Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 263

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 45 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО78121976, Борлууд овогтой Жамсрангийн Төгсжаргалын,

             Ж.Дамжингийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Ж.Дамжин нь 1957 онд Тэс суманд төрсөн, 60 настай. 1974 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж, нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Лениний зам нэгдэлд ажиллаж байсныг батлах хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Ж.Дамжингийн Лениний зам нэгдэлд 1974 оны 4 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан бадлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс Улаанбаатар хотод хувийн ажлаар явах шаардлагатай болсон тул шүүх хурлыг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Төгсжаргал нь Ж.Дамжингийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлтгаргажээ.

          Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Улиаст бригадын малчин Жамсран овогтой Дамжингийн 1974 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Цогтоо, Д.Цогнэмэх нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Цогтоо: Ж.Дамжин нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1974 оноос эхлэн 1990 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан. Би өөрөө тус нэгдэлд зоотехникч, боловсон хүчний эрхлэгч, Ахуй үйлчилгээний нягтлан зэрэг ажлыг 1994 он хүртэл хугацаанд хийж байсан. Манай сумын Лениний зам нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэсэн хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Д.Цогнэмэх: Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1976 оноос 1992 оныг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажилласан ба Ж.Дамжин нь тус нэгдэлд намайг ажилд ороход малчнаар ажиллаж байсан. Надаас 2-3 жилийн өмнөөс ажилд орсон байдаг. Тэр цагаас эхлэн бид хамтдаа нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан. Ж.Дамжингийнх нэгдлийн 1 дүгээр бригадад мал малладаг байсан, би нэгдлийн трактор барьдаг болохоор айл өрхийн өвс, тэжээл зөөж, мөн нүүдэл суудлын бүхий л ажилд явдаг байсан. Лениний зам нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэсэн хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Дамжингийн 1974 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Төгсжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогтой Жамсрангийн Дамжин /регистрийн дугаар ОО57030672/-ийн 1974 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Төгсжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ГЭРЭЛТУЯА