| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0233/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/246 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/246
2021 05 10 2021/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Ц.Хулан,
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Б-т холбогдох эрүүгийн 2111000000264 дугаартай 1 хавтаст хэргийг 2021оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-397а тоотод оршин суух хаягтай,
Урьд:
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.4 дэх заалтанд зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 3583 тоот тогтоолоор 3 жилийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 13 тоот захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С.Б
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40-595 тоотод иргэн Ц.Нтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт сандлаар цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь дагз, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн багын найз Батбаярын гэрт цагаан сараар ирж чадаагүй гээд хорио тавигдсаны дараагаар ирсэн. Батбаярын гэрт нь ортол Батбаяр байхгүй эгч нь гэх Гэрэлмаа гэх эгч нь байсан. Тэгээд тэр хүнтэй хоёулаа 0,75 граммийн 1 шил архи уусан. Ууж байхдаа Батбаяр руу ярьсан ба очиж байна гэж хэлсэн. Удалгүй гаднаас дүү С.Б-н хамтаар ороод ирсэн. Бид 3 дэлгүүр ороод дахиад 0,75 граммийн архи авсан. Тэр архийг Батбаяр, С.Б бид 3 уусан. Эгч нь унтаж байсан. Архи ууж байгаад С.Б өмнө нь шоронд байсан талаараа яриад байсан. Чи сонин юм ярихаа боль гэж хэлтэл надруу чи юу вэ гээд дайрсан. Би тамбарт нь тамхи татаад зогсож байтад ардаас цохиод авсан. Энэ үед нь би газарт унасан бөгөөд унасаны дараа миний нүүр рүү нийлээд хэдэн удаа өшиглөсөн, төмөр сандалаар ардаас толгой руу цохисон ингээд байж байтал Батбаяр зодоон дуусч байхад гарч ирээд бид хоёрыг салгасан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримт толгойны КТГ авхуулсан 100.000 төгрөгний баримт байна. Өөр баримт байхгүй. ...С.Б-н эхнэр нь 1.000.000 өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/
Гэрч С.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өглөө над руу миний багын найз Ц.Н над руу залгаад танай гэрт ирсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Би 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү С.Б-н гэрт нь хоносон байсан юм. Тэгээд би өглөө хоол идчихээд гэртээ найзаараа хүргүүлсэн. Гэртээ иртэл манай гэрт хадам эгч Гэрэлмаа эгчтэй хамт 1 шил 0.75 литрийн архи уусан байсан. Тэгээд С.Б бид хоёрыг гэрт ороод очтол Ц.Н дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авсан. Эргэж гэрт ирээд С.Б, Ц.Н бид 3 хувааж ууж байгаад унтаад өгсөн. Тухайн үед манай дүүгийн хүүхэд байдаг бөгөөд 3 настай эрэгтэй хүүхэд намайг татсан бөгөөд тухайн өдөр манайд байж таарсан. Би татахаар нь сэртэл манай С.Б, манай найз Ц.Н хоёр гэрийн үүдний амбаарт зодолдож байсан. Би очоод салгасан ба хоорондоо зодолдоод салахгүй байсан. Би арай хийж С.Бг байшинд оруулж хаалгыг нь хагаад Ц.Н машинаа дуудмаар байна гэж хэлсэн. Ц.Н-н машинаар манай хүү Энхжаргал ус зөөж байсан юм. Би хүүхдээ дуудаад ирсэн бөгөөд Ц.Н-г гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Гэрт С.Б бид хоёр зурагт үзэж байж байгаад 7-н буудал ороод дансан дахь мөнгөө үзэх гэж байтал гэрийн гадаа Ц.Н эхнэр нь гэх эмэгтэй болон өөр нэг залуутай байсан. ...миний харснаар толгой хагарсан байсан. Хөмсөг нь сэтэрсэн байсан. Өөр анзаарч харж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ний өдөр гэртээ Батбаяр ахын хамтаар байсан бөгөөд Батбаяр ах руу Галаа /Ц.Н/ ирсэн байна гээд дуудсан. Тэгээд би өөрийн ахтайгаа хамт Батбаяр ахын гэрт очсон. Гэрт нь очтол Гэрэлмаа эгч Галаа /Ц.Н/ нар архи уучихсан байж байсан. Тэгтэл Галаа архи дуусчихлаа гээд дэлгүүр яваад 1 шил архи авч ирсэн. Үүнийг нь уугаад Галаа /Ц.Н/ ахын найз болохоор над руу агсарсан. Тэгээд ахын найз байх надад ямар хамаатай юм гээд би Галаа /Ц.Н/-тай зодолдсон. Тэгээд байж байтал Галаа /Ц.Н/ цустайгаа холилдсон байсан. Би үүдний амбаарт байсан сандлаар цохисон байх. Тэгээд Галаа /Ц.Н/ яваад өгсөн. Ц.Н цустай хутгалдсаны дараа Батбаяр ах гарч ирээд салгасан байсан. ...Дүгнэлтэнд заасан гэмтлүүдийг би Ц.Нт учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №1900 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Ц.Нийн биед дагз, зүүн доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
Шүүгдэгч С.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31, 34-р хуудас/
Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 29-33-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40-595 тоотод хохирогч Ц.Н-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт сандлаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас хүний биед дагз, зүүн доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Н, гэрч С.Батбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Б-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №1900 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Нийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийн талаар мэдэж байсан, мэдэх боломжтой байсан боловч зориуд хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч С.Б-н үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Б-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Н нь 100.000 төгрөгөөр КТГ-ийн шинжилгээ хийлгэсэн баримтын хуулбар хавтаст хэрэгт авагдсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримт толгойны КТГ авхуулсан 100.000 төгрөгний баримт байна. Өөр баримт байхгүй. ...С.Б-н эхнэр нь 1.000.000 өгсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Б нь урьд 1986 болон 2002 оны Эрүүгийн хуулиудад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож хорих ял шийтгүүлж байсан. Сүүлд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Уг ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 13 тоот захирамжаар 11 сар 13 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан байна. Шүүгдэгч С.Б нь оногдуулсан ялыг биеэр эдэлсэн, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Ц.Нийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Ц.Н нь шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх зүйлгүй, 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хүлээж авсан гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл ангид заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР