Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Д.У, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Уд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016060213 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд хуулийн мэргэжилтэн, ам бүл 4, нөхөр, хүү, эмээгийн хамт, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч Д.У нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хохирогч С.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Уас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

          Шүүгдэгч Д.Уас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2018 оны 5 дугаар сард “Буянт-Ухаа-2” хотхонд хүмүүсийг түрээсийн байранд оруулж өгнө гэж бусдыг хуурч мөнгө авч болж байгаа талаар сонссон ба тэр үед надад мөнгөний хэрэг гараад байсан тул мөнгө олох зорилгоор өөрийн танил хүмүүстэй би “Буянт-Ухаа-2” хотхонд урьдчилгаа мөнгийг аваад түрээсийг cap сард төлөх нөхцөлтэйгээр байранд оруулж өгнө, яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой. Надад Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, найдвартай, цөөхөн хэдэн байр үлдчихээд байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би найз Билгүүнд хэлсэн чинь Билгүүн өөрийн эгч Лхагвасүрэнд түрээсийн байранд оруулах талаар хэлсэн чинь Лхагвасүрэн эгч надтай холбогдож байгаад миний дансны дугаарыг аваад Эрдэнэбулган гэх хүнд өгсөн байсан ба Эрдэнэбулган надтай утсаар ярьж холбогдож байранд ормоор байна гээд сонирхоод асуухаар нь би “Буянт-Ухаа-2” хотхонд 2-3 өрөө түрээслээд авах боломжтой байрнууд байгаа. Гэхдээ эхлээд байранд орохын тулд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай ба 2 өрөө байрны урьдчилгаа 3.000.000 төгрөг болно. Урьдчилгаагаа төлж байранд ороод байрны мөнгийг cap бүр түрээсээр төлж байгаад яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлээд хурдхан захиалга өгөхгүй бол хүмүүс авах гээд байгаа шүү, санаа зоволтгүй найдвартай гэх зэргээр ярьсан юм. Тэгсэн Эрдэнэбулган захиалга өгмөөр байна гээд надад 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн тухайн үед ашиглаж байсан 5920259190 дугаарын данс руу шилжүүлүүлж авсан юм. Тэгээд байранд бүртгүүлэхээр хөөцөлдсөн боловч болохгүй байхаар нь мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан юм..” гэсэн мэдүүлэг 1/хх-55-56/,

 

Хохирогч С.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2018 оны 5 дугаар сард манай бэр эгч Лхагвасүрэн надтай 88540077 дугаарын утсаар яриад намайг Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд орох сонирхол байна уу. Тэгвэл манай дүү Билгүүний найз оруулна гэж байна гэсэн. Тэр нь урьдчилгаа 1 сая төгрөг өгөөд байрандаа орсон хойноо 2 сая төгрөгөө өгөөрэй гээд яриад байсан. Тэгээд би үнэхээр оруулж өгч чадахаар бол боломжтой юм байна гэсэн. Тэгвэл манай бэр эгч эхний мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгээд тэр өдөр нь чадахгүй хэд хоногийн дараа 5920259190 Ганбат гэсэн дансанд 1 сая төгрөг шилжүүлсэн. 2018 оны 7 дугаар сард дахин бэр эгч яриад орон сууц чинь ашиглалтад орох болж байна, 9 дүгээр сарын сүүлээр орох юм шиг байна. Тиймээс орох болсон найдвартай гэж байна, 2 сая төгрөгөө одоо шилжүүлэх боломж байна уу гэж байна нөгөө хүн гэсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5920259190 дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд 9 cap болоод байрандаа ороогүй. Бэр эгчээс асуусан чинь нөгөө хүн маань асуудалгүй оруулж өгнө, жоохон хойшлоод байна гэсэн. Дараа нь түрээсийн орон сууцанд оруулах сонгон шалгаруулалт болох үеэр бүртгүүлээд код өгөх байх тэрийг нь Уянгаа хэлээрэй гэсэн. Тэгээд сонгон шалгаруулалт дуусах үед код ирээд Уянгаад өгсөн. Тэгээд Уянга заавал оруулж өгнө гээд байсан..” “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-12, 16/,

 

Гэрч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 5 дугаар сарын эхээр байхаа Буянт- Ухаа 2 түрээсийн орон сууцанд урьдчилгаа 3.000.000 төгрөг өгөөд байранд оруулж өгнө гээд манай дүү Билгүүний найз эмэгтэй болох Уянгаа Билгүүнд хэлсэн байсан юм. Тэгсэн Билгүүнээ тэр талаар надад хэлсэн бөгөөд би тухайн зүйлийг өөрийн хадам дүү Эрдэнэбулганд хэлсэн. Тэгсэн манай хадам дүү болох Эрдэнэбулган тус байранд орохоор Уянгаагийн өгсөн 5920259190 дугаарын данс руу эхлээд 1.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэж байсан юм. Би Уянгаагаас асуухаар удахгүй байранд оруулж өгнө энэ тэр гэсээр байгаад өдийг хүрсэн. Сүүлдээ би Уянгаагийн дугаарыг өөрийн хадам дүү болох Эрдэнэбулганд өгсөн юм. Би тухайн үед Эрдэнэбулганыг Уянгаа гэх эмэгтэйтэй холбож өгснөөс биш ямар нэгэн мөнгө төгрөг шан харамж авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Гэрч Э.Бс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2018 онд байхаа Уянга гэх эмэгтэйтэй утсаар ярьсан ба манай ах Буянт-Ухаа 2 хотхонд түрээсээр өмчлөх орон сууцанд ажиллаж байгаа чи эхлээд 3.000.000 төгрөгийн урьдчилгаа өгчих тэгээд тэр байранд найз нь чамайг оруулаад өгье гэсэн. Тэгээд би тэр талаар Лхагвасүрэн гэх эмэгтэйд хэлсэн ба хэсэг хугацааны дараа Лхагвасүрэн эгч залгаад манай нөхрийн хамаатан Эрдэнэбулган оръё гэнээ, би орохоо болилоо гэж надад хэлсэн.Дэгсэн Эрдэнэбулган Уянгаагийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн юм шиг байна лээ. ...Буянт-Ухаа 2 хотхонд нэг баригдаж байгаа байрыг Уянга үзүүлж байсан ба энэ байр гээд нэг байр харуулж байсан. Ашиглалтад орохоор оруулна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/ болон хохирогч С.Эы Хаан банкны 5027589952 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, интернет банкаар мөнгө шилжүүлсэн баримт /хх-9-10/, шүүгдэгч Д.Уянгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.У нь хохирогч С.Эд “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Уянгыг “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Уас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Уянгыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Уд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч С.Э хохирол мөнгөө барагдуулж авсан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Уянгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР