Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

   2021        06          07                                   2021/ШЦТ/333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Ундармаа,

  шүүгдэгч О.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   О.С-ад холбогдох эрүүгийн 2111 00000 0401 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсын 1 дүгээр эмнэлэгт үйлчлэгч, ам бүл 4 ээж хүүхдүүдийн хамт,                             тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэл байгаагүй,

  О.С, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны156 тоотод 2021 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Ж.Амаржаргалын хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Амаржаргалын “...Бид 3 хамт дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 3 ширхгийг аваад гэрт орж ирээд гурвуулаа дундаа тавиад хувааж уугаад юм яриад сууж байснаас хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэрт яаралтай түргэн тусламжийн эмч ирчихсэн, би орон дээрээ хэвтчихсэн, гэдэсний доод хэсгээс цус гарч тэрийг нь эмч оёж байсан. Тэгээд эмнэлэг ирээд явсны дараа тэр чигтээ унтаад өглөө сэрсэн. Сэрээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад бид хоёр хоорондоо маргалдсан. Яг юунаас болсныг нь эхнэр бас сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаад зогсож байхад О.С салгах гэж оролдоод дийлэхгүй ширээн дээр шилэн аяганд байсан хутгыг аваад миний гэдэс рүү хутгаар нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч З.Нандинцэцэгийн “...О.С манай Амаржаргалтай юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд хоорондоо барилцаж аваад ширээн дээр байсан хутга халбаганы саван дотор байсан шар иштэй хутгыг аваад шууд манай нөхрийн хэвлийн зүүн доод хэсэгт нэг удаа хатгасан. Тэгээд би энэ хоёрыг болиулаад сууж байтал манай нөхөр ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2896 дугаартай шинжээчийн “...Ж.Амаржаргалын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, Дээрх гэмтэл нь хурц үзүүр, ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.С-ын “...2021 оны 03 сарын 30-ний орой 16 цаг өнгөрч байхад ажлаа тараад цуг ажилладаг найз Нандинцэцэгийн хамт гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 12 хороо булгийн 2-156 тоотод байх нийтийн байранд нь очсон, тэгээд Нандинцэцэг бид хоёр хоол унд хийж идээд байж байхад гаднаас Нандинцэцэгийн нөхөр Амаржаргал нь ажлаа тараад 18 цагийн орчим орж ирсэн, тэгээд бид гурав ганц нэг пиво ууя гэж ярилцаад Нандинцэцэг бид хоёр эхлээд дэлгүүр явж 1 ширхэг 2.5 литрийн пиво авчраад гурвуулаа уусан...Нандинцэцэг нөхөртэйгөө гэрийнхээ үүдэнд барилцчихсан зогсож байсан. Нандинцэцэгийг нөхрөөс нь өмөөрөөд ширээн дээр аяганд халбага сэрээтэй хамт байсан нэг хутгийг аваад Амаржаргал дээр очоод хутгаараа шууд гэдэс рүү нь дүрчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх28/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны156 тоотод 2021 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Ж.Амаржаргалын хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/, хохирогч Ж.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч З.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2896 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Сын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 Шүүгдэгч О.С нь хохирогч Ж.Амаржаргалын биед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны156 тоотод 2021 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд хэвлийн зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой,  хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

 Шүүгдэгч О.С нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Иймд шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал / бага насны 3 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч О.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хохирогч Ж.Амаржаргал нь  “...гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч О.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 24 см, ажлын хэсгийн урт 12.5 см, ажлын хэсгийн өргөн 2 см шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.С-ад нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 24 см, ажлын хэсгийн урт 12.5 см, ажлын хэсгийн өргөн 2 см шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ