Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 260

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 17-23 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62030472, Тайж овогтой Цэрэнгийн Энхбатын,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтэст цистернийн жолоочоор 1990 оныг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт жолоочоор ажилласан гэсэн бичилт хийгдсэн байгаа боловч цистернийн жолоочоор ажилласан талаар бичигдээгүй, мөн аймгийн Архивын тасгаас ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа. Иймд 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтэст цистернийн жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Мөн 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийг удирдах газрын даргын 114 тоот Зохион байгуулалт, өөрчлөлт хийх тухай тушаалд жолооч хэсэгт нь миний нэр байгаа. Би 79-36 дугаартай цистерн машин барьдаг байсан ба Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын боомтоос Улаангом сумын чиглэл, Улаангом сумаас бусад сумуудад бензин болон шатахуун тээвэрлэн түүгээдэг байсан. Цистерн машинд нэг удаад 4800 клограмм бензин, эсхүл 5200 клограмм шатахуун ордог. Манай байгууллага 250 орчим цистерн машин, 500 орчим автомашинтай байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтэст цистернийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Энхбат нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

     Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 111 тоот тодорхойлолтод: Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны тушаалыг шүүн үзэхэд Ц.Энхбатын цистернийн жолоочоор орсон тушаал гараагүй нь үнэн гэсэн байх боловч нэхэмжлэгчийн 1984 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин нэгдлийн дарга Д.Батсүхээс олгосон 106885 тоот хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хааж, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд худгийн моторчноор, 1985 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Малчин сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны няраваар, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн 9 дүгээр баазад жолоочоор тус тус ажилласан тухай бичилт хийгдсэн байна.

         Мөн БНМАУ-ын Зам, тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 тоот тушаал авагдсан байх ба уг тушаалаар Ц.Энхбатыг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, аймгийн Тээврийг удирдах газраас Автотээврийн 9 дүгээр баазад шилжүүлсэн нь түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилттэй тохирч байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Басан, Ж.Мижиддорж, Н.Бадамсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Басан: Би 1981 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазын 3 дугаар хэсэгт шатахууны жолоочоор ажиллаж байхад Ц.Энхбат нь 1985 онд манай байгуулагад жолоочоор ажилд орж, 1990 он дуустал ажилласан. 1990 онд Увс аймгийн Тээврийг удирдах газар нь шатахуун тээврийн бааз, 9 дүгээр бааз, үйлчилгээний тээврийн гэх 3-н бааз болсон. Тэр үед Ц.Энхбатын машиныг өөр хүнд шилжүүлэн өгч, өөрийг нь 9 дүгээр баазад шилжүүлсэн юмаа. Ц.Энхбат бид хоёр 1985 оноос 1990 оныг дуустал 5 жил хамт ажилласан. 1990 оноос хойш 2 өөр баазад ажилласан. 1990 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын 3 дугаар хэсгийг Нефьт баазын харьяа Шатахуун тээврийн бааз гэх нэртэй болгож, 1994 онд Нефьт импорт концерны харьяа Шатахуун тээврийн бааз болгон өөрчилсөн. Увс аймгийн Тээврийг удирдах газрын дараар Д.Сүхбаатар, хэсгийн дарга Б.Нямаа гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ж.Мижиддорж: Би 1974 оноос 1998 онд хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт хэсгийн дарга, механик, хэлтсийн дарга гэх ажлуудыг хийж байсан. Ц.Энхбат нь 1985 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын Шатахуун тээврийн хэсэгт 79-36 гэх цестернийн жолоочоор ажилд орон ажиллаж эхэлсэн юмаа. Тэр цагаас хойш 1993 он хүртэл хамт ажилласан. 1985 оноос 1990 оныг дуустал хугацаанд цестернийн жолоочоор, 1991 оноос 1993 оныг дуустал хугацаанд 70-92 гэх ачааны машин барьж байсан. Увс аймгийн Тээврийг удирдах газар нь 1990 онд Шатахуун тээврийн бааз, 9 дүгээр бааз, Үйлчилгээний тээврийн бааз, Тээврийг удирдах газар гэх 4-н бааз болсон. 1990 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын 3 дугаар хэсгийг Нефьт баазын харьяа Шатахуун тээврийн бааз гэх нэртэй болгож, 1994 онд Нефьт импорт концерны харьяа Шатахуун тээврийн бааз болгон өөрчилсөн. Увс аймгийн Тээврийг удирдах газрын дараар Д.Сүхбаатар, 9 дүгээр баазын дарга н.Түмэн-Өлзий, Шатахуун тээврийн баазын дарга н.Сорог, Үйлчилгээний тээврийн баазын дарга н.Ванчинхүү гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Н.Бадамсүрэн: Би 1981 онд Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистернийн жолоочоор ажилд орж, одоог хүртэл хугацаанд ажиллаж байна. Ц.Энхбат 1985 онд тус газрын Шатахуун тээврийн хэсэгт Дорлиг гэх хүний барьж байсан 79-36 гэх цистернийн жолоочоор ажилд орж, ажиллаж эхэлсэн. Ц.Энхбат бид хоёр 1985 оноос 1990 он хүртэл хугацаанд хамт нэг байгууллагад жолоочоор ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. 1990 оноос манай байгууллага нь хуваагдахад би Нефьт хангамжийн баазад, Ц.Энхбат Ачаа тээврийн баазад үлдсэн. Тухайн үед манай байгууллагын даргаар Д.Сүхбаатар, У.Түмэн-Өлзий, Г.Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн байх ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон гэрч Г.Басангийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 567 тоот шийдвэр, Н.Бадамсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 625 тоот шийдвэрийн хуулбарууд, гэрч Ж.Мижиддоржийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус авагдсан байна.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбатын 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистернийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Цэрэнгийн Энхбатын 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистернийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА