Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 363

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 6 дугаар баг, 12-31 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, РД:ОД65080303, Гүнээхэн овогт Цэдэнгийн Төмөрөөгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Төмөрөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Төмөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1965 онд төрсөн, 52 настай, ам бүл 4. Би 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Яслын тогооч, угаагчаар /хамтад нь хийж байсан/ 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаад амьдралын шаардлагаар Улаангом суманд шилжин ирсэн билээ. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Яслид тогооч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би 1990 оноос эхлэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул 1989 оныг дуустал тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Төмөрөө нь Увс аймгийн Зүүнговь сумын Яслид 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогооч, угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Зүүнговь сумын Хүн эмнэлгээс 1985 оны 9 дүгэр сарын 10-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Зүүнговь сумын Хүн эмнэлгийн 1985-1989 оны хоорондох цалингийн болон тушаалын баримтыг шүүн үзэхэд Цэдэн овогтой Төмөрөөтэй холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

3. Увс аймгийн Зүүнговь сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 57 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Зүүнговь сумын Яслийн угаагч ажилтай Ц.Төмөрөө нь амьдралын шаардлагаар Улаангомд шилжих болсон тул 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлөв” гэжээ,

4. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад 1990 оны 8 дугаар сараас “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Төмөрөө нь багаасаа мал дээр гарч аавын хамтаар мал маллаж байгаад 1985 оноос эхлэн сумын яслид тогооч, үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 оныг дуустал ажиллаад Улаангом руу шилжсэн хүн байгаа юм. Бид нэг нутгийн уугуул хүмүүсийн хувьд би Ц.Төмөрөөг болон түүний нөхөр, аав, ээжийг нь сайн таньж мэднэ, бүгдээрээ “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж амьдарч ирсэн хүмүүс юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Бизъяагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1988 оноос Увс аймгийн Зүүнговь сумын Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орж 1993 он хүртэл ажилласан юм. 1988 онд намайг Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд ороход Ц.Төмөрөө нь манай эмнэлгийн харьяа яслид угаагч, тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1993 онд намайг өндөр насны тэтгэвэрт гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Түүний нөхөр Түвшинбаяр нь тус сумын нэгдлийн уурын зууханд машинистаар харин манай нөхөр ахуй үйлчилгээний даргаар ажиллаж байсан юм. Би Ц.Төмөрөөг 1983 онд Зүүнговь сумын бэр болж очсоноос хойш таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

6. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэл болон Хүн эмнэлэгт тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ц.Төмөрөө нь Увс аймгийн Зүүнговь сумын Яслид 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогооч, угаагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Зүүнговь сумын Хүн эмнэлгээс 1985 оны 9 дүгэр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ц.Төмөрөөгийн Увс аймгийн Зүүнговь сумын Яслид 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил, 3 сар, 20 хоног тогооч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Төмөрөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гүнээхэн овогт Цэдэнгийн Төмөрөөгийн Увс аймгийн Зүүнговь сумын Яслид 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар, 20 /хорь/ хоног тогооч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Төмөрөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР