Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 258

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ63032701, Шинийнхэн овогтой Аюушийн Нямжавын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Тээврийн хорооны 13-4 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ87052973, Цэц овогтой Эрдэнэбилэгийн Амарсайханд холбогдох,

          Алтны Голд багажны үнэ 2.000.000 төгрөг, 3 жил ашигласны хөлс 6.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нямжав, хариуцагч Э.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 4 дүгээр сард манайх алтны Голд нэртэй багаж авч, 7 дугаар сард алтанд явж, 2 долоо хоног ажиллаад, 3.000.000 төгрөг хийж ирээд, хүү Д.Нямсайханы гэрт үлдээгээд хөдөө явсан. 2014 оны 10 дугаар сард хүү Д.Нямсайхан Миний таньдаг Амараа гэж ах алтны багажаа 7 хоногийн хугацаатай түрээслээч гэж ярьж байна гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн ба хүү барьцаанд нь 100.000 төгрөгийг аваад үлдсэн байсан. 7 хоногийн дараа Багажаа авна гэж ярихад утсаа авахгүй байсан ба гэрт нь очиход ирээгүй байсан. Тэгээд утсаны дугаараа сольж таг чиг алга болсон. Одоо би 3 жил ашигласан багаж авахгүй, багаж авсан Э.Амарсайханаас багажны үндсэн үнэ 2.000.000 төгрөг, 3 жилийн хугацаанд биднийг мөнгө олох боломжгүй болгосон гэж үзээд жилд 2.000.000 төгрөгөөр бодож, 6.000.000 төгрөг авах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжилж буй 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Э.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр 0-5 насны 4-н хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр ажилгүй эхнэр хүүхдээ асраад би гэр бүлээ тэжээгээд явж байна. Манайх тухайн хаяг дээрээ 2012 оны 8 дугаар сараас өдий хүртэл амьдарч байна. Мөн миний барьж байгаа хоёр утасны дугаар 2012 оны хавраас өдий хүртэл барьж байна. Энэ хугацаанд хаяг солих буюу утасны дугаараа өөрчлөөд таг чиг болж бараг оргон зайлсан гэмт этгээд мэтээр бичсэн явдалд туйлаас гомдолтой байна. Би энэ нэхэмжлэл гаргаж байгаа А.Нямжав гэх хүнийг огт танихгүй бөгөөд хүү Д.Нямсайхан гэгчийг ч сайн танихгүй, Алтны багаж хэрэгтэй байна гэнэ гэж хотоос манай дүү ярихад би Д.Алтангэрэл ахаас Багажтай хүн байна уу гэхэд төд удалгүй Д.Нямсайханы дугаар өгсөн. Тэгээд л утсаар ярьж тэр залуутай уулзсан. Тухайн үед архи үнэртүүлсэн залуу ирсэн. Тэгээд би болгоомжилж Цаад хүнээ танихгүй болох юм уу гэхэд Хамаагүй, надад мөнгө хэрэгтэй байна гээд өөрөө аман гэрээ хийж 100.000 төгрөг урьдчилгаа гэж аваад, тэр багаж нь хүүгийнхэн гэрт байгаагүй. Таван Од рестораны урд байдаг Ачлал дэлгүүрт мөнгөний барьцаанд тавьчихсан байсныг надтай цуг очиж нөгөө мөнгөнөөсөө өгөөд, үлдсэн мөнгөө өөрөө авч байсан. Гэтэл хүүгийн гэрээс намайг авсан мэтээр гүтгэж бичсэн байна. Тэр цаад хүмүүсийнхээ хаягийг Д.Нямсайхан хотод очиж цагдаагаар олуулсан гэж манай дүүтэй ярьсан гэсэн. Цаад хүнээсээ авч чадахгүй болохоор утсаар яриулж, тэр үед тус болж байна гэж бодож байсан намайг доромжилж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надаас уучлалт гуйж нэхэмжлэлээ буцааж авахгүй бол би дараагийн арга хэмжээ авна. Мөн хүү Д.Нямсайхан гэгч залуутай би уулзаж нүүр нүүрээ харж байгаад тухайн үед болж өнгөрсөн бүхнийг үнэн зөвөөр шийдвэрлэх хэрэгтэй байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч А.Нямжав нь хариуцагч Э.Амарсайханд холбогдуулан алтны Голд багажны үнэ 2.000.000 төгрөг, 3 жил ашигласны хөлс 6.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч Э.Амарсайхан Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Хэрэгт авагдсан Д.Нямсайхан, Д.Энхбаяр, Н.Дагва нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр Эврика гоулд нэртэй металл хайгч багажийг Улаанбаатар хотоос нийтдээ 3.500.000 төгрөгөөр худалдан авч, жолооч Н.Дагваар дамжуулан Увс аймагт хүргэгдэж, А.Нямжав нь эзэмшиж, ашиглаж байсан тогтоогдож байх боловч гэрч Э.Наранхүүгийн мэдүүлэгт: 3 жилийн өмнө манай ах Э.Амарсайхан, Алтангэрэл нарын хоорондох яриаг сонсоод багажны эзэн гэх залуу өөрт нь тэдний яриад байгаа багаж байгаа талаар хэлсэн байсан. Тэгээд тухайн багажаа дэлгүүрт барьцаанд тавьсан байсан учир багаж өгсөн хүнээсээ урьдчилгаа мөнгө авч, дэлгүүрээс багажаа суллаж аваад явсан, мөн тэр өөрөө согтуу байсан гэсэн. ... Дараа нь 2 жилийн дараа багажны эзэн залуу над руу яриад Миний багажийг олж өг, чи авсан биз дээ, цагдаад өгнө гэж дарамталсан ба би болон манай ах анхнаасаа түүнд анхааруулж хэлсээр байсан. Тэгээд багажны эзэн Би удахгүй хотод очно. Тэр 2 хүний хаяг, байршлыг хэлээд өгөөч гэж гуйсан ба би чадах чинээгээрээ овог, нэрийг нь олж өгсөн. Өөрөөр туслаж чадаагүй. Манай оюутан ангийн охины гэрт очиход нөхрийнх нь бага ангийн найзууд гээд эхнэр, нөхөр хоёр гэрт нь байсан. Би тэр эхнэр, нөхөр хоёрыг 2 удаа харсан гэж, гэрч Д.Нямсайханы мэдүүлэгт: 2014 оны хавар манай ах Д.Энхбаяр эврика гоулд нэртэй металл хайгч багажийг авч, аав, ээж хоёрт өгсөн юм. Тэр багажийг 1.800.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос аавын том ах Сэнгээгээр авахуулсан. 2014 оны намар тэр багажийг аав, ээж хоёрт байхаар нь зарахаар аваад нэг найзындаа орхисон байсан. Тэгэхэд Амарсанаа гэх залуу багаж хайж байна гэхээр нь би олж уулзсан. Тэгээд бас нэг хүүхэнтэй утасны дугаарыг нь өгөөд яриулсан ба тэр хүүхэн Ямар үнэтэй багаж бэ? Одоохондоо мөнгө байхгүй байна. Тиймээс эхлээд түрээслүүлчих, таалагдвал авъя гэсэн. Тэгэхээр нь би 7 хоногийн хугацаатай100.000 төгрөгөөр түрээслүүлнэ. Эндээс Улаанбаатар очоод буцаад ирэх хүртэл 7 хононо. Тэгээд 7 хоног түрээслэнэ гэж тооцоод нийт 14 хоногийн дараа буцаад багаж надад ирэх үү гэж асуухад тэр хүүхэн Болно. 14 хоногийн дараа буцаад очно гэсэн. Тэгээд түрээслүүлэхээр тохиролцоод тухайн багажийг Амарсанаад өгчих гэсэн. Тэгээд Амарсанаад өгч явуулсан ба Амарсанаа надад 100.000 төгрөг өгсөн. Тэр хүүхэн маргааш нь Багажаа өгч явуулсан уу гэж ярихаар нь Амарсанаад өгөөд явуулсан гэх хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Амарсанаа нь болохоор Тэр хүнийг би танихгүй. Би яаж мэдэх юм бэ гэсэн. Тэр хүүхэн анх ярихдаа Би Амарсанаагийн дүүгийнх нь найз байна гэж байсан гэжээ.

           Өөрөөр хэлбэл, 2014 оны намар хариуцагч Э.Амарсайханаар дамжуулан нэхэмжлэгч А.Нямжавын хүү Д.Нямсайхан нь Улаанбаатар хот руу өөр этгээдэд багажаа түрээслүүлэхээр тохиролцон өгч, явуулсан байна.

         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гээд, уг зүйлийн 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ.

        Гэтэл Э.Амарсайхан нь металл хайгч багажийг өөртөө авч, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь тогтоогдохгүй байгаа ба цаашлаад тухайн багажийг А.Нямжавтай түрээсийн гэрээ байгуулан, түрээслэхээр авсан, мөн түүнийг ашиглан ашиг орлого олсон гэх баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч уг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш байна.

           Иймд нэхэмжлэгч А.Нямжав тухайн багажийг олж авсан этгээдээс нэхэмжлэх, буцаан шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Амарсайханаас алтны Голд багажны үнэ 2.000.000 төгрөг, 3 жил ашигласны хөлс 6.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Нямжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч А.Нямжав нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2367 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Амарсайханаас алтны Голд багажны үнэ 2.000.000 төгрөг, 3 жил ашигласны хөлс 6.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Нямжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Нямжав нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2367 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА