Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 249

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.У-ийн дүгнэлттэй, Улаанбаатар хот дахь ГГГУБ А.А-т холбогдох зөрчлийн хэргийг авч хянаад, 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.М Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан 024**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурор дүгнэлт бичив” гэжээ. 

Улаанбаатар хотын гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан А.А шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...“УБ-Транс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь Toyota Prius маркийн суудлын автомашиныг гаальд мэдүүлэхдээ ачааны автомашин гэж мэдүүлсэн зөрчлийг илрүүлж, холбогдогч С.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.У хянаад С.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан А.А би хүлээн зөвшөөрч байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу “УБ-транс” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М-д оногдуулсан шийтгэлийг зөвтгүүлж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хотын гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан А.А нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 024**** дугаар шийтгэлийн хуудсаар “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь гаальд барааг мэдүүлэхдээ Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан байна. 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.У нь “...Toyota Prius маркийн автомашиныг “УБ-транс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М гаалийн байгууллагад мэдүүлэхдээ суудлын автомашиныг ачааны автомашин мэтээр мэдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчил гэж үзэх үндэслэлтэй” гэж үзэж  Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан А.Аийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 024**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. 

Хариуцагч гаалийн улсын байцаагч А.А нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Угийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,...эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөөл, хууь ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан. 

Иймд хариуцагч Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч А.А нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Түүнчлэн Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч А.А нь тухайн зөрчилд шийтгэл оногдуулах хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Ц.У-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь ГГГУБ А.А хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ