| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2017/00389/И |
| Дугаар | 1103 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1103
Э.Лхагваагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00709 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э.Лхагваагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Батсүхэд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 7 740 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Мөнгөнтуяа,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Гомбо
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батсүхтэй 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 эр хонийг 200 000 төгрөг, 1 төлөгийг 105 000 төгрөг, 1 ямааг 75 000 төгрөгөөр тохиролцож, 20 толгой эр хонь, 20 толгой төлөг, 10 толгой шүдлэн ямаа нийт 50 толгой бог малыг 6 850 000 төгрөгөөр худалдсан. С.Батсүх малын үнийг хотод очоод дансаар шилжүүлнэ гээд малыг ачаад явсан боловч хэлсэндээ хүрээгүй, С.Батсүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан малын үнэ 6 850 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6 850 000 төгрөгийг төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хэлцэл хийсэн боловч төлөхгүй байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 26 хоногт алданги тооцож 890 000 төгрөг, малын үнэ 6 850 000 төгрөг нийт 7 740 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Одончимэгийн аав Лхагваагийнд очиж хонь 20, төлөг 20, ямаа 10, нийт 50 толгой малыг 6 850 000 төгрөгөөр худалдан авсан, малаа ачаад Э.Лхагваагийн хүргэн Батсайхантай хотод ирээд малыг зараад түүнд мөнгөө өгөх гэтэл мал зарагдаагүй тул мөнгийг 10 дугаар сард өгнө гэж хэлсэн. Ингээд малын мөнгийг Э.Лхагваагийн дансанд хийе гэхэд Л.Одончимэг би аавтай тохирсон байгаа миний дансанд хийчих гэсэн тул би мөнгийг Л.Одончимэгийн өгсөн дансанд хийж 2015 онд төлж дуусгасан. Л.Одончимэгийн дансанд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 2 750 000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 170 000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 1 440 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 2 370 000 төгрөг, 8 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг хийсэн, мөн өөр хүний дансанд сургалтын төлбөр гээд Л.Одончимэг мөнгө хийлгүүлж байсан баримтыг Номгон сумын Цагдаад өгсөн байсан. Би хонины мөнгийг Л.Одончимэгийн дансанд шилжүүлж төлсөн тул дахин төлөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Сосорын Батсүхээс 7 740 500 төгрөг гаргуулахыг хүссэн Эрдэнийн Лхагваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Лхагваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 798 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 2017 оны 02 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа 7 740 500 төгрөгийн үнэ бүхий малыг Э.Лхагваагаас худалдан авсан болохоо үгүйсгээгүй, харин охин Л.Одончимэг, хүргэн Б.Батсайхан нарт нь уг мөнгийг төлсөн тул дахин төлж хохирохгүй гэсэн санааг илэрхийлжээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ заахдаа хариуцагч С.Батсүх нь Э.Лхагваагаас мал худалдаж аваагүй гэж маргаж байхад Э.Лхагваа нь түүнд 50 толгой бог малыг худалдсан гэх шаардлагаа баримтаар нотлоогүй гэж хариуцагчийн татгалзлаас тэс өөр дүгнэлт хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Лхагваагийн охин Л.Одончимэг, хүргэн гэх Б.Батсайхан нарт нэхэмжилж буй 7 740 500 төгрөгийг төлсөн болохоо нотлох зорилгоор өөрийн болон Л.Одончимэгийн Хаан банкны дансны хуулгыг мөн Л.Одончимэг, Б.Батсайхан нараар "хэлцэл" гэх баримт үйлдүүлснээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал 2017 оны 01 сарын 31-ний өдрийн хэлцэл нэртэй Л.Одончимэгийн хариуцагч С.Батсүхэд бичиж өгсөн бичгийн нотлох баримтад “Л.Одончимэг би ...мал худалдан авсан үнэ болох 6 850 000 төгрөгийг Хаан банкны 5046304578 дугаар дансандаа хийлгэж авсан нь үнэн болно. Уг мөнгийг өөрийн эцэг болох Э.Лхагваад 2017 оны 5 сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулна" гэж, мөн хэрэгт авагдсан "хэлцэл" нэртэй Б.Батсайхан гэх хүнээс хариуцагч С.Батсүхэд бичиж өгсөн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн бичгийн нотлох баримтад "малын үнэ ...6 850 000 төгрөгийг эхнэр Л.Одончимэгийн дансанд хийлгэж авсан нь үнэн болно, уг мөнгийг 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна" гэжээ.
Л.Одончимэг, С.Батсүх нарын Хаан банкны харилцах данснаас харахад Л.Одончимэгийн Хаан банк 5046304578 данс, С.Батсүхийн Хаан банкны 5059142408 тоот дансанд 2015 оны 01 сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 02 сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 02 сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 02 сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 05 сарын 15-ны өдөр 30 000 төгрөг, 2015 оны 5 сарын 15-ны өдөр 2 750 000 төгрөг, 2015 оны 6 сарын 17-ны өдөр 170 000 төгрөг, 2015 оны 6 сарын 22-ны өдөр 2 370 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх бөгөөд энэ нь мал худалдаж авсан 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө шилжүүлэг хийгджээ.
Л.Одончимэг, С.Батсүх нарын дансанд 2015 оны 8 сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 8 сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 12 сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Гүйлгээний утга нь "Одончимэгт зээлдэв" гэсэн утгатай. Нийт шилжүүлсэн мөнгө нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс илүү буюу 8 420 000 төгрөг байна. Иймд Л.Одончимэг болон хариуцагч С.Батсүх нарын хооронд зээлийн гэрээнээс үүссэн өглөг, авлагын тооцоо байна гэж дүгнэж болох юм.
Нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан үнэлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Э.Лхагваа нь хариуцагч С.Батсүхэд холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 50 толгой малын үнэд 6 850 000 төгрөг, алдангид 890 500 төгрөг нийт 7 740 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч “..,төлбөрийг Э.Лхагваагийн охин Л.Одончимэгт төлөөд дуусчихсан” гэж маргажээ.
Зохигчид 50 толгой мал худалдах худалдан авах гэрээг 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр амаар байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн “..,50 тооны бог мал авсан, төлбөр 6 850 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-нд төлнө” гэсэн бичмэл баримтаар нотлогдсоноос гадна нэхэмжлэгчийн охин Л.Одончимэг “.., 6 850 000 төгрөгийг дансандаа хийлгэж авсан. Өөрийн эцэг Э.Лхагваад төлж барагдуулна” гэсэн бичгийн баримт үйлдсэнээр тогтоогдож байна.
Дээрх худалдах-худалдан авах хэлцлээр шилжүүлсэн 50 тооны малын үнэ 6 850 000 төгрөг болсон гэдэгт талууд маргаагүй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгөх ёстой бөгөөд мөн хуулийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу худалдагч Э.Лхагваа 6 850 000 төгрөгийг өөрийн охин Л.Одончимэгт шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх баримтгүйгээс гадна дансны хуулга гэх баримтуудаас үзэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө С.Батсүхээс Л.Одончимэгт шилжүүлсэн, “...Л.Одончимэгт зээлдэв” гэсэн бичилттэй мөнгөн хөрөнгийг Э.Лхагваад төлөх ёстой үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж тооцох боломжгүй байна.
Иймд 6 850 000 төгрөгийг С.Батсүхээс гаргуулж нэхэмжлэгч Э.Лхагваад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт зааснаар анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй. Талууд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд анзын талаар нэмж тохиролцсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцох юм. Гэтэл хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан нэг талын анз төлнө гэсэн баталгааг анзын талаарх тохиролцоо гэж дүгнэж, анз гаргуулах боломжгүй байна. Энэ үндэслэлээр анзыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00709 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.2” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Батсүхээс 6 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Лхагваад олгож, үлдэх 890 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч С.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 124 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Лхагваад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Лхагваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 798 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД