Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00018

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

  2018        05             03                                          2018/ДШМ/18

 

 

 

Э.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор:Ц.М,

Шүүгдэгч:Э.Г,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой Э.Гд холбогдох 1838001070057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э-ын Г, ….. оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, ....настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ......../.

Шүүгдэгч Г нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Мааньт хорооллын 20-03-02 тоотод оршин суух иргэн Н.Дгийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Бурхан багш” нэртэй бурхан хулгайлсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Авга хариад овогт Энхболдын Ган-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхболдын Ган-Эрдэнийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1838001070057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдолдоо: ... Би ам бүл 5 уулаа байдаг бөгөөд надаас өөр хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг хүн байхгүй. Би модны машинд ачигчаар ажиллаж байсан юм. Мөн манайх амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой тул халамжид хамрагдаж хоол хүнсээ хангадаг. Ээж өрх толгойлсон ажилгүй, ах удаа дараа хагалгаанд орсон тул хөдөлмөрлөх ямар ч боломж байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Мааньт хорооллын 20-03-02 тоотод оршин суух иргэн Н.Дгийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Бурхан багш” нэртэй бурхан хулгайлсан болох нь хохирогч Н.Д, гэрч М.Отгонбаяр, О.Бямбадорж, Д.Цогтсайхан нарын мэдүүлгүүд, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс Э.Г-ийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Г нь “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ял болгож өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий  давж заалдах гомдол гаргажээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд үүнээс өөр сонгох санкцгүй байна. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.СОСОРБАРАМ

                 ШҮҮГЧИД                                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                          Н.БАЯРХҮҮ