээл, хүү нийт 12 000 000 төгрөгийг өдөр бүр 240 000 төгрөгөөр зээлдүүлэгчийн дансанд болон бэлнээр төлж дуусгахаар тохиролцсон байна.  

Зээлийн гэрээг байгуулсан, хариуцагч Ч.******* мөнгийг шилжүүлэн авсан тухайд талууд маргахгүй, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлана.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн Б.*******ын Худалдаа хөгжлийн банк дах 417004993 тоот дансны хуулгаар хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 16 удаагийн шилжүүлгээр 2 900 000 төгрөг төлсөн нь тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч тайлбартаа нийт 4 135 000 төгрөгийг хүлээн авсан гэж дурдсанаас үзэхэд хариуцагч 1 235 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг хариуцагч хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй  бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хүү тооцсон 12 000 000 төгрөгөөс бус бодитоор шилжүүлэн өгсөн 10 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4 135 000 төгрөгийг хасч, үндсэн төлбөр 5 865 000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 1 173 000 төгрөг, нийт 7 038 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон, тооцсон анзын хэмжээ хуульд заасан хэмжээнд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, зөвхөн гэрээгээр тохирсон хүү, алданги, төлбөрийн нөхцлийг хууль зөрчсөн хэмээн мэтгэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  хэсэгт  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******аас 7 038 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127 558  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.БАТСҮХ