| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
2021 05 28 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Дт холбогдох 2121000000140 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ...........................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, .......................... овогт Д /РД: ...................../
Шүүгдэгч Д нь Дорнод аймгийн .................... гэртээ 2021 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтуугаар эхнэр Б.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уугаад согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна...” гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дтэй 2016 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд 1 хүүтэй. Гэхдээ бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим манай 10-н жилийн ангийнхан “Март” тэмдэглэнэ гээд караокед цугласан. Бид архи ууж, дуулж байгаад 23 цагийн үед Г-ийн гэрт очсон. Шөнө 01 цагийн үед Д бид хоёр хамт гэртээ харьсан. Гэрт ирэхэд хадам ээж, эгч хоёр байсан. Тэгээд Д гэрт ороод гэнэт намайг “гичий, янхан биз дээ” гээд миний үснээс зулгаагаад газар унагааж нүүр рүү хэд хэдэн удаа цохиод нуруу руу өшиглөсөн. ...миний толгой өвдөөд, хамраас цус гараад хэвтэж байгаад тэндээ унтчихсан байсан. ... Д намайг өмнө нь зодож байгаагүй ...” гэжээ. /хх-ийн 12/
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний орой Б.О гэрт ирээд Дийг дагуулаад гарсан... Тэгээд шөнө 01 цагийн үед хоёулаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэр хоёр орж гараад хэсэг байж байгаад унтсан. Өглөө нь О-ийн нүүр хөхөрсөн байдалтай байсан. Зодолдож цохилцсоныг хараагүй...” гэжээ. /хх-ийн 61
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 тоот дүгнэлтэд:
1. Б.О-ийн биед баруун зүүн нүд, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/
Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...эхнэрийн ангийнхан караокед байсан бөгөөд бид архи ууж, юм ярьж суусан. 23 цагийн орчимд караоке хаах болоод бид нар бүгдээрээ ******* гэрт очсон. Тэнд байж байгаад шөнө 01 цагийн үед эхнэр бид 2 гэртээ харьсан. Гэрт ээж, эгч, мөн хамаатны эгч, хүүтэйгээ байсан. Улмаар би эхнэртэйгээ маргалдаж байгаад түүний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиж байснаа санаж байна. Тэгээд би тасраад унтаад өгсөн бөгөөд өглөө сэрэхэд эхнэр надтай хамт хэвтэж байсан. Нүүр рүү нь харахад хөхөрч, няцарсан шарх байсан...” гэжээ. /хх-ийн 33-34/
Гэмт хэргийн талаарх гоидол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-50/
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 37/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Дт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Дт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч .................... овогт Д нь Дорнод аймгийн .......................орших гэртээ 2021 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтуугаар эхнэр Б.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.О, гэрч С.Д нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Дийн үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн биед баруун зүүн нүд, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Дт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шудрага ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч Б.О шүүхийн мэдэгдэх хуудсанд “Дт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Дийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Дт мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Дийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА