| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0230/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/250 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Г.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2011 016710116 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 120-05 оотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/;
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зуслангийн задгайд оршин суух иргэн С.Чийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.095.540 /нэг сая ерэн таван мянга таван зуун дөч/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Г.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 120-5 тоотоос би ганцаараа 22 цаг өнгөрч байхад гараад ээж Гэрэлцэцэгийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зуунмод зусланд байх гэр лүү очих гээд явсан юм. Тэгээд явах замдаа би 1 шил архи аваад уугаад явсан ба ээжийн гэрт очиход ээж намайг согтуу байна гээд гэртээ оруулаагүй юм. Тэгээд би гэрээс гараад ээжийн танил найз Чулуунцэцэгийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зуун модны задгай тоотод байх гэр лүү очиход гэрт нь хүн байхгүй, хаалга нь цоожтой эзэнгүй байсан. Тэгэхээр нь би Чулуунцэцэгийн гэрийн үүдний амбаарын цонх онгорхой байхаар нь би уг цонхоор ороод будаа агшаагч, 2 ширхэг чемодантай хувцсыг аваад буцаад цонхоороо аваад гарсан ба Чулуунцэцэгийн гэрээс гараад замаас такси бариад Чингэлтэй дүүргийн 19-р хороо Ар согоотын байх дүү Батзоригийн гэрт очсон. Тэгээд би 2 чемодантай хувцас болон будаа агшаагчийн дүү Батзоригийн хашаанд байх өөрийн байшингийн хажуу талд гэрийн хажууд байх амбаар болон гэр хоёрын хооронд нуучхаад би уг гэр лүү ороод ганцаараа унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод архи авч уух гээд мөнгөний хэрэг гараад будаа агшаагчийг аваад дүү Батзоригийн гэр лүү ороход Батзориг ажилдаа явсан байхаар нь эхнэр Нямгэрэлд манай танилын эд зүйл байгаа юм, надад өгсөн юм гэж худлаа хэлээд 12.000 төгрөгөөр будаа агшаагчийн зарсан. Тэгээд би Гэрлээгээс авсан мөнгөөрөө дэлгүүр орж 1 шил архи авч ганцаараа уучхаад буцаад Батзоригийн гэр лүү явсан ба очоод нөгөө хоёр чемодантай зүйлийг авч явах гэж байгаад тасраад унтаад өгсөн байсан ба намайг бэр Нямгэрэл сэрээсэн. Тэгээд надаас юун чемодан аваад ирсэн юм гэж асуухаар нь би хүний юм байгаа юм байлгаж байгаарай эзэн нь тэгж байгаад ирж авна гэж хэлээд Батзоригийн байшингийн үүдний амбаарт хадгалуулчхаад Сонгинохайрхан дүүрэгт байх гэр лүүгээ явсан ба тэнд байж байхад хэд хоногийн дараа манай дүү Батзориг утсаар яриад намайг хулгай хийсэн байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, /хх-91-93/
Хохирогч С.Чээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..“Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлах зуслангийн байшиндаа сүүлийн 7 жил орчим хугацаанд амьдарч байгаа юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зуслангийн байшиндаа ирэхгүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 11 -ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонх онгорхой гэр доторх эд зүйл замбараагүй болсон байсан тул хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гэрээсээ алдсан эд зүйлийг цагдаа нарыг ирээд үзлэг хийгээд явсны дараа бүртгэж үзэхэд хар өнгийн чемодантай хувцас, хар ногоон өнгийн цүнхтэй хувцас, будаа агшаагч, хурган дотортой цэнхэр өнгийн дээл, үнэгэн захтай хар өнгийн гадуур хувцас, шар алаг өнгийн цасны хувцас. Би цүнх, чемоданд байсан эд зүйлийг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна..” хохиролоо барагдуулаагүй тул гомдолтой байна. Шүүх хуралд оролцорхгүй. гэсэн мэдүүлэг, тэмдэглэл /хх-19. 96/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24/ “..2020 оны 09 сарын дундуур нөхөр Батзоригийн төрсөн ах Гансүх овогтой Баярсайхан нь намайг хүүхэдтэйгээ байж байх үед орж ирээд будаа агшаагч авах уу гээд цагаан өнгийн Redmond загварын будаа агшаагч үзүүлсэн, Тэгээд надаас 15,000 төгрөг аваад явсан ба удалгүй хашаан дотор 2 цүнхтэй зүйл дэрлээд согтуу хэвтэж байсан. Тэр цүнхтэй зүйл дотор нь юу байсныг мэдэхгүй ба яг тэр чигээрээ одоо манай байшинд байгааг гарган өгч байна..” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/, Дамно компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-45/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-48/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-49-54/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-60/, шүүгдэгч Г.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зуслангийн задгайд оршин суух хохирогч С.Чийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хар өнгийн чемодантай хувцас, хар ногоон өнгийн цүнхтэй хувцас, будаа агшаагч, хурган дотортой цэнхэр өнгийн дээл, үнэгэн захтай хар өнгийн гадуур хувцас, шар алаг өнгийн цасны хувцас зэрэг эд зүйлийг нууцаар авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Эдгээр эд зүйл нь “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.095.540 төгрөгөөр үнэлэгджээ.
Шүүгдэгч Г.Бы дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчоос хулгайлсан эд зүйлийг Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.095.540 төгрөг гэж тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн өмсөж байсан хуучин 720.000 төгрөгөөр үнэлэгдсэн цэнхэр өнгийн хурган дотортой дээл, 137.400 төгрөгөөр үнэлэгдсэн хар хөх өнгийн үнэгэн саарал захтай дээл, 35.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн цасны хувцас, 96.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн нэхий хүрэм зэргийг хохирогчид буцаан өгч хохиролыг төлж барагдуулаагүй байна. Харин бусад эд зүйлсийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгч Г.Баас 988.400 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуунмодны зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Бэрсүүд овогт Сундуйн Чулуунцэцэгт /РД:ХМ77082705/ олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж шүүхээс шүүгдэгч Г.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч С.Чт 988.400 төгрөг төлөх төлбөртэйг тогтоосны дараа шүүгдэгч болон, түүний өмгөөлөгч нараас хохирогчид төлбөр төлөх талаар шүүх хуралдааны завсарлага авах хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Баас 988.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуунмодны зуслангийн задгай тоотод оршин суух / олгосугай.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР