| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00236/и |
| Дугаар | 261 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 261
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт-51 гудамж, 11 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР57031837, Тайж овогтой Дамдингийн Нотоогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нотоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1957 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 60 настай. Би 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөсЭрдэнэт хотын барилгын цэргийн 111-р ангид татагдаж, 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар хүртэл буюу Барилга угсралтын трест тарах хүртэл 5 дугаарбригадын даргаар ажилласан юм. Тухайн үед Барилга угсралтын трест тарахад ажлаас халагдсан шийдвэр гаргаж өгөөгүй байдаг. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох болоход нийт улсад ажилласан жил болон ажлаас халагдсан шийдвэр шаардалгатай байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд нэгдэлд малчнаар 3-н жил, 1 сар, 18 хоног ажилласан, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 12 жил, 7-н сар ажилласан, нийт улсад 15-н жил, 8-н сар, 18 хоног ажилласаныг сэргээн тодорхойлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнчимэд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Нотоогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох байсан боловч 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд албан ажлын шугамаар Улаанбаатар хот руу явах болсон тул надгүйгээр шүүх хурлыг хийж, Д.Нотоогийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нотоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 07, 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Д.Нотоогийн 1972 оны 4 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар, 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн 1972 оны 4 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд цалин авч байсан тухай бичилттэй Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан нь дээрх Архивын тасгийн цалингийн тодорхойлолттой тохирч байна.
Түүнчлэн Увс аймгийн Барилга угсралтын трестээс 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн трестийн 5 дугаар бригадын даргаар дэвшүүлэн ажиллуулсан тухай бичилт хийгдсэн байх ба Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 238 тоот Ажилд авах тухай тушаал, мөн даргын 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 372 тоот Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалтай тохирч байна.
Мөн хэрэгт Д.Нотоогийн 1982 оны Өрлөгийн аваргын диплом, Хөдөлмөрийн залуу аварга диплом, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Чанар үр ашгийн төлөө уралдааны аваргын гэрчилгээ, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Өндөр бүтээлийн 10 хоногийн социалист уралдаан-ы сайшаалын үнэмлэх, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон Алтан гадас одонгийн үнэмлэх, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-гийн үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ё.Пүрэвжав, Л.Эрдэнэсүрэн, У.Чантуу нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ё.Пүрэвжав: Би Увс аймгийн Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1966 оноос 1990 он хүртэл хугацаанд дизельчин, гагнуурчнаар ажиллаж байсан юм. Д.Нотоо нь 1972 оноос 1975 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус нэгдлийн Өлгий нуур бригадад Намдаг гэх айлд мал малладаг байсан. Д.Нотоо нь Малчин сумын иргэн бөгөөд 1975 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан явсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд аймгийн Барилга угсралтын трестэд ажиллах болсон. Би Д.Нотоогийн байсан Намдаг гэх айлд орж, гардаг байсан ба бид нэг нутгийн хүмүүс учир нэгнээ сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Л.Эрдэнэсүрэн: Би Увс аймгийн Барилга угсралтын контор гэж байхад буюу 1972 онд мужаанаар анх ажилд орж байсан. Д.Нотоо нь 1978 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд манай байгууллагад өрлөгчнөөр ажилд орж байсныг санаж байна. Тэр цагаас эхлэн бие биенээ мэдэх болсон. Манай байгууллага Увс аймгийн Барилга угсралтын контор нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад Барилга угсралтын трест нэртэй болсон. Яг хэдэн онд ийм нэртэй болсныг санахгүй байна. Би өөрөө мужаан, бригадын дарга, кранист, барилгын даамал гэх ажлуудыг хийж байгаад 2010 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Манай байгууллага 1992 оноос эхлэн Өрнөл, Өрнөх, Ундрах гэх мэт нийт 6 компани болж, үргэлжлүүлэн барилгын ажил хийдэг байсан. Д.Нотоо нь бригадаа төлөөлөн олон тэмцээн уралдаанд орж, түрүүлэн, шагнал урамшуулал их авдаг байсан. Мөн сүүлд Улсын бага хурлын гишүүн болж байсан юм. Бидний ажиллаж байх үед манай байгууллагын даргаар н.Цэдэнбалжир, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байлаа гэх мэдүүлэг, гэрч У.Чантуу: Би 1975 оноос 1993 он хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга контор, Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр ажиллаж байсан юм. Д.Нотоо нь 1978 оны 10 дугаар сараас эхлэн манайд өрлөгчнөөр ажиллах болсон ба тухайн үеэс хойш бид бие биенээ мэддэг болсон. Манай байгууллага 1992 оноос эхлэн Өрнөл, Өрнөх, Ундрах гэх мэт нийт 6 компани болж, үргэлжлүүлэн барилгын ажил хийдэг байсан. Д.Нотоо олон тэмцээн уралдаануудад орж, түрүүлэн шагнал урамшуулал их авдаг байсан ба сүүлд Алтан гадас одонгоор шагнуулж байсан. Манай байгууллагын даргаар н.Цэдэнбалжир, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Нотоогийн Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өрлөгчнөөр, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд 5 дугаар бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нотоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Дамдингийн Нотоогийн Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өрлөгчнөөр, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд 5 дугаар бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нотоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА