Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 118

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ГХЯ

Хариуцагч: НЗД

 

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын ГХЯ нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 812 м.кв газарт орон сууц бариулахаар холбогдох байгууллагуудаас албан ёсны зөвшөөрөл авч, “СЗХ” ХХК-тай 83 айлын орон сууцыг 1 м.кв нь 450,000 төгрөгийн өртөгтэй бариулахаар тохирч, 2008 оны 08 дугаар сард ашиглалтад хүлээн авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. 

Энэ хугацаанд “СЗХ” ХХК гэрээний дагуу барилгын суурийг цутгаж, барилгын ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан барилгын ажилд ахиц гараагүй тул захиалагчдын зүгээс 2008 оны 11 дүгээр сард гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Мөн 2009 оны 10 дугаар сарын 08-нд 02/4143 дугаартай албан бичгээр 1 сарын хугацаатай албан даалгавар өгсөн боловч ямар нэгэн ахиц гараагүй тул 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цаашид тус компанитай хамтран ажиллах боломжгүй гэсэн мэдэгдлийг дахин өгсөн. 

“СЗХ” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Ч хөрөнгө, санхүүгийн асуудал шийдэгдсэн тухай албан бичиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар, Украйны хамтарсан гэрээ, баталгаа гарган ирүүлж, захиалагч талд итгэл үзүүлж, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. 

Дээрх компани нь барилгын ажил гүйцэтгэх графикийн дагуу тус барилгыг дуусгаж чадахгүй нь тодорхой болсон тул ГХЯ-наас 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж байгааг мэдэгдээд, барилгын талбайг чөлөөлөхийг шаардсан 02/2540 дүгээр албан бичгийг хүргүүлсэн. 

“СЗХ” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Ч энэ мэтчилэн удаа дараа барилгын газар чөлөөлөх шаардлагыг биелүүлээгүй тул ГХЯ-наас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу “СЗХ” ХХК-ийн эд хөрөнгийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Энэ хугацаанд талууд сөрөг нэхэмжлэл гаргах, тайлбартай танилцах, хариу өгөх, шинжээч томилох, дүгнэлт гаргах зэрэг асуудал удаашралтай явагдаж ирсэн. Тухайлбал, 2016 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Б тухайн газар дээр барилга үргэлжлүүлэн барих боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж, захирамж гарган хэргийг түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд шинжээчийн ажлын хөлсийг захиалагч тал төлөхөд хүндрэлтэй байсан, мөн гүйцэтгэгч талтай тохиролцоогүй тул 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ГХЯ нь 3,840,000 төгрөгийг Барилга архитектур корпорацид төлснөөр шинжээчийн дүгнэлт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарсан. 

Ийнхүү шинжээчийн дүгнэлт гарснаар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сэргээсэн бөгөөд одоо талууд шүүх хурлын товыг хүлээж байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас харвал, ГХЯ эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэгч барилгын ажлыг графикийн дагуу гүйцэтгээгүйтэй холбогдон газрыг албадан чөлөөлүүлэх яамны нэхэмжлэл шүүхийн шатанд хянагдаж байна. Гэтэл Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай ГХЯ-ны эзэмшилд байгаа 812 м.кв талбай бүхий газрыг гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа тухай Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/06/4242 дугаар албан бичгийг ирүүлсэн. 

Энэ хугацаанд дээрх газрыг ашиглах талаар яамны зүгээс зохистой шийдвэр гаргахыг эрмэлзэж ирсэн. Тухайлбал, “Орон сууц нийлүүлэх, газар шилжүүлэх тухай” 3 талт гэрээг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан үүргээ “СЗХ” ХХК биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан. Дээрх албан бичигт 10 дугаар сарын 05-ны дотор хариу тайлбар, санал ирүүлэх, Хангарьд ордны 201 тоот өрөөнд ирж, холбогдох мэргэжилтэнтэй уулзахыг дурдсан байсан. 

Үүний дагуу 10 дугаар сарын 04-ний өдөр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын төлөөлөл нь Нийслэлийн Газрын албаны зохион байгуулагч Г.А-тай тус газрын 201 тоот өрөөнд очиж уулзаж, сонсгол мэдүүлж, гарын үсэг зурсан болно. Мөн дээрх газрыг албадан чөлөөлүүлэх талаарх маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тухай тайлбарыг холбогдох материалын хамт хавсарган хүргүүлсэн.

Нийслэлийн Газрын албаны газар зохион байгуулагч Г.А нь маргаан шүүх дээр хянагдаж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гартал газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэж хэлсэн болно. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр НЗД-ын А/*** дугаар захирамж гарч, ГХЯ-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

ГХЯ-ны эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 812 м.кв талбай бүхий барилгын газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхийн шатанд хянагдаж байгаа тул дараах үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс шийдвэр гарах хүртэл хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болно. Үүнд, Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот зөвлөмжид “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх нь дараах ажиллагааг уялдаа холбоотой, харилцан шүтэлцээтэй, шат дараалан явуулснаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай, ...нэхэмжлэлд тусгагдсан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагын талаар маргаан байгаа эсэхийг тогтооно. ...Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоож, маргаантай хэсгийг нь илрүүлнэ, ...Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг шалгана” гэж тус тус заасан байна. Иймд НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...НЗД-ын 2006 оны 404 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ГХЯ-нд ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар 510 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. 

НЗД-ын 2013 оны А/754 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, НЗД-ын 2015 оны А/5* дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээг 812 м.кв хэмжээтэй болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. 

Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээг өөрчлөх зэргээр удаа дараагаар эзэмшил газраа ашиглах боломжийг олгосоор байхад ГХЯ нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4-т газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн НЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн. 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайбарласан байх тул НЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Анх ГХЯ-нд НЗД-ын 2006 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 404 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.051 га газарт ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгож, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/754 дүгээр захирамжаар ажилчдын орон сууцны зориулалтаар 510 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгажээ. 

Улмаар НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/5* дүгээр захирамжаар ГХЯ-нд ажилчдын орон сууцны зориулалтаар 812 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Нийслэлийн Газрын албатай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна. 

Гэтэл НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 48 дугаар зүйлийн 48.2.1,   48.2.2-т заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажилчдын орон сууцны зориулалттай 812 м.кв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч ГХЯ-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. 

Ийнхүү ГХЯ-аас “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.1.1-д газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж заажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, анх ГХЯ нь “СЗХ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулж, гэрээний 1.5 дахь заалтаар барилгын ажлыг иж бүрнээр нь 2007 оны 09 дүгээр сарын дундуур эхэлж, 2008 оны 08 дугаар сард дуусгаж ашиглалтад өгөхөөр тохиролцсон байх боловч гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй шалтгаанаар талууд дахин хэлэлцэж 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний 3.1 дэх заалтаар захиалгат ажлыг 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн батлагдсан графикийн дагуу гүйцэтгэж, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор захиалагч болох ГХЯ-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Дээрх хугацаанд маргаан бүхий газарт барилгын суурийн ажил хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ГХЯ болон Р******* төвийн хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газраас Төрийн захиргаа удирдлагын газрын захирал Б.Б-д хандсан 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ДБ/179, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДБ/218 дугаартай албан бичгүүдээр нотлогдож байх бөгөөд тус газарт барилгын суурийн ажил хийгдсэн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байна. 

Улмаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/5* дүгээр захирамжаар 812 м.кв болгон нэмэгдүүлсэн байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн маргаан бүхий А/*** дугаар захирамжийн 4 дэх заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэргийн оролцогчид маргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд “...ГХЯ эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэгч компани барилгын ажлыг графикийн дагуу гүйцэтгээгүй учраас тухайн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сард гаргасан. ...Уг маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тухай тайлбарыг холбогдох баримтын хамт хариуцагчид хүргүүлсэн” гэж, хариуцагч “…Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй байхыг ойлгоно гэж тайлбарласан тул НЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлаж маргасан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. 

Гэтэл нэхэмжлэгч ГХЯ нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/6176 дугаар албан бичгээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “СЗХ” ХХК-д холбогдуулан маргаан бүхий газраас тус компанийн эд хөрөнгийг чөлөөлүүлэх, чанарын шаардлага хангаагүй барилгын суурийг газраас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “СЗХ” ХХК нь барилга барихад гаргасан зардалд 5,000,000,000 /таван тэрбум/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2016/03768 дугаар захирамжаар “тухайн газар дээр баригдсан барилгын сууриуд нь цаашид ашиглагдах, дээр нь үргэлжлүүлэн барилга барих боломжтой эсэхийг тогтоолгох” зорилгоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2018/08734 дүгээр захирамжаар сэргээсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхтэй болсон 2006 оноос хойш газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, барилгын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, ажилчдын орон сууц барих зориулалтаар барилгын ажлыг эхлүүлсэн байх боловч маргаан бүхий газраас тус компанийн барьсан барилгын суурийг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч компаниас барилгын суурийг барихад зарцуулсан зардал гэх 5,000,000,000 /таван тэрбум/ төгрөг гаргуулахаар маргаж, тухайн барилгын суурь нь цаашид ашиглагдах боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсний улмаас нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж, тухайн барилгын суурин дээр өөр компаниар барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж тайлбарласан тул НЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж газар эзэмшигчээс өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч ГХЯны хувьд барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, улмаар тухайн газар дээр баригдсан барилгын суурийг чөлөөлүүлэхээр шүүхэд маргасан нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй төдийгүй уг газраа дараалан 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх дүгнэв. 

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий А/*** дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасны дагуу Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/4242 дугаар албан бичгээр ГХЯ-нд газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж, сонсгох ажиллагаа хийсэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08/5974 дүгээр албан бичгээр уг асуудлаар шүүхэд маргаантай байгаа учраас шүүхээс шийдвэр гаргах хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байх асуудлыг судлан үзэхийг хүссэн санал, тайлбарыг гаргасаар байхад түүнийг судлалгүйгээр газар эзэмших эрхийг шууд цуцалсан нь хариуцагч захиргааны байгууллагыг сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ГХЯ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ