Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2011011820465 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, , 1979 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, Ховд аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, TOP дриллинг ХХК менежер, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, Хорго хотхоны 2/4- 39 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПЭ79050911.

 

Шүүгдэгч Ж.О нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 16 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байранд хуурамч нотариатын тамга, тэмдэг ашиглан 95-81 СЭА улсын дугаартай “Тоёота Пассио” маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ,нэмж мэдүүлэх зүйлгүй, гэв.

 

Шүүгдэгч Ж.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж харамсаж байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж хамгийн бага хэмжээний торгуулийн ял авах хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /хх-91/,

 

Хохирогч О.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз Мөнхсайханаас Тоёота Пассо маркийн 95-81 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймагтаа 4.500.000 төгрөгөөр худалдан авч Сэлэнгэ аймгийн Баянхараат суманд очиж худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар орж авсан юм. Үүний маргааш буюу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уг тээврийн хэрэгслийг эхнэрийн эгчийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслээр солихоор Улаанбаатар хотод ирж Баянзүрх дүүргийн Автотээвэрийн үндэсний төв ортол миний Баянхараат суманд хийсэн нотариатын гэрээн дээр худалдан авсан гэж бичилгүй худалдана гэж бичсэн байсан тул гэрээний зөрчилтэй гээд миний нэр дээрээс эгчийн нэр лүү шилжүүлж өгөөгүй юм. Тэгээд би Автотээврийн үндэсний төвийн гадна гарч ирээд бичиг баримт зөрчилтэй байна гэж байна найзыгаа Сэлэнгээс дуудаж дахиж гэрээ хийх юм байна гэж эхнэр болон түүний эгчид хэлээд байж байтал уг Автотээврийн үндэсний төвд ажилладаг бололтой хантааз өмссөн залуу бид нарын яриаг сонссон бололтой ирээд юу болсон гэнээ хө гэхээр нь би “Баянхараат суманд хийсэн гэрээ маань үг үсгийн алдаатай болчихлоо. Сэлэнгэ аймгаас найзыгаа дуудах гэж байна” гэж хэлтэл “наадах чинь асуудалгүй ганц нэг үсгийн алдааг засаж болдог шүү дээ би наадахыг чинь янзлаад өгье чи харин надад 150.000 төгрөг өгчих” гэхээр нь би болох юм бол найзыгаа Сэлэнгэ аймгаас авчраад яах вэ гэж бодоод 150.000 төгрөг өгөөд тухайн газраа хүлээж байтал нилээн удаж байгаад 16 цагийн орчим ирээд надад нотариат хийсэн гэрээ миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөд одоо болчихлоо чи одоо шилжүүлчих гэхээр нь Автотээврийн үндэсний төвд орж шилжүүлэх гэтэл ажилчин нь энэ хаана хийсэн гэрээ вэ? Энэ яасан сонин тамга вэ? гэхээр нь би наадахыг чинь мэдэхгүй байна гэтэл өөрөө хийлгэчихээд мэдэхгүй байхдаа яадаг юм бэ энийг шалгуулна гэхээр нь би өөр гараад анх уулзсан залуутай уулзаад бичиг баримт нь болохгүй байна хаана хийлгэсэн тамга вэ хэлдэг газар нь хэлнэ гэж байна гэтэл чи машиндаа байж бай би ороод зохицуулаад гараад ирье гэхээр нь уг залуутай хамт ирсэн хүнтэй уулзаж та нар ямар бичиг баримт хийсэн юм бэ миний бичиг баримтыг хураагаад авчихлаа гэтэл уул нь асуудалгүй юм хийсэн дээ гэхээр нь уг залуугаа Автотээвэрийн үндэсний төвд ойрхон байсан ахындаа дагуулж очоод ахтайгаа уулзуулаад эргээд иртэл цагдаа нар ирчихсэн байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-40-41/,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ж.О ахтай ажлын хажууд таарахад юм хийлгэх гэсэн юмаа гэхээр нь би хоол идчихээд яваад очъё гэж хэлэхэд за за би тэгвэл хүнтэй уулзаад байж байя гэж хэлсэн. Би хоолоо идчихээд ажил руугаа явж байтал манай ажлын хажууд Одгэрэл ах зогсож байсан. Тэгээд бид хоёр манай ажил руу ороход Ж.О ах надад худалдах, худалдан авах гэрээг үзүүлээд энэ хоёр хүний худалдан авах гэрээн дээр Сэлэнгийн нотариатч нь төлбөр төлөгдсөн талаар тусгаагүй байна, чи энэний эхийг бэлтгээд өгөөч, ар хэсэгт нь байх иргэний үнэмлэхний хуулбар дээр байх нотариатын тэмдгийг арилгаад тэмдэггүй болгоод, шинээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би энийг янзалчихаад дараа нь ямар нэгэн асуудал гаргахгүй биз дээ гэж асуухад зүгээрээ ямар ч асуудалгүй, нэг хүн нь хотод нөгөө хүн нь Сэлэнгэд байгаа учраас дахиж нааш цааш явах асуудал болох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шинээр худалдах, худалдан авах гэрээг хийж өгөөд хуучин гэрээн дээр байсан иргэний үнэмлэхний хуулбар дээр байсан тамгыг арилгаж мөн шинэ хуудсан дээр гаргаж өгсөн. Тэгээд би уг зүйлсийг хэвлээд гаргаад иртэл Ж.О ах цагаан цаасанд ороосон тамга, тэмдэг гаргаж ирээд уг худалдах, худалдан авах гэрээн дээрээ дараад бичилтүүдээ хийгээд, гарын үсэг болон бусад зүйлсийг өөрөө зураад байхаар нь би юу болж байна аа Одгэрэл ахаа гэж асуухад зүгээрээ ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд Одгэрэл ах явахдаа надад уг тамга тэмдэгээ үлдээгээд энийг далд хийчих орой ирээд авъя гэж хэлчихээд яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-54-56/,

 

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Одгий ах худалдан авах гэрээн дээр нотариат хийх гээд бичиг баримтыг аваад явсан, би Одгий ахыг хаашаа явж байгааг нь мэдээгүй тэр талаар нь асуугаагүй. Одгий ах цаг гарангийн дараа худалдан авах гэрээн дээр нотариат хийгээд буцаж ирээд нөгөө хүмүүст бичиг баримтыг нь хүлээлгэн өгсөн. Тэр хүмүүс бичиг баримтаа аваад автомашиныхаа нэрийг шилжүүлэх гээд автотээвэрийн газар руу ороод удалгүй буцаж гарч ирээд хуурамч тамга дарагдсан байна гээд автомашины бичиг баримт хураагаад авчихлаа гээд Одгий ах бид хоёр дээр ирсэн, бид нар уулзаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-57-58/,

 

Гэрч Ц.Со мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим 95-81 СЭА улсын дугаартай Пассо автомашины нэр шилжүүлэхээр Отгоны Өлзийбаатар гэх хүн худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан орж ирсэн. Тэгээд би уг гэрээг авч харахад гэрээн дээр дарсан нотариатын тэмдэг нь бүдэг, сонин харагдаад байхаар нь уг нотариатын хүн рүү залгахад (284) гэсэн дугаартай нотариат дээр Батболд гэх хүн байдаггүй, миний тэмдэгийг ашиглаад хүмүүс залилан хийгээд байгаа цагдаад хандана уу гэхээр нь би ахлах байцаагчдаа хэлээд цагдаад хандсан..” гэсэн мэдүүлэг /хх-46-47/,

 

 Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-59-60/ “..Миний тамганы дугаар “284” баталгааны тэмдэгт тойрог, нотариатчийн нэр зэрэг байдаг юм...Би тамгаа гээх, хаях зэрэг зүйл болж байгаагүй, би тамга, тэмдэгийг бусдад шилжүүлэн өгдөггүй...Би тамга, тэмдэгийг харлаа, энэ тамганы дугаар миний дугаар байна. Харин тамга нь миний тамга биш байна. Баталгааны тэмдэг дээр Баянгол дүүргийн нотариатч Т.Батболд гэсэн байна. Бичиглэл нь миний бичиглэл биш байна. Энэ бүхнийг хуурамчаар хийж гүйцэтгэсэн байна. Би ийм бичиг баримт батлаагүй” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эрдэнэжаргалын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1162 дугаартай дүгнэлтэд: “..Шинжилгээнд ирүүлсэн 2020.06.02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нүүрэн талд улаан өнгийн будагчтай тамга, “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” тэмдгийн дардас болон гэрээний арын хуудас “Мөнхсайхан, О.Өлзийбаатар нарын үнэмлэхний хуулбар, 9561СЭА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд дээр байх тамганы дардсууд, баруун доод хэсэгтээ “Харьцуулах эх загвар №1” гэж бичсэн цаасан дээр “284” дугаартай нотариатчийн гэх тамга болон “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” тэмдгийн дардас, баруун доод хэсэгтээ “№2” гэж бичсэн цаасан дээр байх “284” дугаартай нотариатчийн гэх тамга болон “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” тэмдгийн дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2020.06.02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нүүрэн талд болон гэрээний арын хуудас Т.Мөнхсайхан, 2 Өлзийбаатар нарын үнэмлэхний хуулбар, 9561СЭА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд дээр байх шинжилж буй тамганы дардсууд олон гэрээний нүүрэн талд байх “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилж буй тэмдгийн дардас нь баруун доод хэсэгтээ “№2” гэж бичсэн цаасан дээр байх *2В4” дугаартай нотариатчийн гэх шинжилж буй тамга, “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилж буй тэмдгийн дардастай тохирч байна. Харин шинжилгээнд ирүүлсэн 2020.06.02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нүүрэн талд болон гэрээний арын хуудас ~ Мөнхсайхан, О.Өлзийбаатар нарын үнэмлэхний хуулбар, 9561СЭА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд дээр байх шинжилж буй тамганы дардсууд болон гэрээний нүүрэн талд байх “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилгээ буй тэмдгийн дардас нь баруун доод хэсэгтээ “Харьцуулах эх загвар №1” гэж бичсэн цаасан дээр байх “284” дугаартай нотариатчийн гэх шинжилж буй тамга, “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилж буй тэмдгийн дардас болон санд хадгалагдаж буй СХД-ийн 284 дугаартай нотариатчийн тамганы дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2020.06.02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нүүрэн талд болон гэрээний арын хуудас Т.Мөнхсайхан, О Өлзийбаатар нарын үнэмлэхний хуулбар, 9561СЭА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд дээр байх шинжилж буй тамганы дардсууд болон гэрээний нүүрэн талд байх “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилж буй тэмдгийн дардас нь баруун доод хэсэгтээ “№2” гэж бичсэн цаасан дээр байх *284” дугаартай нотариатчийн гэх шинжилж буй тамга, “гэрээний үнэн зөвийг гэрчилсэн” шинжилж буй тэмдгийн дардсуудыг бар ашиглан үйлдсэн байна..” гэсэн дүгнэлт /хх-65-69/, шүүгдэгч Ж.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-150/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 16 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байранд хуурамч нотариатын тамга, тэмдэг ашиглан 95-81 СЭА улсын дугаартай “Тоёота Пассио” маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.О нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Оээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Од оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч О.Өлзийбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нотариатын тамга, тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нотариатын тамга, тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР