Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 254

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын Хармод багт оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ87083163, Хожгор овогтой Дэмбэрэлийн Сумъяагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОН78073073, Засгууд овогтой Отгонбаярын Цэвээнд холбогдох,

        Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сумъяа, хариуцагч О.Цэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр О.Цэвээнтэй 2012 онд төнилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Ц.Бямбасүрэн, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.Бат-Очир нар төрсөн. Бидэнтэй хамт намайг оюутан байхад төрсөн хүү Цэвээнгэрэлийн Буянтүшиг хамт амьдардаг байсан. Гэр бүл болсон цагаасаа хойш хоёулаа хоёр өөр суманд ажил хийж, амьдарлын төлөө зүтгэж ирсэн боловч нөхөр О.Цэвээн архи ууж, гэр орны амгалан тайван байдал алдагдуулдаг байсан. Архи уусан үедээ гэр орны эд зүйлийг эвдэж, хагалах нь наад захын үзэгдэл болсон. Энэ байдлын талаар эцэг, эх, хамаатан садангийнхан болон сумынхан бүгд мэддэг. Үүнийг би гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байгаа. Миний хүүхдүүд согтуу хүнээс айдаг болсон. Бид байнга айдастай амьдарч байна. Цаашид энэ байдлыг тэвчиж хамт амьдарч чадахгүй бөгөөд түүнээс салаад би өөрийн гэсэн гэр орон тааруулан амьдарч байна. Дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амьдарч чадахгүй тул бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцлаж, 2 хүүг миний асрамжид үлдээж өгнө үү. Надад эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр орон, хашаа хороо авахгүй. Хүүхдийн тэтгэмж бас авахгүй, тайван амьдрахыг хүсч байна гэжээ.

     Хариуцагч О.Цэвээн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Сумъяагийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Надад дахин нэг боломж олгож өгнө үү. Миний гол алдаа бол архи уусан үедээ догшин авир гаргадаг юм. Үүнийгээ засах гээд одоо хагас жилийн хугацаанд архи уухгүй явж байна. Өөрийгөө засахыг оролдож байна. Хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Сая шүүхээс өгсөн 2 сарын хугацаанд эхнэртэйгээ эвлэрэхээр олон удаа очсон боловч намайг хүлээн авахгүй байгаагаас гадна түүний ээж, эгч, ах нар нь бидний хооронд орж, намайг хөөж туусан. Хэрэв би Д.Сумъяаг үнэхээр надаас салахыг хүсч байгаа бол 2 хүүхдээ өөрийн асрамжид авна гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Сумъяа нь хариуцагч О.Цэвээнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Иргэн Д.Сумъяа, О.Цэвээн нар 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Засгууд овогтой Цэвээний Бямбасүрэн, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү Засгууд овогтой Цэвээний Бат-Очир нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, цэцэрлэгт хүмүүжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн болон цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, мөн хамт амьдрах хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг болон хүүхдүүдийг сэтгэл санааны дарамтад байлгаж, айлган сүрдүүлдэг болох нь Сагилд сумын Хэсгийн төлөөлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

     Мөн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч уг арга хэмжээ амжилтгүй болжээ.

     Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д.Сумъяа, О.Цэвээн нарын гэрлэлтийг цуцалж, мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү Ц.Бямбасүрэн, Ц.Бат-Очир нарыг эх Д.Сумъяагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

       Харин хариуцагч нь шүүх хуралдаанд Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч тухайн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй ба тухайн хүүхдүүдийг өөрийн асрамждаа авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сумъяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цэвээнээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хожгор овогтой Дэмбэрэлийн Сумъяа, Засгууд овогтой Отгонбаярын Цэвээн нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Засгууд овогтой Цэвээний Бямбасүрэн, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Засгууд овогтой Цэвээний Бат-Очир нарыг эх Д.Сумъяагийн асрамжид үлдээсүгэй.

         3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтандхүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

        6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сумъяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цэвээнээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгосугай.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч О.Цэвээний 2 хүүхдээ өөрийн асрамжид авна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА