Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06        10                                               2021/ШЦТ/183                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Хд холбогдох эрүүгийн 2121000000197 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 05ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, .......................ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 642,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, ................... овогт Х  /РД: ......................../

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.Н-ыг Дорнод аймгийн .......................тоотод орших гэртээ байхад нь ирж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт баригдаж буй Гарден хотхонд 2 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, байрны урьдчилгааны мөнгө гэж 8,000,000 төгрөгийг залилан авсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Н.Н-т байр авахад тус болно гэж хэлээд 8 сая төгрөгийг авсан. Би Н-аас авсан мөнгөө буцааж өгөх гэсэн боловч боломжгүй болсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

            Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Миний санаж байгаагаар би 2017 онд Хэрлэн сумын 8 дугаар баг Чойбалсан нисэх онгоцны буудал дээр Хын хамтаар ээлжинд гарч ярилцаж байгаад байртай болмоор байгаа талаараа цухасхан дурьдаж байсан. ...намайг аав Н, ээж Б нарын хамтаар гэртээ байж байхад тэрээр ирээд “эмнэлгийн баруун талд Гарден гээд шинэ хотхон баригдаж байгаа, би тухайн хотхонд ажлын бригад оруулж байгаа юм аа надад 10 сая төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ надад 10 сая төгрөг өгөх юм бол тухайн баригдаж байгаа хотхоны аль нэг байранд байрны урьдчилгаа мөнгө өгсөн гэж бодъё, мөн жил хагасын дараа урьдчилгаа 30% хүртэлх мөнгийг бэлдэж бай, тэгээд үлдэгдэл байрны мөнгийг надтай хувь лизинг хийгээд байраа авч болно” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч Голомт банкнаас 8 сая төгрөгийн хэрэглээний зээл хөөцөлдөж ...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... надаас 8 сая төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд би Хтай уулзаад Гарден компанитай мөнгө өгсөн талаараа гэрээ байгуулъя гэтэл тэрээр манай түншүүд намайг буруу ойлгочихно чи надтай гэрээ байгуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөн л түүнд итгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулсан. ...2020 оны 08 дугаар сард би утсаар залгаад байр юу болсон бэ, би урьдчилгаа мөнгөө цуглуулсан, одоо би байрандаа оръё гэж хэлтэл тэрээр Хэрлэн суман дахь байрны асуудал худлаа болсон, Улаанбаатар хотод Тэнгис кино театрын хойд талд баригдаж байгаа байранд байр сонирхох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд очоод үзье гэтэл тэрээр улсын комисс хүлээж аваагүй гэх ямар ч утгагүй шалтгаан хэлсэн. Тэгээд би тухайн үед Улаанбаатар хотод байсан бөгөөд Тэнгис кино театрын хойд хэсэгт очоод шинээр ашиглалтад орох гэж байгаа байр байгаа эсэхийг судлахад тийм байр огт байгаагүй бөгөөд тухайн үед анх Хд залилуулсан гэдгээ мэдээд түүнээс мөнгөө нэхэж эхэлсэн. ...тэрээр тухайн компанид ямар нэгэн албан тушаал эрхэлж, хамтран ажиллагаагүй юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/

 

 

Шүүгдэгч Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надтай хамт ажиллаж байсан Н байр сонирхож байгаа талаараа надтай ярьж байсан бөгөөд түүнээс би 2019 оны 02 дугаар сард Дорнодод байр баригдвал сонирхох уу, Дорнодод байр баригдвал би чамайг оруулж өгье гэж асуутал тэрээр цалингийн зээлээ харж байгаад танд мөнгө өгье гэж байсан. Тэгээд тэрээр цалингийн зээлээ авсныхаа дараа надад 8 сая төгрөг байна гэж хэлсэн. ...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... бэлнээр нь аваад явсан. Би Гарден нэртэй хотхоны барилга дээр ямар нэгэн албан тушаал эрхэлж, хамтран ажиллаж байгаагүй. Би тэр мөнгийг хувьдаа хэрэглэчихсэн юм. ...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

 

  Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

  Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 12-13/

  Гэрч Н.Н-ын мэдүүлэг /хх-ийн 24-26/

  Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 28-30/

  Гэрч Л.С-ийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

  Гэрч З.У-ын мэдүүлэг /хх-ийн 39-40/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 47-70/

  Хохирогч Н.Н-ын бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 111/

  Хохирол төлсөн баримт /хх-ийн 113/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Х нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.Н-ыг Дорнод аймгийн ......................... тоотод орших гэртээ байхад нь ирж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт баригдаж буй Гарден хотхонд 2 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, байрны урьдчилгааны мөнгө гэж 8,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.Н, гэрч Н.Н, Б.Б, Л.С, З.У нарын мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

     

 

Шүүгдэгч Хд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Хыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Хын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан шүүхээс ................ овогт Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н-т 9,600,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Хыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н-т 9,600,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

  

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА