Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06        08                                               2021/ШЦТ/180                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Бэд холбогдох эрүүгийн 2121000000201 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 03ы өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............................. ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ...................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ...............овогт Б  /РД: ........................./

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б нь 2021 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ...................... тоотод хамтран амьдрагч Э.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь баруун зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

            Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б гадагшаа гарсан. Манай таньдаг эгч О намайг хашаа цэвэрлээд өгөөч гэж дуудсан. Намайг О эгчийнд байхад Б ирээд надад гэрийн түлхүүр өгөөд явсан. Би О эгчтэ үлдээд 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан.  Орой 22 цагийн үед найзыгаа дуудаад гэртээ хүргүүлээд унтсан. Нэг сэрэхэд Б нэг найзтайгаа гэрт архи ууж байсан... Би Бийг гэртээ харь гэж хэлэхэд Б намайг “битгий олон юм хуцаад байгаарай, ална шүү” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Б уурлаад гараад ир гээд намайг чирээд гадаа гаргаж газар унагааж байгаад миний нүүр, гар руу цохиод, багалзуурдаад, өшиглөсөн. Мөн миний хамрыг цохиод байсан. Тэгээд би дуугарч чадахгүй байж байхад манай хажуу айлын Ц, А эгч хоёр гарч ирээд хөөе болиоч гэсэн чинь Б гараад зугтаасан. ... Б надад эмчилгээний зардал болгож 2,000,000 төгрөг өгсөн. Б надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11/

 

            Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 2 цагийн үед унтаж байхад эмэгтэй хүн орилоод уйлах чимээ гараад байсан. Тэгээд нэг эрэгтэй хүний хоолой “дуугүй бай” гээд сонсогдоод байсан... гэр рүү нь ороход У уйлчихсан, нүүр амнаас нь цус гарчихсан, найз залуу болох Баачка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ дуугүй бай гээд загнаад байж байсан. Мөн орон дээр нь 20 гаруй насны нэг залуу унтаж байсан. Тэр залууг сэрээгээд хажууд чинь хүн зодож байхад салгахгүй яасан юм бэ гэхэд би мэдэхгүй, унтаж байсан гээд гараад явсан. У-ийн найз залуу нь бас гараад явчихсан. ... У-ийн цусыг тогтоож өгөөд, нүүр гарыг нь цэвэрлээд унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн өөрийнхөө гэр рүү явсан. Энэ үед Уранцэцэг таньдаг эгчийндээ очно гээд үлдсэн... тэгээд би орой 19 цагийн үед гэртээ ирэхэд Уранцэцэг ирээгүй байсан бөгөөд удалгүй миний араас орж ирсэн. У ирэхдээ архи уусан байсан. Тэгээд унтахгүй хэсэг байж байгаад унтаад өгсөн. У-ийг унтсаны дараа манай найз С 1 шил архи авчихлаа, хамт уухуу гэхээр нь хаягаа зааж өгсөн. Бид хоёрыг архиа ууж байхад У сэрээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд У-тэй хэрэлдэж байгаад гэнэт уур хүрээд нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Яг хаана нь хэдэн удаа цохисон ямар гэмтэл учруулснаа анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 266 тоот дүгнэлтэд:                

1. Э.У-ийн биед баруун, зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Хохирогч Э.У-ийн гэрэл зураг /хх-ийн 06/

Гэрч М.О-ийн мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Т.А-ийн мэдүүлэг /хх-ийн 19/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Б нь 2021 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ................................. тоотод хамтран амьдрагч Э.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь баруун зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.У, гэрч Д.Ц, Т.А, М.О нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн 266 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

     

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

 

Хохирогч Э.У-ийн биед баруун, зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацрын зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 266 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

 

Шүүгдэгч Бэд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

Иймд шүүгдэгч ............ овогт Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсанд хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.У-т 2,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА