| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0300/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/339 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Хохирогч Х.Нямдарь,
Шүүгдэгч Г.Х /өөрийгөө өмгөөлж, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад холбогдох эрүүгийн 2011 01711 0328 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, Тайгер бааранд дижи ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 24-141 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,
Шүүгдэгч Г.Х нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны тамхины өрөөнд хэрүүл, маргааныг нь таслан зогсоох гэсэн хохирогч Х.Нямдарьтай маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би тэр шөнө эхнэртэйгээ маргалдаагүй. Гэрэл унтарсан нь үнэн. Энэ хүн голоор босож ирээд тамхины өрөөний хаалга хаагаад намайг түлхсэн. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд дахиад намайг түлхсэн байгаа. Манай эхнэрийн толгой руу нилээн хэдэн удаа өшиглөсөн, үснээс нь татсан..” гэв.
Шүүгдэгч Г.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Гэтэл эхнэр Б.Чанцал бид хоёр хоорондоо юм ярьж байхад нөгөө зодуулсан гэх залуу эхнэр бид хоёрын дундуур орж ирээд тамхины өрөөний хаалгыг хаангуутаа шууд намайг зүүн гараараа юм хэлэлгүйгээр цээж рүү маань түлхсэн ба тэгэх үед нь би эхнэртэй юм ярьж байна гэж хэлэхэд тэр залуу дахиж намайг заамдаж аваад түлхсэн. Түлхэх үед хойд талд маань ямар нэгэн зүйл байгаагүй. Тэгээд би буцаж очоод тэр залуутай барилцаж аваад нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон ба хамт явж байсан нэг залуу шууд миний араас ирээд гараараа тэвэрч авсан. Улмаар би тамхины өрөөний булан хэсэгт шахагдаад нэг гараараа зодуулсан залууг, нөгөө гараагаа нөгөө найзыг нь арай гэж барьчихаад зогсож байхад эхнэр Б.Чанцал хажуунаас орж ирж салгасан. Дахин би нөгөө зодуулсан гэх залуутай барьцалдаж аваад цаашаагаа тамхины өрөө дотроо эргэлдсэн ба тэр залуу намайг тамхины өрөөний буйдан дээр унагасан ба тэр залуу миний толгой руу баруун гараараа 4-5 удаа цохисон. Ингээд манай эхнэр бид хоёр салгах гэж ирэхэд нөгөө найз гэх залуу нь манай эхнэрийг шууд араас нь ирээд үстээд доошоогоо унагаад гараараа үстэж байгаад толгой руу баруун хөлөөрөө өшиглөсөн. Манай эхнэрийг хэдэн удаа өшиглөсөнийг манай эхнэр хэлж чадна. Энэ хооронд манай зөөгч Шинээ орж ирээд шууд буцаж гараад, хамгаалагч нарыг дуудсан. Ингээд цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэр надад зодуулсан гээд байгаа залуугийн хамарнаас тухайн үед цус гарчихсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-32-33/
Хохирогч Х.Ня шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 50 грамм архи захиалаад эхнийхийг уусны дараа тамхины өрөө ороход Г.Х нэг өндөр охинтой маргалдаж байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Марияа гэх байцаагч дээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгсөн. Би эхээс хоёулаа ганц охин дүүтэй. Миний эцэг, эх хоёр салсан учраас эмэгтэй хүмүүсийн зовлонг ойлгоно. Би залууг буйдан дээр дараагүй. Г.Х нь намайг буйдан дээр дарсан. Намайг араас дарсан. Эмэгтэй нь миний чих рүү маажсан байдаг. Дэнжийн 1000-ийн түр саатуулах байр руу явсан. Шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа хамар хугарсан, уруул язарсан гэх мэт нилээн олон зүйл байгаа. Хэрэг болсноос хойш надтай нэг ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй. Миний хувьд эрүүл мэндээ хамгаалах үүднээс Гурван гал эмнэлэг дээр хагалгаанд орсон байгаа..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Х.Нс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би найз болох Эрдэнэтэй хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” буюу “Тайгер” гэх нэртэй бааранд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цаг 20 минутын үед орсон. Ингээд дээрх бааранд ороод би өөрөө 200 грамм нэрийг нь санахгүй байна нэг цагаан архи, харин Эрдэнээ “Тайгер” гэх нэртэй 0.33 литрийн шилтэй пивоноос 2 ширхгийг тус тус захиалаад ууж байсан. Улмаар Эрдэнээ бид хоёр 01 цагийн үед баарны тамхины өрөөнд тамхи татахаар ороод, тамхиа татаж байхад баарны дижи залуу нь ягаан өнгийн уртавтар пальтотой, дотуураа юүдэнтэй цамцтай, дээгүүрээ ноосон ягаан билүү хар өнгийн малгайтай нэг эмэгтэйтээ хэрүүл хийгээд байсан. Тэр хоёрын хэрүүлийг сонсоход “тэр эмэгтэй нь дижи залуугийн дижи юм уу нэг юмных нь гэрлийг буруу асаачихсан” гээд улмаар тэр залуу тэр эмэгтэйд “дуугүй бол” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй нь “би яахаараа дуугүй болдог юм бэ, чи дандаа шөнө орой гэхгүй, унтаж байхад хүртэл орилдог биз дээ” гэж хэлээд улмаар тэр залуу нь залхсан байдалтай хаалгаар гарах гэж явахад тэр эмэгтэй араас нь орилоод дагаж явсан. Тэр залуу яг тамхины өрөөний хаалгаар гараад нэг алхангуутаа шууд эргэж хараад нөгөө эмэгтэйн толгой, нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон ба тэр эмэгтэй хойшоогоо шууд саваад газар уначихсан. Ингэхээр нь би босож очоод тамхины өрөөний хаалгыг өөр лүүгээ татаад залуу эмэгтэй хоёрын голоор ороод хоёр тийшээ гараараа яраад “боль” гэж хэлж холдуулахад тэр залуу “чи хэн юм бэ” гэж надаас асуухаар нь би тэр эрэгтэйд “чи эрэгтэй хүн байж, эмэгтэй хүн зодохоо болиоч” гэж хэлэхэд тэр залуу “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж хэлэнгүүтээ баруун гараараа байхаа шууд миний баруун нүд хамар руу цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байхаа найз Нямдарийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгер" гэх нэртэй бааранд 23 цагийн үед орсон. Улмаар баарны тамхины өрөөнд Нямдарь бид хоёр тамхи татаж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр юу гэж хэрэлдээд байсныг сонсоогүй ба бас согтуу эрүүл байсан эсэхийг мэдээгүй. Ингээд гэнэт тэр эрэгтэй нь нөгөө эмэгтэйг цохиод унагаачихсан ба яг цохиж байгааг хараагүй ч тэр эмэгтэйг цохиж байгаа “пүс" гэсэн чимээ сонсогдоод харахад эмэгтэй нь газар руу унасан. Тэр эмэгтэйн нүүр, ам, хамарнаас бол цус гараагүй. Тэр эмэгтэйг газар унангуут манай найз Нямдарь гүйж очоод тэр эмэгтэй, эрэгтэй хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь нөгөө залуу шууд Нямдарийн нүүр рүү баруун гараараа байхаа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1337 дугаартай “..Х.Нямдарийн биед хамар ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний язарсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-42/, шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/ шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны тамхины өрөөнд хэрүүл, маргааныг нь таслан зогсоох гэсэн хохирогч Х.Нямдарьтай маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний биед хамар ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний язарсан шарх бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хаас улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруу дээр маргаагүй бөгөөд шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож хохирогч Х.Нямдарьд нийт 2.884.000 төгрөгийн төлбөртэйг тогтоосоны дараа шүүгдэгчээс хохирогчид хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Х нь хохирогч Х.Нямдарьд 1.300.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчоос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “..бид 2 харилцан тохиролцож Г.Хаас 1.300.000 төгрөгийг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэсэн тул шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Хт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР