Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 116/2022/0010/З |
Дугаар | 221/МА2023/0091 |
Огноо | 2023-02-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0091
“Н з а” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н з а” ХХК
Хариуцагч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга
Хариуцагч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Н з а” ХХК-ийн хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Н з а” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О,
Хариуцагч Д.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 116/2022/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Н з а” ХХК-иас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Н з а” ХХК-ийн хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Н з а” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах”-аар маргасан байна.
2.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.2, 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг тус тус баримтлан “Н з а” ХХК-ийн хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Н з а” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах” тухай шаардлага бүхий “Н з а” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1.“... Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.5-д “Нэхэмжлэгч “Н з а” ХХК-ийн газар эзэмших тухай хүсэлтэд дурдсан газрын хэмжээ, зориулалтыг үзвэл дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байгаа ба байршлын хувьд Хөлөнбуйр сумын Баян- Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгой хоорондох газар нь Хөлөнбуйр сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгагдсан байхыг хуулийн дээрх зохицуулалт шаардаж байна”, 4.8-д “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх сумын засаг даргад хуулиар олгогдоогүй бөгөөд “...2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэх өвөлжөөний газар батлагдаагүй гэх үндэслэлээр “Н з а” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргахаас татгалзсан сумын Засаг даргын татгалзал үндэслэлтэй” гэжээ.
“Н з а” ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өвөлжөөний газар олгохыг хүсэж сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар тогтоолоор Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Холбоо уул, Тэмээн чулуу толгой газруудад өвөлжөөний газар дуудлага худалдаагаар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.
Гэтэл шүүгч дээрх тогтоолд дурдсан Холбоо уул, Тэмээн чулуу толгой газруудыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэх өвөлжөөний газар батлагдаагүй, “Н з а” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргахаас татгалзсан сумын Засаг даргын татгалзал үндэслэлтэй” хэмээн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй дүгнэлт болно.
Нэхэмжлэгч тал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар олгохыг хүссэн байхад хариуцагч тал чухам ямар үндэслэлээр уг газарт газар олгохоос татгалзсанаа нотолж чадаагүй. Хариуцагчийн тайлбарт дээрх газруудыг сумын малчдын өвөлжөө, хаваржааны нөөц нутаг гэсэн атал бэлчээрийн даац хэтэрсэн гэж хоорондоо зөрүүтэй тайлбар гаргасан, хэний өвөлжөө, хаваржааны газартай давхацсан эсэх, Үндсэн хуулиар олгогдсон хэний эрх зөрчигдөөд байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Мөн шүүх “...бэлчээрийн даац хэтэрсэн, хөрсний алдагдал, элэгдэл хүчтэй илэрсэн, малчид “Н з а” ХХК-д газар олгохыг эсэргүүцэж, 87 малчны гарын үсэгтэй баримтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдал үүсч байгаа тул шинээр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газар олгох боломжгүй хэмээн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй ...сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хурлын шийдвэр нь “Н з а” ХХК-ийн газар эзэмших эрхийг шууд зөрчсөн үйлдэл болохгүй” гэж дүгнэсэн.
“Н з а” ХХК нь 2021 оны 3 дугаар сард газар олгохыг хүссэн, түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад хариуцагч тал ямар үндэслэлээр төлөвлөсөн газартаа “Н з а” ХХК-д газар олгохоос татгалзсан талаар, мөн нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой.
2021 оны төлөвлөгөөнд баталсан газартаа газар олгосон эсэх, уг баталсан газрыг хэрхсэн талаар хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх уг асуудлыг нарийвчлан шалгаагүй. нотлох үүргээ биелүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Шүүхийн шийдвэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг сумын Засаг даргад, мөн нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгах, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Засаг дарга болон Хурлын ямар нэгэн хууль бус татгалзал байхгүй талаар маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
1.Газрын тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нийтлэг бүрэн эрхтэй, иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хамтын зарчмаар, олонхын саналаар шийдвэр гаргадаг Хурлын дээрх бүрэн эрхэд халдаж, нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хуралд даалгах боломжгүй.
Тэр тусмаа Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаар сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцээд газар тариалангийн талбайн үтрэмийн зориулалтаар Уушигийн тариа бригадын дэргэд 1.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахыг дэмжиж, харин Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадааас Холбоо Уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг “…бэлчээрийн даац 103,2 хувийн хэтрэлттэй, бэлчээр доройтсоноор хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл хүчтэй илэрсэн, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газар эзэмших хүсэлтийг багийн малчдаас эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр мөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахаас татгалзсаныг Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзнэ.
Учир нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, …-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан.
Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08/09 дүгээр тогтоолоор баталсан сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар Баян-Өлзийт 1-р багийн Холбоо уул орчимд 1.0 га, Тэмээн чулуу толгой орчимд 1.0 га газрыг тус тус эзэмшүүлэхээр тусгасан боловч энэ нь нэхэмжлэгчийн хүссэн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэх газар биш болох нь мөн өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.
Иймд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмших эрх хүссэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй төдийгүй “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” шаардлага бүхий давж заалдах гомдолд шүүх маргааныг шийдвэрлэхдээ чухам ямар нотлох баримтыг дутуу цуглуулсан болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний ямар зөрчил гаргасан болох, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн аль хэсэгт дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой үндэслэл тусгагдаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ч энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй болно.
Харин хариуцагчаас гаргаж өгөөгүй гэх баримтууд болон шүүхийн дүгнэлт өгөөгүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэх гомдлын үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үр дагаврыг бий болгохгүй.
2.Нэгэнт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлэх эрх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар сумын Засаг даргад олгогдоогүй, гэхдээ нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу зохих саналаа Хурлаар шийдвэрлүүлэхээр оруулсан боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор батлаагүй энэ тохиолдолд Засаг даргын татгалзлыг хууль бус гэж үзэхгүй.
3.Нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэл өөр хоорондоо уялдаагүй, логик холбоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Давж заалдах гомдолд дурдсанчлан үнэхээр л 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн хүссэн газрыг эзэмшүүлэхээр тусгасан гэж үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “…хүсэлтийн дагуу Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсхүл уг бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр мөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг сумын Хуралд даалгах” шаардлага гаргах нь ач холбогдолгүй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулсан, нэхэмжлэлийн үндэслэл бүрт холбогдох хуулийн хүрээнд хангалттай дүгнэлт өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН