Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 362

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, 15 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, РД:ОЭ61102461, Шаавай овогт Хөтөөгийн Чогсомын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Чогсом, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.Чогсом шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай, ам бүл 3. Би 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт холын радио чиглүүлэх станцын сахиулаар ажилд орж 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Нисэх буудлын үйлчлэгчээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй, цалингийн баримт зарим нь архивт шилжүүлээгүй тул зарим жилийн цалин байхгүй тул шүүхэд хандсан. Иймд миний Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хамт ажиллаж байсан Б.Пүрэвдорж, Ү.Түмбээ нарыг гэрчээр асуулгасан болно” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Х.Чогсом нь Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 тоот “Ажлаас чөлөөлж шинээр ажилд авах тухай” тушаалд “ХЧС-ын сахиулаар Улаангом хотын харъяат Хөтөө овогтой Чогсомыг 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Хөтөөгийн Чогсомын Увс аймгийн Нисэх буудалд 1991 оны 1 сараас 1993 оны 5 дугаар сарыг дуустал сахиулаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Нисэх буудлын газрын баримт бичиг нь манай архивт шилжиж ирэхдээ баримт дутуу ирсэн тул Хөтөө овогтой Чогсомын ажилласан жил бүрэн гарах боломжгүй байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,

4. 1992, 1994 онуудад хамт олноороо авахуулсан фото зургууд,

5. Гэрч Б.Пүрэвдоржийн шүүхэд өгсөн: “Би 1989 оноос эхлэн Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт жолоочоор ажилд орж 2016 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.Чогсом нь 1990 онд Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын Холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажилд орсон бөгөөд одоо үйлчлэгчээр ажиллаж байгаа хүн юм. Түүний нөхөр Самбуу Холын чиглүүлэх радио станцын техникчээр ажиллаж байсан юм. Х.Чогсом ажиллаж байх хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан бөгөөд миний санаж байгаагаар 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Тээврийн яамны жуух бичиг, 2016 онд 90 жилийн ойн медалийг хамтдаа гардан авч байлаа. Бид нэг байгууллагад олон жил үр бүтээлтэй хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргаар Ц.Дашдорж, н.Жаргалсайхан, М.Даваажав, Ц.Батсүх, Ч.Батсуурь, Х.Долгорсүрэн, Л.Энхтуяа гэх хүмүүс ажилаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ү.Түмбээгийн шүүхэд өгсөн: “Би 1991 оноос эхлэн Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт манаачаар ажилд орж Холын чиглүүлэх радио станцын техникчээр одоог хүртэл ажиллаж байна. Х.Чогсом нь намайг ажилд ороход Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын Холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан бөгөөд одоо үйлчлэгчээр ажиллаж байгаа хүн юм. Түүний нөхөр Самбуу Холын чиглүүлэх радио станцын техникчээр ажиллаж байсан бөгөөд би 1995 онд Самбуугийн ажлыг хүлээн авч байлаа. Х.Чогсом нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан, түүнээс бид хоёр 2014 онд Зам тээврийн газрын жуух бичгээр хамт шагнагдаж байсныг санаж байна. 2012 оноос манай байгууллага Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал нэртэй болсон юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Пүрэвдоржийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ү.Түмбээгийн  Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх шилжүүлэн томилох тухай” тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Х.Чогсом нь Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан болох нь Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 тоот “Ажлаас чөлөөлж шинээр ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Х.Чогсомын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа 1992, 1994 онуудад хамт олноороо авахуулсан фото зургууд, гэрч Б.Пүрэвдорж, Ү.Түмбээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Х.Чогсомын Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил, 7 сар, 25 хоног холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Чогсомын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Хөтөөгийн Чогсомын Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 7 /долоо/ сар, 25 /хорин тав/ хоног холын чиглүүлэх радио станцын сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Чогсомын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР