| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/342 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/342
2021 06 14 2021/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Г.Бямбажавын өмгөөлөгч А.Гантуяа /ҮД:0230/,
шүүгдэгч Ё.С, түүний өмгөөлөгч Т.Энхбаяр /ҮД:2833/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.С-д холбогдох эрүүгийн 2003 00498 0003 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 12-ны өдөр, Булган аймгийн Хишиг Өндөр суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүү, бэр, ач, бага охины хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Ё.С, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ё.С нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын урд 12 дугаар байрны зүүн замд “Тоёота приус-30” маркийн 59-70 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 62 настай, эмэгтэй Г.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан.Нийт 2 321 852 төгрөг төлсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Бямбажавын “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бөмбөгөр худалдааны төв орж хүнс бараа цуглуулаад ганцаараа гэрлүүгээ буцах замдаа Мандухай зочид буудлын зам 12 дугаар байрны зүүн талд явганаар зам хөндлөн гарах гээд явган хүний замаас буугаад зорчих хэсэг рүү буугаад байж байтал хажуунаас нэг автомашин орж ирээд дугуйгаараа зүүн хөлөн дээгүүр гараад би газар унасан... Газар унасны дараа миний хөл маш их өвдөөд байсан жолооч эмэгтэй бууж ирэхгүй байсан. Нэлээн удаж байгаад хүү нь бууж ирээд намайг гэмтэл явъя гээд өргөөд машинд оруулсан... Жолооч эмэгтэй эмчилгээ үйлчилгээг даана гээд байхаар нь тохиролцоод салсан. Жолоочоос эмчилгээнд ойролцоогоор 900.000 төгрөг зарцуулсан. Сэтгэл санаагаар болон бие эрхтнээрээ маш их хохирсон гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч С.Лхагвадоржийн “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ээжийн хамт шүдний эмнэлэг орох гээд аав Сосорбарамын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 59-70 УНТ улсын дугаартай автомашины ээж жолоодон би автомашины баруун хойд талд сууж явсан. Тэгээд улсын их дэлгүүр өнгөрөөд Мандухай зочид буудлын гарцаар баруун эргэж хойшоо явж байтал ертөнцийн зүгээр баруун талаас миний сууж явсан автомашины зүүн талаас хоёр автомашины дундуур нэг эмэгтэй хүн буруу хараад гэнэт гарч ирээд автомашины зүүн толь хэсэг рүү хүрсэн. Тэгээд би бууж очоод хартал толины харалдаа доор нөгөө хүн суусан байсан... ээжийн хамт машиндаа" суулган гэмтлийн эмнэлэг рүү явсан... Хөдөлгөөний ачаалал хэвийн цаг агаар тогтуун үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11831 дугаартай: “...Г.Бямбажавын биед зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, өлмийн 5-р шивнүүр ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэ, шагайн үе, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай “Явган зорчигч Гомбосүрэн овогтой Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Тоёота приус-30” маркийн 59-70 УНТ улсын дугаартай автомашины жолооч ЁНДОН овогтой Ё.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Гурав. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;”,“19.1.Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй.
“Тоёота приус-30” маркийн 59-70 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ёндон овогтой Ё.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ё.С-гийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутын орчим шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор нөхөр Сосорбарамын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 59-70 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон хүү С.Лхагвадоржийн хамт Мандухай зочид буудлын урд талын 12 дугаар байрны зүүн замд урдаасаа хойшоо чиглэлд явж байхад хоёр автомашины дундуур явган зорчигч ертөнцийн зүгээр хойшоогоо харж гарч ирээд толь хэсэг рүү мөргөөд унасан. Би айгаад миний хүү буугаад харчих гээд хүүгээ буулгасан чинь миний хүү даахгүй шинжтэй байхаар нь би харж байгаад араас нь буугаад очоод хамт өргөж замаас зүүн тийш гаргаад сандал дээр суулгасан. Утас байна уу? Би хүүхдүүд рүүгээ залгая гэхээр нь би өөрийн утаснаас залгаж яриулсан. Тэгээд миний хүү барьж явсан тортой зүйлийг нь гэрт нь оруулж өгөөд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход миний хүүхэд үзлэгийн өрөө рүү өргөж оруулсан. Би эмчтэй уулзсан зүүн хөлийн хоёр хуруу гэмтсэн, зүүн хөл шалбарсан гэж гипсдэж харъяа дүүргийн эмнэлэгт үзүүлж шархаа боолгоорой хэвтэх шаардлага байхгүй гээд зөвлөгөө өгч гаргасан. Эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 87/, жолоодох эрхийн лавлагаа /хх 88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 90/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 91/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.С нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын урд 12 дугаар байрны зүүн замд “Тоёота приус-30” маркийн 59-70 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 62 настай, эмэгтэй Г.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/, хохирогч Г.Бямбажавын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч С.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11831 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 71-72 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.С-гийн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.
Жолооч Ё.С нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 62 настай, эмэгтэй Г.Бямбажавыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, түүний улмаас үүссэн хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Ё.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 54-55, 71/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ё.С-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан
Иймд шүүгдэгч Ё.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ:
Шүүгдэгч Ё.С-д 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ё.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ё.С нь хохирогч Г.Бямбажавын эмчилгээний зардалд 2.321.852 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ё.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.С-г 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ё.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ё.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ