| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00294/И |
| Дугаар | 360 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 360
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОО68082464 регистрийн дугаартай, Тайж овогт Дамдингийн Хорлоогийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Одоо миний бүх бичиг баримт дээр 1968 онд төрсөн, Д.Хорлоо гэх нэрээр бичигдсэн юм. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэст хандахад Д.Оюун гэсэн нэртэй лавлагаа гарсан. Намайг бүртгүүлэхдээ аав, ээж Д.Оюун гэх нэрээр бүртгүүлсэн ба дараа нь таарахгүй учир Д.Хорлоо гэх нэрийг өгсөн учир бүх бичиг баримт маань 1968 онд төрсөн, Д.Хорлоо нэртэй явдаг юм. Би эцэг эхээс зургуулаа бөгөөд манайд Д.Оюун нэртэй хүүхэд байхгүй. Миний дүү нарыг Д.Цэдэв, Д.Сандаг, Д.Самбуу, Д.Цэцэгмаа, Д.Дэлгэр гэдэг. Иймд намайг 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хорлоо 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “Дамдин, Доржийн Дулмаа нарын гэр бүлд 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Оюун /Д.Хорлоо/ төрснийг 1967 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлд бүртгэв” гэжээ,
2. Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлийн хуулбар,
3. Тайж овогт Дамдингийн Хорлоогийн иргэний үнэмлэхний хуулбар,
4. Ц.Оюун, Л.Цэндсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, Д.Цэдэвийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Сандаг, Д.Самбуу, Д.Цэцэгмаа, Д.Дэлгэр нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд,
5. Гэрч Ц.Оюуны шүүхэд өгсөн: “Д.Хорлоо нь 1967 онд Увс аймгийн Тэс сумын 2 бригадын нутагт Цалгар гэх газарт төрсөн гэж би сонсож байсан юм. Тухайн үед манайх Тэс сумын 2 дугаар багт айл хоршоо амьдарч байсан. Миний төрсөн эгч Ц.Цэцэгмаа, Д.Хорлоо хоёр нь нас чацуу 1967 онд төрсөн бөгөөд би өөрийн эгч, Д.Хорлоо хоёртой хамт 1977 онд 1 дүгээр ангид элсэн орж нэг ангид хамт суралцаж байлаа. Бид нэг ангид хамт суралцаж байсны хувьд Д.Хорлоог 1967 онд төрсөн болохыг сайн мэднэ. Д.Хорлоо 45 нас хүрээд иргэний үнэмлэх солиулж шинээр авах үед түүний насыг дарж буруу олгогдчихсон юм шиг байна лээ. Д.Хорлоо нь эхээс 6 уулаа, айлын том охин бөгөөд Д.Цэдэв 1973 онд, Д.Сандаг 1976 онд, Д.Самбуу 1978 онд, Д.Цэцэгмаа 1981 онд, Д.Дэлгэр 1983 төрсөн 5 дүүтэй юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Л.Цэндсүрэнгийн шүүхэд өгсөн: “Д.Хорлоо нь 1967 онд Увс аймгийн Тэс сумын 2 бригадын нутагт Цалгар гэх газарт төрсөн гэж би сонсож байсан юм. Манайх Тэс сумын 2 дугаар багт Т.Дамдин ахынхтай айл хоршоо амьдарч байсан. Тэгэхэд би 5 настай хүүхэд байсан бөгөөд цагаан сарын золголтын үеэр хөдөө ах дүү нар насны зөрүүгээр золгодог уламжлалтай учраас тэгэхэд Д.Хорлоогийн төрсөн оныг мэдэж авсан юм. Мөн манай эхнэр Ш.Жавзмаатай Д.Хорлоо нь нас чацуу 1967 онд төрсөн хонь жилтэй учраас түүний насыг сайн мэддэг юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Хорлоо нь Увс аймгийн Тэс суманд Т.Дамдин, Д.Дулмаа нарын гэр бүлд 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Оюун, Л.Цэндсүрэн нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Тайж овогт Дамдингийн Хорлоог 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрснөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Хорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Тайж овогт Дамдингийн Хорлоог 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Хорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР