Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 259

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 9-2 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62020311, Тариачин овогтой Бадарчийн Одончимэдийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Одончимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Одончимэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1962 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 55 настай. 1978 онд трактор, комбайны курс төгсөж ирээд Хархираа тэжээлийн аж ахуйд 17 настайгаасаа буюу 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 1981 оноос 1984 онд цэргийн алба хааж, халагдаж ирээд үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ахуйн байдлын улмаас халагдсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Хархираа тэжээлийн аж ахуйд ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Хархираа тэжээлийн аж ахуйд тракторч, комбайнчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Одончимэд нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

        Хэрэгт авагдсан Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 тоот Ажилд томилох тухай тушаалд: ...1. Комбайнчны курс төгсөж ирсэн Бадарч овогтой Одончимэдийг 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн усжуулалтын системд комбайнчнаар авч ажиллуулсугай. ... Дарга Н.Юнгэр гэж, мөн даргын 1981 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 61 тоот Цэргийн насны хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ... 1. Цэргийн албанд явах мэдэгдэл бүхий М.Уламбаяр, Б.Одончимэд, С.Цэрэв, М.Нэмбэцогт нарыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, тойрох хуудас өгч бэлтгүүлсүгэй. ... Дарга Н.Юнгэр гэж, мөн даргын 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот Ажилд томилон ажиллуулах тухай тушаалд: ... 1. Цэргийн алба хаагаад ирсэн Бадарч овогтой Одончимэдийг 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тракторч, комбайнчнаар авч ажиллуулсугай. ... Дарга Н.Юнгэр гэж, Увс аймгийн Хархираа сумын Хархираа компанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 84 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Өөр газар ажиллах болсныг үндэслэн тушаах нь 1. Тракторч-комбайнчнаар ажиллаж байсан Бадарч овогтой Одончимэдийг 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. .... Захирал Х.Махмин гэжээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн А.Жамбалдорж, Г.Давааням нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч А.Жамбалдорж: Б.Одончимэд нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1979 онд тракторчноор ажилд орж байсан. Манай байгууллага нь анх 8-н тракторын жолоочтой ажиллаж байсан. 1980 онд манай байгууллагад ЗХУ-аас техник, тоног төхөөрөмж ирж, хавар 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний бие нь тухайн үед жолооч, гагнуурчин, бригадын даргаар тус тус ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Б.Одончимэд нь 1979 оноос тракторын жолоочоор ажиллаж байгаад 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хааж ирээд тухайн байгууллагадаа 1994 оныг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаас гарч байсан. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргаар Н.Юнгэр, Х.Махмин гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Г.Давааням: Намайг 1984 онд Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд бороожуулагчаар ажилд ороход Б.Одончимэд нь цэргээс халагдаж ирээд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1993 оныг дуустал хугацаанд ажилласан. Б.Одончимэд нь цэрэгт явахаасаа өмнө 1979 оноос эхлэн ажиллаж байсан, нэлээд туршлагатай ажилчин байсан. Бид нар хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргаар Н.Юнгэр, О.Лхагва, Х.Махмин гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Харин гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээс үзэхэд Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуй нь 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Хархираа ХК болсон нь тогтоогдож байх тул Б.Одончимэдийн 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуустал хугацаанд Хархираа ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Одончимэдийн 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд, 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа сумын Хархираа ХК-д тус тус тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Одончимэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тариачин овогтой Бадарчийн Одончимэдийн 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд, 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа сумын Хархираа ХК-д тус тус тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Одончимэдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА