Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00021

 

                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

 

       2018        06            18                                         2018/ДШМ/21

 

 

 

П.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Б,

Өмгөөлөгч: Б.А, И.Ч,

Шүүгдэгч: П.Х,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтой П.Хт холбогдох 1838000740047 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт П-ийн Х, …...... оны .........дугаар сарын .....-ны өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................../.

Шүүгдэгч П.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-08 тоотод оршин суух иргэн Д.Оын байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон орон байранд нэвтрэн орж их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг эд зүйл хулгайлж 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт П-ийн Хыг бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж   авсан   гэмт   хэргийг   үйлдсэнд   гэм   буруутайд   тооцож,  Эрүүгийн  хуулийн

ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч П.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Ч давж заалдах гомдолдоо: ...Өмгөөлөгч би анхан шатны шүүх хурал дээр П.Хт холбогдох үйлдлийг ЭХТА-ийн 17.1.1 дэхь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэнсэж өгнө үү гэснээ дэмжиж байна. Үүнд:

1. ... шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

2. Гэрч Д.Өлзийсайханы мэдүүлэг, хохирогч нарын хууль сануулан авсан мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байхад хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

3. ...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалтыг хангаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

... П.Хыг өмгөөлөгчийн хэрэггүй, хэрэг чинь зүгээр, гарын үсэг зурчих гэж мэдүүлэг авахдаа мөрдөгч өөрийн сэжиглэл таамгыг бататган нотлох баримтыг бэхжүүлсэн. Тэрнээс эрх үүргийг нь сануулж учир холбогдлыг ойлгуулаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 дахь хэсэгт заасан энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.4, 39.9.1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т  зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч П.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 16-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух иргэн Д.Оын байшингаас эд хөрөнгө хулгайлж, 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааны явцыг “...тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дүрсний бичлэгээр баталгаажуулах”, мөн зүйлийн 2-т зааснаар  тэмдэглэлд “...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгах” учиртай.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд анхан шатны шүүх хуралдааны явц, хуралдаанд оролцогчийн мэдүүлгийн агуулгыг бүрэн тусгаагүй, тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байх ба энэ талаарх өмгөөлөгч Б.А-ын гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл болжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй тул өмгөөлөгч И.Чимэдбадамын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн  1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол П.Хт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

               

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                                                Т.ГАНБАТ

                                                                                                  Б.СОСОРБАРАМ