| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00278/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 359
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах, 2553848 регистрийн дугаартай, “Ундарга Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б.Ганчулууныг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Балдандоржийн Ганчулуун нь Увс аймагт алтны хайгуул хийж байх үедээ “Ундарга Увс” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7130 литр дизель түлш, мөн 9 дүгээр сарын 04-ний өдөр 7130 литр, нийт 14.260 литр дизель түлш буюу 27.094.000 (хорин долоон сая ерэн дөрвөн мянга) төгрөгийн шатахуун зээлээр аваад 16.074.000 (арван зургаан сая далан дөрвөн мянга) төгрөгийг төлж одоо 11.020.000 (арван нэгэн сая хорин мянга) төгрөгийн зээлийн үлдэгдэл өртэй байгаа бөгөөд Б.Ганчулуун нь огт холбоо бариагүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй байгаа юм. Манай байгууллага Б.Ганчулууны иргэний үнэмлэх дэх хаягийг үндэслэн түүнээс 11.020.000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаягт бүртгэлтэй боловч байнга оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32016/24443 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хариуг ирүүлсэн. Иймд манай компаний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б.Ганчулууны оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар эрэн сурвалжлуулж түүний оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Б.Ганчулууныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ганчулуун нь Увс аймагт алтны хайгуул хийж байх үедээ “Ундарга Увс” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7130 литр дизель түлш, мөн 9 дүгээр сарын 04-ний өдөр 7130 литр, нийт 14.260 литр дизель түлш буюу 27.094.000 төгрөгийн шатахуун зээлээр аваад 16.074.000 төгрөгийг төлж одоо 11.020.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл өртэй байгаа бөгөөд Б.Ганчулуун нь огт холбоо бариагүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй байгаа юм. Манай захирал 2016 оны 1 дүгээр сард Улаанбаатар орж Б.Ганчулууныг хайж уулзсан ба энэ үед 1 дүгээр хороололд гэр бүлээрээ байр түрээслэн амьдарч байсан ба төлбөрийг барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Дараа нь 2016 оны 3 дугаар сард дахин түүний байсан байранд очиход тус байранд оршин суухаа больсон байсан. Манай байгууллага Б.Ганчулууны иргэний үнэмлэх дэх хаягийг үндэслэн түүнээс 11.020.000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаягт бүртгэлтэй боловч байнга оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32016/24443 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хариуг ирүүлсэн. Иймд манай компаний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б.Ганчулууны оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар эрэн сурвалжлуулж түүний оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Б.Ганчулууныг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Б.Ганчулууны гэрээ байгуулахдаа гэрээндээ бичсэн 94141626, 99119636 дугаарын утсуудад холбогдоход тийм хүн байхгүй гэсэн хариу өгч байгаа. Өөр бидний зүгээс хайх ямар ч боломж байхгүй юм” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК нь Б.Ганчулууныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Ганчулуун нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 хэсэг, Их дарь эх, 3 дугаар гудамжны 11 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ32016/24443 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 1974 онд төрсөн, эрэгтэй, НЮ74052710 регистрийн дугаартай, Боржигон овогт Балдандоржийн Ганчулууныг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар 1974 онд төрсөн, эрэгтэй, НЮ74052710 регистрийн дугаартай, Боржигон овогт Балдандоржийн Ганчулууныг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Ганчулууныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР