Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06         08                                              2020/ШЦТ/181                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шинжээч эмч Б.Батдулам

Шүүгдэгч Бын хууль ёсны төлөөлөгч Ц.Б

Шүүгдэгч Бын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б, Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Д, ............... овогт Б нарт холбогдох 2121001040141 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1945 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн .................................. тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ..................... овогт Д /РД: ....................../.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ............................тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, .................. овогт Б /РД: ................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ХААН банк байрлах 59 дүгээр байрны хойд талд хохирогч Бтой маргалдан улмаар зодож биед нь тархи доргилт, хуйханд духны баруун тал, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ХААН банк байрлах 59 дүгээр байрны хойд талд хохирогч Дтай “дүлий” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож биед нь духны баруун талын зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн далны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Д надтай муухай харьцахаар нь “та надтай муухай харьцах хэрэггүй шүү” гэж хэлсэн. Тэр үед Д намайг таягаараа цохисон. Д газарт унаад босох гэж байхад нь би зодоон болж магадгүй гэж бодоод явсан. Д надтай эвгүй харьцаад байхаар нь миний уур хүрээд түүнийг түлхсэн. Би Дыг түлхэхдээ биед нь гэмтэл учруулсан байх гэж бодож байна...” гэв. 

 

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би таксинд суугаад явж байхад таксины жолооч Боос “хаана буух вэ” гэж асуухад тэр ямар нэгэн хариу хэлэхгүй байсан. Тэр үед би таксины жолоочид хандан “энэ хүн над шиг дүлий юм байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд би таксинаас буугаад банк ороод явж байхад Б араас ирээд “Та намайг дүлий гэж хэлсэн хүн мөн үү” гэж асуухад нь би “тийм”  гэж хэлсэн. Тэр үед Б намайг баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би Быг түлхээд өөрөөсөө холдуулсан. Б намайг цохиход би ухаан алдаад газарт унасан. Нэг сэрээд харахад  газар хэвтэж байсан. Ингээд би охинтойгоо уулзаад “Шүр” худалдааны төв дээр явж байхад Б явж байхаар нь би охиндоо хэлсэн. Охин маань Бтой уулзах гээд гарнаас нь татахад гарыг нь угзраад зугтаасан. Охин бид хоёр цагдаад дуудлага өгч  Быг бариулсан. Би Быг танихгүй. Би Быг цохиогүй, гомдолтой байна...” гэв. 

 

Шүүгдэгч Бын хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай дүү Б нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн юм. Хүний хэлсэнийг ойлгоно. Гэхдээ өөртэй нь жаахан таарамжгүй харьцахаар уурлаад өөрийнхөөрөө зүтгээд байдаг. Түүнээс биш байнга ингээд яваад байдаг хүн биш...” гэв.

 

Шинжээч эмч Б.Батдулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б нь 1990 онд сэтгэцийн эмчид үзүүлсэн нь хяналтын дэвтэрт нь бичигдсэн байсан. Б цаашид сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчилгээ хийлгэх шаардлагатай хүний нэг мөн. Тархины цусан хамгамжийн олон жилийн дутагдалтай явсан учир бие хүний эмгэг буюу тэнэгрэл гэх өвчинтэй болсон байна. Бын сонсгол муу, нэг нүд нь юм харахгүй учир хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ерөнхий байдлаар ойлгодог. Быг шар хадны эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Харин ар гэрийнхэнд хариуцуулаад өгөх нь зүйтэй. Б нь өөртөө аюул учруулах боломжгүй. Харин бусдад аюул учруулах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Б олон жил сэтгэцийн өөрчлөлтэй явсан учир цаашид бүрэн эмчлэгдэх боломжгүй юм....” гэв.

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...гартаа барьж байсан таягаараа миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэж байхад нь би гараараа хаасан чинь таягаа газарт хаяж байгаад гараараа намайг цохисон. Бас хөлөөрөө өшиглөсөн. ...намайг таягаар цохисон хүн надад гомдолтой гэсэн болохоор би адилхан гомдолтой...“ гэжээ.  /хх-ийн 16-17/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ... танихгүй ойролцоогоор 50-60 орчим насны хөгшин эрэгтэй хүнтэй хамт таксинд суугаад 6 давхар ХААН банктай байр руу явсан. Тэгээд таксины жолооч миний хажууд байсан эрэгтэй хүнээс хаана буух вэ гэж асуусан чинь юм дуугарахгүй байсан. Тэгээд явж байгаад таксины жолооч дахиад хаана буух юм бэ гээд миний хажууд суусан хүнээс асуусан чинь юм дугарахгүй байсан. Тэгэхээр нь би яахав надтай адилхан дүлий юм байлгүй дээ гээд хэлчихсэн юм. ...Тэгээд би хойшоо алхаад явж байсан чинь таксин дотор сууж байсан эрэгтэй миний араас гүйж ирээд бариад авсанаа та сая намайг таксин дотор дүлий гээд байсан хүн мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би надтай адилхан дүлий юм байхдаа гэж хэлсэн гэсэн чинь намайг шууд баруун гараараа цохиод авсан. Намайг цохиод авахаар нь би барьцалдаад, таягаа газар тавьж чадаагүй байж байгаад нүүрэндээ 3-4 удаа цохиулсан. Тэгээд толгойндоо цохиулаад миний нүд анилдаад арагшаа хашаа руу унасан. ...Баруун талын нүд хөхөрсөн, дух овойж хавдсан, баруун нүд цохиулсны улмаас тухайн үед нүд таглараад юм харахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 11-12/

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ буюу Шүр зах дээр байж байхад манай аав Д Хэрлэн сумын 6 дугаар баг ХААН банк орох гэж яваад хүнд зодуулчихлаа гээд нүд нь хөхөрчихсөн ирсэн. Тэгээд гарч хайя гээд зах дотор явж байгаад манай аавыг зодсон гэх 50 гаран насны хөгшин эрэгтэй явж байсан. Тэгэхээр нь би очоод бариад авах гэсэн чинь намайг түлхээд зугтаачихсан. ...манай аав Дын баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, бүүр юм харахгүй тагларчихсан байсан. Бас хамарнаас нь цус гарчихсан тогтохгүй зүүж явсан маскаараа арчаад ирсэн байсан. Хувцас нь тоос шороо болчихсон байсан болохоор ааваас асуухад манай аав Дыг газар унагаасан гэсэн...” гэжээ. /хх-ийн 29/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 137 тоот дүгнэлтэд:

1. Дын биед духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт, зүүн далны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи духны баруун тал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 138 тоот дүгнэлтэд:

1. Бын биед тархи доргилт, хуйханд духны баруун тал, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот дүгнэлтэд:

1.Гэмт хэрэг үйлдэх үед Бын сэтгэцийн байдал нь бусад судасны тэнэгрэл хэмээх эмгэгтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадваргүй байсан байна.

2.Бын сэтгэцийн байдал одоо бусад судасны тэнэгрэл хэмээх эмгэгтэй байна.

3.Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

4.Б нь хэрэг хариуцах чадваргүй байна

5. ................ овогтой Бын сэтгэцийн байдал нь өөртөө аюул учруулахыг урьдчилан мэдэх, хэлэх боломжгүй, бусдад аюул учруулж болзошгүй байна гэжээ. /хх-ийн 41-42

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31, 35/

-Шүүгдэгч Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 66/

-Шүүгдэгч Даас гаргаж өгсөн 1 ширхэг фото зураг /хх-ийн 68/

-Хохирлын баримт /хх-ийн 70/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн хүсэлт /задгай 1 хуудас/  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б, Д нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 59 дүгээр байрны хойд талд хохирогч Бтой маргалдан улмаар зодож биед нь тархи доргилт, хуйханд духны баруун тал, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 59 дүгээр байрны хойд талд хохирогч Дтай “дүлий” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож биед нь духны баруун талын зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн далны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ  хүлээсэн шүүгдэгч Д, Б нарын мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Д.О-ийн “...манай аав Дын баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, бүүр юм харахгүй тагларчихсан байсан. Бас хамарнаас нь цус гарчихсан тогтохгүй зүүж явсан маскаараа арчаад ирсэн байсан. Хувцас нь тоос шороо болчихсон байсан болохоор ааваас асуухад манай аав Дыг газар унагаасан гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 137, 138 тоот дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Хохирогч Дын эрүүл мэндэд шүүгдэгч Бын үйлдлийн улмаас хөнгөн хохирол, хохирогч Бын эрүүл мэндэд шүүгдэгч Дын үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 137, 138 тоот дүгнэлтүүд, мөн шүүгдэгч Б нь хэрэг хариуцах чадвахгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгч Д, Б нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот Б нь бусад судасны тэнэгрэл хэмээх эмгэгтэй байсан байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй байна. Сэтгэцийн байдал нь өөртөө аюул учруулахыг урьдчилан мэдэх, хэлэх боломжгүй, бусдад аюул учруулж болзошгүй байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө бусад судасны тэнэгрэл хэмээх эмгэг өвчтэй байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Бод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх болон асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх саналыг гаргасан бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот дүгнэлт, шинжээч эмч Б.Батдуламын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Бын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Бын хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын “...Б нь миний төрсөн дүү байгаа юм. Дүүгээ би харж хандаад байх боломжтой...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Батдуламын “...Б нь өөртөө аюул учруулах боломжгүй. Харин бусдад аюул учруулах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Б олон жил сэтгэцийн өөрчлөлтэй явсан учир цаашид бүрэн эмчлэгдэх боломжгүй болохоор шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Тархины судасны өөрчлөлтэй хүн өдөр тутмын ажлыг хийх боломжтой. Дүгнэлтээр бусдад аюул учруулж болзошгүй гэж гарсан ч яг хэзээ аюул учруулахыг хэлж мэдэхгүй.  Энэ хүний ямар үйлдэл гаргах нь ойр дотны хүний асаргаа, хараа хяналтаас хамаарна. Тийм учраас ар гэрийнхэнд нь хариуцуулаад өгөх нь зүйтэй....” гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно гэж зааснаар шүүгдэгч Бод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Дын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Б, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Даас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байгаа тул шүүгдэгч Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд: Бариа засал, унааны зардал, харааны шилний үнэ, эм авах, сувилалд явах, томографикт харуулах  гэх мэт нийт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт 20,520 төгрөгний нотлох баримт /хх-ийн70/-ыг гаргаж өгсөн байна.  Шүүгдэгч Б, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Дд 20,520 төгрөгийг төлсөн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Быг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Д нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Бын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Дын ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................. овогт Д, ................ овогт Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Бод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Бод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

 

6Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д, Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б нь Дд 20,520 төгрөг төлсөн бөгөөд шүүдэгч Д бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Бын ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Дын ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА