Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 227

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: ЧДУБХ

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 6 дугаар хороо, ** байр, ** тоот, улсын бүртгэлийн Ү-22********, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000****** дугаартай 48.5 м.кв талбай бүхий 3 өрөө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Г.Б-ыг хасалт хийлгэн бүртгүүлэх, дахин гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 6 дугаар хороо, ** байр ** тоот улсын бүртгэлийн Ү-22********, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000****** дугаартай 48.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас Г.Б нь өөрийн өмчлөх эрхээс татгалзаж, гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч тусдаа амьдарч байгаа тул хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд хандсан.

Дүүргийн иргэний анхан шатны 1 дүгээр шүүхийн 20** оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3976 дугаар шийдвэрээр Г.Б-т гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 27,097,940 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу Г.Б-т өөрт ногдох хувийг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулж дууссан байхад Г.Б нь сайн дураар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасалт хийлгэхгүй байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хасалт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. 

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2018/19326 дугаар захирамжаар “Г.Б нь өөрийн өмчлөх эрхээс татгалзаж, ногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байх ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт хандан хамтран өмчлөгчөөс хасалт хийлгүүлэх нь зүйтэй гэсний дагуу Г.Г миний өмчлөх эрх Г.Б-аас хараат болж эрх, ашиг маань ноцтой зөрчигдөж байх тул ЧДУБХ-т болон дээд шатны байгууллагад нь хандсан боловч Г.Г миний мэдүүлсэн өргөдлийг бүртгэхээс татгалзсан. 

Улсын бүртгэгчийн энэ шийдвэр бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг зөрчсөн илт хууль бус шийдвэр юм. Ийнхүү улсын бүртгэгч илт хууль бус шийдвэр гаргаснаас Г.Г миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх ноцтой зөрчигдөж байгаа болно.

Иймд улсын бүртгэгчийн энэ хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс Г.Б-ын нэрийг хасан бүртгэж, дахин гэрчилгээ гаргаж өгөхийг ЧДУБХ-т даалгаж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж өгөхийг шүүхээс хүсч байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу ** дүгээр байрны ** тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлд иргэн Г.Г-ийн 20** оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан мэдүүлэг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3976 дугаар шийдвэр, бусад нотлох баримтыг үндэслэн иргэн Ч.А, Г.Б, Г.Г, Г.Э, Г.Т нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна. 

Иргэн Г.Г 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Быг хамтран өмчлөгчөөс хасуулахаар мэдүүлэг гаргасан. Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Быг хамтран өмчлөгчөөс хасах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ч.А-ээс 27,097,940 төгрөгийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, өмчлөх эрхээсээ татгалзсан нотлох баримтыг хавсаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхийг үүрэг болгосон заалт байхгүй, уг шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байсан болно. 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасны дагуу Г.Быг хамтран өмчлөгчөөс хасах тухай нотлох баримт бичиг байхгүй байсан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж буцааан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, анх маргаан бүхий орон сууц болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн ** дүгээр байр, ** тоот, 48.5 м.кв талбайтай орон сууцыг 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Б, Ч.А нарт эрхийн улсын бүртгэлийн Ү-22********, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000****** дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. 

Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгч Г.Б нь Ч.А-т холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, **-** тоот 48.5 м.кв талбай бүхий 3 өрөө, зах зээлийн ханшаар 130 сая төгрөгөөр үнэлэгдэх байрнаас өөрт ногдох 50 хувь буюу 65,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ “...гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч тусдаа амьдарч байгаа тул хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах хүсэлтэй байна” гэжээ. 

Харин Ч.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгчөөс Г.Б-ыг хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.  

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 20** оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3976 дугаар шийдвэрээр гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч байгаа гишүүн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ авах эрхтэй гэж дүгнээд Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 27,097,940 төгрөгийг хангаж, хариуцагч Ч.А-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар улсын бүртгэлийн газраас 20** оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ч.А, Г.Б, Г.Т, Б.Э, Г.Г нарын өмчлөлд маргаан бүхий орон сууцыг бүртгэж, өмчлөх эрхийн 000****** дугаар гэрчилгээ олгосон байна. 

Нэхэмжлэгч Г.Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Г.Б-т гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох 27,097,940 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж дууссан, ...ЧДУБХ-т Г.Б-ыг хасуулахаар өргөдөл гаргасан боловч миний мэдүүлсэн өргөдлийг бүртгэхээс татгалзсан. Улсын бүртгэгчийн энэ шийдвэр бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “…дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Б-ыг хамтран өмчлөгчөөс хасах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ч.А-ээс 27,097,940 төгрөгийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, өмчлөх эрхээсээ татгалзсан нотлох баримтыг хавсаргаагүй байсан. ...шүүхийн шийдвэрт улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхийг үүрэг болгосон заалт байхгүй, уг шийдвэр биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байсан болно” гэж тус тус тайлбарлан маргажээ. 

Хэдийгээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөс Г.Б-ыг хасахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч Г.Б нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар маргаан бүхий орон сууцны өөрт ногдох хэсэг болох 27,097,940 төгрөгийн төлбөрийг гаргуулснаар тус байрны хамтран өмчлөгчөөс хасагдахыг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Г.Б-ын нэхэмжлэл, тус шүүхийн 20** оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3976 дугаар шийдвэр, Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.У-ын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 11/123-39 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байна. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг заасан бөгөөд 13.1.6-д бүртгэлд тусгагдсан бусад мэдээлэл өөрчлөгдөх гэх үндэслэлээр нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөгчдөөс зарим өмчлөгчийн нэрийг хасаж, бүртгүүлэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хуульд зохицуулсан байна. Иймд маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ** байр, ** тоот хаягт байрлах 48.5 м.кв орон сууцан дахь Ч.А, Г.Б, Г.Т, Г.Э, Г.Г нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлээс Г.Б-ын нэрийг хасуулахаар нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлээр холбогдох бүртгэлийн хэлтэст ханджээ. 

Гэтэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл нь мэдээлэл нь зөрүүтэй” гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шийдвэр нь Г.Б-ыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөс хасах тухай шийдвэр биш байсан, Г.Б-ыг хамтран өмчлөгчөөс хасахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тухай нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох эрхтэй гэж заасан бөгөөд улсын бүртгэгч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг судалж, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.Б-ыг хасалт хийж бүртгэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 20** оны 3976 дугаар шийдвэрээр тус орон сууцны Г.Б-т ногдох хэсэг болох 27,097,940 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа гаргуулах бүрэн эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага нь “тус шүүхийн шийдвэрт улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхийг үүрэг болгосон заалт байхгүй” гэж тайлбарлаж, бүртгэлд бүртгэхээс шууд татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ. 

Иймд нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах мэдүүлэг, түүнд хавсаргах баримтыг бүрдүүлж, үүнд маргаан бүхий орон сууцны эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй этгээд болох Г.Бын өмчлөх эрхээсээ татгалзсан тухай баримтыг хавсаргаж бүртгэлийн хэлтэст хандах нь зүйтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2-т заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийн хүрээнд нэхэмжлэгчид дахин гэрчилгээ олгох нь зүйтэй байна. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн 20** оны 3796 дугаар шийдвэрийн дагуу 27,097,940 төгрөгийг авсан, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдахад татгалзах зүйлгүй гэдгээ тус шүүхэд бичгээр илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ** байр, ** тоот, 48.5 м.кв орон сууцны хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Г.Быг хасалт хийн бүртгэх, дахин гэрчилгээ олгохыг ЧДУБХ-т даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ