Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б, Ц.О 

Хариуцагч: УБЕГ-т холбогдох

Гуравдагч этгээд: К *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны талбайн хэмжээг 41,88 м.кв болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие эхнэр Ц.Огийн хамт 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 45,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг /Ү-**********/ 1 м.кв талбайг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг, нийт 58,500,000 төгрөгөөр К *******ны урт хугацаат орон сууцны зээлээр худалдан авсан.

Оршин суугчдаас орон сууцны талбайн хэмжээ захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар хэл ам гарсан тул 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл авсан “УА” ХХК-аар өөрийн орон сууцны талбайг хэмжүүлэхэд 40,59 м.кв гэх дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтээр миний өмчлөлийн орон сууцны бодит хэмжээ нь захиалгын хэмжээнээс 4,41 м.кв-аар дутуу байгаа нь тогтоогдсон.

Иймд дээрх өөрчлөлтийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хандсан боловч хүсэлт хүлээн авдаг ажилтан нь “Улсын бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиар байх шаардлагатай” гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, материалыг буцаасан болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн улсын бүртгэгчийн тавьсан шаардлага дээрх хуульд байхгүй байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 45,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь К *******ны орон сууцны зээлийн барьцаанд байгаа бөгөөд эх гэрчилгээ нь К *******анд хадгалагдаж байгаа болно.

К *******наас эх гэрчилгээг түр авах тухай хүсэлт гаргасан боловч “зээлийг бүрэн төлж хаасны дараа гэрчилгээ өгөх боломжтой” тухай тайлбарлаж гэрчилгээг өгөхөөс татгалзсан ба энэ татгалзлаа бичгээр өгөөгүй болно. Тухайн зээл нь 25 жилийн хугацаатай бөгөөд энэ 25 жилийн хугацаанд миний бие нь 4,41 м.кв-ийн үнэ, түүнийг хүүг илүү төлж хохирох нөхцөл байдал үүсээд байна. 

Б.Б нь энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан боловч харьяаллын дагуу ОӨУБЕГ-т шилжүүлсэн байх ба эрх бүхий байгууллагаас нь татгалзсан хариу өгөөд байна. Иймд Б.Б Ц.О нар нь төрийн болон хувийн байгууллагын хууль бус шийдвэрээс болж өнөөдрийг хүртэл хохирч байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны тайлбайн хэмжээг 40,59 м.кв болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, захиалгын гэрээ, план зураг, ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн хаягийн тодорхойлолт, фото зураг, иргэний үнэмлэх гэсэн нотлох баримтыг үндэслэн иргэн Б.Б, Б.А, Б.Б, Ц.О нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэж, ********* тоот гэрчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон. 

Уг орон сууцанд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр К *******тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ болон 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “М*******” ХХК-ийн шаардах эрх шилжүүлэх гэрээ бүртгэлтэй байна.

“КД” ХХК-ийн гаргасан жагсаалт нь холбогдох эрхийг бүртгэх талаар шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалтын дагуу жагсаалтын ** дугаар байрны *** тоотын байрыг 45 м.кв-аар ирүүлсэн байна.

Захиалгаар баригдсан орон сууцыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянаж үзэхэд тухайн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаар, ********* тоот гэрчилгээний бүртгэлд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэгт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг буюу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлд: улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох гэж заасан. 

Хоёрт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана.

Гуравт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж  заасан.

Дөрөвт, Мөн иргэн Б.Бгийн нэхэмжлэлд дурдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулсан байна. Баянзүрх дүүргийн улсын бүртгэгчийн тавьсан шаардлага дээрх хуулийн зохицуулалтад байхгүй” гэж дурдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэсэн заалттай зөрчилдөж байна. 

Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “К *******” ХХК нь “КД” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан үндсэн ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж байгаа ажиллагсдынхаа амьдрах орчныг сайжруулах, цаашид тогтвортой ажиллах үндсийг бүрдүүлэх үүднээс 1 м.кв-ийн үнийг 1,800,000 төгрөгөөр тооцон олгохоор гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж дуусган улсын мэргэжлийн комисс болон захилагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Тус гэрээний дагуу тусгай активын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б-д 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээ байгуулж 57,**0,000 төгрөгийг, тогтвортой ажиллах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг *******наас төлж тус гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 

Нэхэмжлэгч Б.Б нь мөн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “К*******” ХХК-тай Захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан байна. Талууд тус гэрээний 1.2-т заасны дагуу баталгаа, эрх, үүрэг хариуцлагаа тодорхойлж, 3.1-д хугацаандаа, чанартай гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. 

Дээрх гэрээ болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас харахад ******* нь гүйцэтгэх компани болон зээлдэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн биелүүлж зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээг гаргасан байна. Банк нь гүйцэтгэгчийн барьсан, чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй гэж үзээд улсын комисс хүлээн авсан хөрөнгийг барьцаалж зээл олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан бол эхний ээлжинд гүйцэтгэгч компаниас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байсан гэж үзэж байна. 

Харин үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тавьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 40.59 м.кв болгон бууруулан өөрчлөлт оруулах бол 45 м.кв-аас 40.59 м.кв болгосны зөрүү зээлийн төлбөрийг *******инд эргүүлэн тушаах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

К ******* нь “КД” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж улмаар тус *******анд үр бүтээлтэй ажиллаж байгаа ажиллагсдынхаа амьдрах орчинг сайжруулах зорилгоор баригдсан орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,800,000 төгрөгөөр тооцож олгохоор гэрээ байгуулагдсан байна. 

Дээрх гэрээ ёсоор К *******анд тусгай активын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нямтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 57 сая төгрөгөөр авах болж урьдчилгаа төлбөрийг К ******* болон Б.Б нарын хооронд байгуулсан тогтвортой ажиллах гэрээний дагуу *******наас төлж улмаар 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2033 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар 223 тоот зээлийн гэрээ байгуулж, худалдаж авсан 2 өрөө орон сууцыг тус *******анд барьцаалсан байна. 

Орон сууцыг худалдан авсны дараа тухайн байранд амьдарч байгаа оршин суугчдаас талбайн хэмжээ захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар маргаан гарсны улмаас нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл авсан “УА” ХХК-аар орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлж шалгуулахад 40.59 м.кв талбайтай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээнд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн албан бичигт дурдсанаар шүүх Орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартад заасны дагуу зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий “АК” ХХК-ийг маргаан бүхий орон сууцны талбайд хэмжилт хийх шинжээчээр томилсон бөгөөд улмаар маргаан бүхий орон сууцны талбай 41,88 м.кв болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү шинжээчийн дүгнэлттэй маргаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ хэмжээгээр бүртгэлд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, К *******тай байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

Гэтэл гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс “Манайх зээл олгодог байгууллага болохоос барилгын компани биш, манай ******* барилгын компаниас иргэн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан талбайн хэмжээ, үнийн дүнг үндэслэн зээл олгосон. Иргэн Б.Б болон “КД” ХХК-ийн хооронд хийгдсэн захиалгаар орон сууц бариулах гэрээнд заасны дагуу 45 м.кв орон сууцны 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож зээл олгосон “К *******” нь орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй гэж мэдээгүй, мэдэх боломжгүй. Барилгын компани болон иргэний хооронд хийгдсэн тохиролцооны дагуу зээл олгож, барьцааны гэрээ байгуулсан учраас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тавьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны м.кв-ийг 40.59 м.кв болгон бууруулан өөрчлөлт оруулах бол 45м.кв-аас 40.59 м.кв болгосны зөрүү зээлийн төлбөрийг *******анд эргүүлэн тушаах нь зүйтэй” гэж тайлбарлаж байгаа нь  үндэслэлгүй байна.

Учир нь Захилгаар орон сууц бариулах гэрээнд заасны дагуу тухайн орон сууцны талбайн хэмжээ бодит байдалд тохирч байгаа талаар К ******* мэдэх боломжгүй ч гэсэн Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлтээ тодорхой үндэслэлийн хамт зээлдэгч албан бичгээр *******инд ирүүлэх ба энэ гэрээний бусад заалт болон *******ны зээлийн бодлого, журамд харшлахгүй гэж үзвэл гэрээний нөхцөлийг нэмэлт гэрээ болон шинэчлэн байгуулах замаар өөрчилж болно” гэсний дагуу Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээг К ******* нь өөрчлөх бүрэн боломжтой төдийгүй 45 м.кв-аас 41.88 м.кв талбайн зөрүү зээлийн төлбөрийг төлөх талаар гэрээний талууд харилцан тохиролцох бүрэн боломжтой байна. 

Өөрөөр хэлбэл, дээрх зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд 20 жилийн хугацаанд иргэн Б.Б нь 3.1 м.кв-ийн үнэ, түүний хүүг илүү төлж хохирохоор нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ талаар К *******анд хандаж, улсын бүргэлийн гэрчилгээнд байрны талбайн хэмжээг өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргахад “зээлийг бүрэн төлж хаасны дараа” гэрчилгээг өгнө гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг тусгаж, 13.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх гэж заасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, 13.2-т эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт хавсаргах нотлох баримтуудыг тус тус заасны дагуу холбогдох баримтуудын үндсэн дээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны тайлбайн хэмжээг 41,88 м.кв болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д шинжээчийн зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэргийн оролцогч болох гуравдагч этгээдээс шинжээчийн зардал болох 82,000 /наян хоёр мянган/ төгрөгийг гаргуулж “АК” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.  

Харин энэхүү шүүхийн шийдвэр нь К *******наас Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу орон сууцны талбайн зөрүү төлбөрийг төлүүлэхтэй холбогдуулан гаргах аливаа нэхэмжлэлд саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ц.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны талбайн хэмжээг 41,88 м.кв болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, бүртгэхийг УБЕГ-т даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нийт 82,000 /наян хоёр мянган/ төгрөгийг гуравдагч этгээд К *******наас гаргуулж,  “АК” ХХК-д /Хаан ******* 50********/ олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ