Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1080

 

Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00564 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 78 529 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Жадамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнцэцэгт  2014 оны 04 сарын 28-ны өдөр  40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж  барьцааны гэрээ байгуулсан. Анх 73 507 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 5 022 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул нийт 78 529 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө энэ мөнгийг хэрэглээгүй. Тухайн үед эргэн төлөлтөө хийж байсан. Эгч Г.Алтанцэцэг энэ компанийн удирдлагуудтай зээл авахаар өмнө нь ярилцан тохиролцсон байсан.  Манай эгч  барилгаа  бодитой  барьсан тул 2017 оны 04 дүгээр сард зээлийг төлье гэсэн боловч нэхэмжлэгч “та болон танай эгч уулзаагүй” гээд эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Би үндсэн зээлээ төлөхийг зөвшөөрнө.  Хүүгээс 60 хувийг бууруулж  өгнө үү.  Зээл 37 000 000 төгрөг авсан. Үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч энэ мөнгийг хувьдаа ашиглаагүй. Үндсэн зээлийг  төлөхийг  зөвшөөрч байна. 40 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн 4 сарын хугацаа дуусч өнөөдрийг хүртэл 2 жил өнгөрсөн. Анх тохиролцсон 4 сарын хугацаагаар хүүг тооцно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс 78 529 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Буман дусал ББСБ" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 107 байр 51 тоот, 55.84 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027340 дугаартай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 3 тоот, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027341 дугаартай, авто зогсоолын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,790 434,160 төгрөгөөс 550 597 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70 193 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нараас 550 597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Буман дусал ББСБ " ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Мөнгөнцэцэг нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 3 000 000 төгрөг, хүүд 7 000 000 төгрөг, бүгд 10 000 000 төгрөг төлсөн.  “Буман дусал” ББСБ-аас өмнө нь хэд хэдэн удаа зээл авахдаа байнга сарын 3,5%-ийн хүүтэйгээр төлж ирсэн боловч дараа дараагийн зээлд хүүг багасгаагүй, хэргийг шүүх дээр шийдвэрлэх хугацаанд дахин хүү нэмж , өөрсдийн эрх ашгийг хэт хамгаалж, иргэн Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарын эрх ашгийг хохироосон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүү болох 6 478 100 төгрөгийг хасч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зохих журмын дагуу харьцуулан үнэлээгүйгээс хариуцагчийн төлбөл зохих тооцоог буруу бодсон, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллын талаархи зохицуулалтыг хэрэглээгүй байх боловч мэтгэлцээн бүрэн явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 78 529 500 гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээний хугацаан дахь хүүгээ л төлнө“ гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ14/0059 тоот зээлийн гэрээ байгуулж, Г.Мөнгөнцэцэг нь 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, зээлийг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд шилжүүлжээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хорооллын /13311/, Их Монгол улсын гудамжны 107 байрны 51 тоот, 55,84 м.кв талбайтай, 2 өрөө  сууц, мөн хаягийн зоорийн давхрын 3 тоот, 18 м.кв талбайтай, авто зогсоол зэргийг барьцаалжээ. Барьцааны гэрээг бичгээр байгуулж өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 6-9/

 

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон, хэрэгт авагдсан дансны хуулгаар зээлдэгч нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 512 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4 760 900 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 4 499 300 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2 438 200 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 644 100 төгрөгийн төлөлт хийгдсэнээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Харин дээрх дансны хуулганы мөнгөн дүн, гүйлгээний утга зэргээс үзэхэд Алтанцэцэгээс “Мөнгөнцэцэгийн зээл төлөв” гэсэн бичилттэй гүйлгээг тооцоонд оруулаагүй, төлсөн мөнгийг дутуу тооцож 10 461 500 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн буцаан төлсөн нийт төлбөр 15 854 500 төгрөг болж байна.  

 

Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.  

 

Гэвч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үлдэгдэл зээлээс бус хүүгийн төлбөрөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж тооцоолон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 3 000 000 төгрөг төлж, зээл 37 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсонд талууд маргаагүй. Харин гэрээний хугацаа дууссан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч дараах байдлаар тооцлоо. Үүнд:  

 

Зээлдэгчээс гэрээний хугацаа дууссан 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 2 438 200 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 34 561 800 төгрөг байна. Үүнээс 2 644 100 төгрөгийн төлөлт хийсэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сар 10 хоногт 1 612 884 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 31 917 700 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 24 сар 25 хоногт 27 741 788 төгрөгийн хүү, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сар 11 хоногт 3 760 964 төгрөгийн хүүг төлөх үүрэг үүсчээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш 33 115 636 төгрөгийн хүү, 6 623 126 төгрөг /5 870 934 + 752 192/-ийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 31 917 700 төгрөг, бүгд 71 656 462 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хувиарлаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бус өөр хэргийн талаар бичсэн нь техникийн алдаа байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тусгасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “78 529 500” гэснийг “71 656 462” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 6 873 037 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нараас 516 232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 599 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

           ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Ш.ОЮУНХАНД