Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0137

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Ш.А нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ш.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А  

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 109/2022/0101/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.А Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах”-аар маргасан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.5., 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийн 48.1.4., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсгийн 4.2.5. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн Ш.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Ш.А би Архангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 109/ШШ2022/0107 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тамгын дарга 7 дугаар сарын 26-нд сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд худал гүтгэн доромжилсон Төрийн сангийн дөрвөн удаагийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн. Тухайн үед настай хүнтэй маргалдаад хэрэггүй гэж бодоод Төрийн албаны зөвлөлд хандаагүй. Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 3 хоног ажиллаад ээлжийн амралтаа аваад эргээд ажилдаа орох гэсэн боловч халах тушаал гаргасан. Ажилласан 3 хоногт өмнөх алдаагаа давтсан удаа байхгүй. Халсан тушаалд ямар шалтгаанаар халж байгаа талаар огт дурдаагүй. 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 хэсэгт зааснаар тушаал гаргахад бодит нөхцөл байдал, хөдөлбөргүй байх, хууль зүйн үндэслэлийг тодорхой байдлаар заавал тусгах шаардлага тавьдаг. Сүүлд өгсөн тайлбартаа халамжийн албан бичиг, нийгмийн даатгалын албан бичгийг дурдсан байна. Халамжийн албан бичиг 9 дүгээр сарын 5-ны өдрийнх байгаа бөгөөд халах тушаал нь 8 дугаар сарын 31-нд гарсан. Ажлаас халахдаа дараа нь ирэх бичгийг таамаглаж тушаал гаргадаггүй. Энэ 2 байгууллагаас албан бичгийг сүрдүүлж байж авсан сураг байсан. Халамжийн албан бичигт “4 дүгээр сарын 28-нд 1.200.000 төгрөгийн гүйлгээг батлалгүй 2 хоносон” гэжээ.

Үүнд тайлбарлахад тухайн өдөр сургалттай байсан бөгөөд үүний дараа тухайн өдөрт нь бүх гүйлгээг баталсан. Дараа нь Сангийн яам баталдаг бөгөөд үдээс хойш хийсэн гүйлгээ хонож ордог. 8 дугаар сарын 5-нд цалингийн гүйлгээ илгээгээд оролгүй 4 хоносон гэжээ. Ээлжийн амралт эхлэхийн өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 29-ний өдөр ажил тарахаас өмнө гүйлгээ батлах программын эрхийг холбогдох журмын дагуу түр орлох хүнд шилжүүлсэн. Нотлох баримт нь холбогдох баримтад байгаа. Энэ гүйлгээ нь Сангийн яамны программд уншигдахгүй 4 хоносон. Нийгмийн даатгалын гүйлгээнд тайлбарлахад холбогдох баримтуудын 96 дугаартай хуудсанд тухайн байгууллагын төлбөрийн хүсэлт байна. Үүнээс харахад 210101 үндсэн цалин 400000 гэснийг 210104-рүү залруулах талаар дурджээ.

Үүнээс харахад тухайн байгууллагын нягтлан нь төлбөрийн хүсэлтээ буруу бичиж авчирсан нь тодорхой байна. Засгийн газрын 24 дүгээр тогтоолын 7.12-т зааснаар төсвийн байгууллага хуулгыг өдөр тутам хянаж, орлого бууруулах гүйлгээг гаргахдаа холбогдох нотлох баримт болон орлогын дэлгэрэнгүй хуулгыг холбогдох төлбөрийн хүсэлтийн хамт хавсаргаж ажлын 3 хоногийн дотор төрийн санд мэдэгдэн залруулах хүсэлт гаргана гэсэн байдаг. Төлбөрийн хүсэлтээс харахад 7 дугаар сарын 5-нд хийсэн гүйлгээ байгаа бөгөөд 7 дугаар сарын 29-нд залруулах гэж ирсэн нь энэ журамд нийцэхгүй юм.

Тухайн байгууллагын нягтлан нь мэдүүлэгтээ Төрийн санд 11 цагт очиход залруулдаг хүн нь байгаагүй үдээс хойш нь эмнэлгээр яваад дахиж очиж чадаагүй гэжээ. Би энэ өдөр толгой өвдөөд 11 цагт эмнэлгээр явж үзүүлсэн. Эмчийн бичсэн эмийн жорыг нотлох баримтад өгсөн. 1 цаг орчим гарсан. Тамгын дарга цайны цагаар нөхөж ажил гээд цайнд явалгүй нөхөж ажилласан. Засаг даргын Тамгын газар нь ёс зүйн хороотой бөгөөд ажиллаж байсан хугацаанд намайг ёс зүйгүй гэдгийг тогтоосон тохиолдол байдаггүй.

Төрийн жинхэнэ албан хаагчийг ёс зүйн хорооноос ёс зүйгүй гэж үзсэн үед арга хэмжээ авах ёстой гэж хуульд заасан байдаг. Гэтэл ёс суртахуунгүй гэж тогтоогоогүй байхад намайг удаа дараа гүтгэж доромжилж байна. Сахилгын шийтгэл оноосон тушаалд “харилцагч байгууллагын албан бичгийг үндэслэв” гэж огт байдаггүй бөгөөд энэ үед надтай холбоотой харилцагч байгууллагын албан бичиг байгаагүй. Мэдүүлэг өгсөн хүмүүс хурлын тэмдэглэл дээр бичсэн зүйлээ дахиж дурджээ. Өмнө нь ажиллаж байсан газар 20 хувьдуулсан гэжээ, үүнийг Төрийн албаны зөвлөлд хандаад буцаалгаж байсан. Мэдүүлэг өгсөн хүмүүс ажлын цаг баримталдаггүй 29-нд ажиллаагүй гэж худал бичсэн. Үүнийг худал гэдгийг өмгөөлөгчийн хүсэлтээр гаргуулж авсан 7 дугаар сарын цагийн бүртгэл нотолж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгов.

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.А мөн оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлүүдийг үндэслэж, мөн 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгасан төдийгүй цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөж ажиллахыг үүрэг болгожээ.

Гэтэл Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар нийт албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарийг баталсны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 1-нээс 24-нийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч ээлжийн амралтаа эдэлсэн, харин 7 дугаар сарын 27-29-ний хооронд 3 хоног ажиллахдаа дахин зөрчил гаргасан талаарх үйл баримт тогтоогдоогүй байхад хариуцагчаас өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээрээ нэхэмжлэгчид дахин хариуцлага хүлээлгэн үүрэгт ажлаас нь халснаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг зөрчжээ.

Учир нь одоогийн маргаан бүхий тушаалд Ш.А үүрэгт ажлаас халах болсон үндэслэл тусгагдаагүй, иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “…нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн талаар гэрчийн мэдүүлэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлүүд, 2 удаагийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар нотлогддог…” гэх тайлбар болон энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан болох нь тогтоогдож байна.

2.Тухайлбал Санхүү, төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01, 5 дугаар сарын 2-ны өдрийн 02, 6 дугаар сарын 13-ны өдрийн 03, 24-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлд тусгагдсан Ш.А талаарх санал, шүүмж, шаардлагууд, мөн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин 58.08 хувь буюу F үнэлэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан зэрэг нь цалинг тодорхой хувиар тодорхой хугацаанд бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нь 2022 оны Б/75 дугаар тушаалаар тогтоогдоно.

 Уг тушаалыг гаргасан өдөр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд ч Тамгын газрын даргаас “…ямар ямар алдаа дутагдал гаргасан болохыг баримтаар тогтоосон. Ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, хэлж ярихгүй алга болдог байдлаа засаарай. Байгууллагын болон бусад байгууллагын ажилтнуудтай харьцахдаа ёс зүйн зөрчил гаргадаг байдлаа засаарай. Энэ байдал давтагдаж байгаа учраас сахилгын шийтгэл ногдуулахаар Танд урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар гаргах боломжоор хангаж байна…” гэсэн нь тусгагдсан, мөн 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Санхүү, төрийн сангийн хамт олноос албан хаагчдаас дээр дурдсан 4 удаагийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан, Ш.А-д арга хэмжээ авч өгөхийг хүссэн өргөдөл, гомдлыг Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсний дагуу Б/75 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.Харин Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандсан 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 536 дугаар албан бичигт “Танай байгууллагын ахлах мэргэжилтэн нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.200.000 төгрөгийн гүйлгээг баталгаажуулаагүйгээс тус газрын халамжийн сангийн онцгой тохиолдлын мөнгөн тусламжийн гүйлгээ 2 хоног хүлээгдсэн, 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн цалингийн гүйлгээг илгээсэн боловч ажилчдын дансанд оролгүй ажлын 4 хоног хүлээгдсэн зэрэг асуудлуудыг гаргасан байна” гэх 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаал гарснаас хойш 5 хоногийн дараа ирүүлсэн энэхүү албан бичгийг цаг хугацааны хувьд маргаан бүхий тушаалын үндэслэлд хамруулах боломжгүй.

4.Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1/722 дугаар албан бичигт “…тус хэлтсийн Төрийн сан банкин дахь 100010090010 тоот дансны 7 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн зардлыг тулгахад 71901/80103/210101/ хөтөлбөр арга хэмжээнээс 400.0 мянган төгрөгийн гүйлгээ ташаарч гарсныг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 71901/80103/210104/ данс руу залруулах гүйлгээ хийлгэх гэсэн боловч танай байгууллагын хариуцсан албан хаагч нь байхгүй байсан тул 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр залруулах бичилтийг хийлгэсэн. Энэ нь мэдээ тайлан гаргахад хүндрэл учирч байгаа тул алдаа зөрчил дутагдал гаргахгүй байхыг хүсье” гэсэн ч энэхүү залруулах гүйлгээг аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч Д.Ш өөрөө алдаж гаргасан болохоо 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрснөөс гадна дээрх бичгийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Х-н шаардсанаар 9 дүгээр сарын 1, 2-ны үеэр гаргаж өгсөн болохыг гэрчилжээ.

            Иймд 400.000 төгрөгийн гүйлгээний залруулга бичилтийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан гэж үзвэл энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалттай нийцэхгүй, зөрчлийн шинж байдалтай тохироогүй хүндэдсэн хариуцлага болно.

            Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл түүнийг огт зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй, гагцхүү сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.А Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгон, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахыг хариуцагчид даалган, нэхэмжлэгч Ш.А гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН