Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 364

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 4 дүгээр баг, 8-10 тоотод оршин суух, 1954 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, РД:ОЭ54122017, Баягууд овогт Сорогжоогийн Самдангэлэгийн Г.Сүрэнзаяагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Самдангэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч С.Самдангэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Сүрэнзаяа нь 1965 онд төрсөн, 52 настай. 1980 онд 8 дугаар анги төгсөөд Эвлэлийн илгээлтээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймаг дахь Барилга угсралтын трестийн барилгын бригадад 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд будагчин, шаварчнаар, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Барилгын биржийн барилгын бригадад будагчин шаварчнаар тус тус ажиллаж байсан. Одоо Г.Сүрэнзаяа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход тухайн үед байгууллагуудаас хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт аваагүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд Г.Сүрэнзаяагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шаварчин, будагчнаар тус тус ажиллаж байсан хугацааг  нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Самдангэлэг нь Г.Сүрэнзаяагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шаварчин, будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 63 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Барилгын салбарт туслах ажилчнаар Гүнтэвсүрэн овогтой Сүрэнзаяаг 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбарт “Барилгын туслах ажилтай Гүнтэвсүрэн овогтой Сүрэнзаяаг 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

3. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 125 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Заслын 9-р бригадад Гүнтэвсүрэн овогтой Сүрэнзаяаг 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шаварчин, будагчнаар авч ажиллуулсугай” гэжээ,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Г.Сүрэнзаяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин, будагчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 445 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаалын хавсралтын 170-рт Гүнтэвсүрэнгийн Сүрэнзаяа, засалчин, 50 гэж бичигджээ,

6. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

7. Увс аймаг Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... Г.Сүрэнзаяа нарыг 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэжээ,

8. Итгэмжлэл,

9. Гэрч Г.Ганхуягийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны нүүрс оруулагч, галчаар ажилд орж улмаар өрөгч, гаргагчаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажиллаад “Их барилга” ХХК-д 1996 оныг дуустал тус тус ажилласан юм. С.Сүрэнзаяа бид хоёр Чандманы сургуульд 8 дугаар анги хүртэл хамт суралцаж төгсөөд би Барилга угсралтын трестэд дугуй зуухны нүүрс оруулагч, галчаар, С.Сүрэнзаяа Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар орж 1981 он хүртэл ажиллаад Барилга угсралтын трестэд шилжин ирж барилгын бригадад засалчин /будагчин, шаварчнаар/ ажиллаж эхэлсэн юм. Улмаар бид 1992 он хүртэл ажиллаад Бирж болоход мөн 1994 оны сүүл хүртэл нэг байгууллагад ажилласан юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч З.Нансалжавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн заслын бригадад будагчин, шаварчнаар ажилд орж 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн заслын бригадад 1994 оныг дуустал тус тус ажилласан юм. Би 1982 онд Барилга угсралтын трестийн төвийн заслын бригадад орж ажиллаж байгаад 1984 оноос хөдөө заслын 9 дүгээр бригадад орсноос эхлэн С.Сүрэнзаяаг таньж мэдэх юм. Заслын бригад нь анх ажилд орохдоо будагчнаар ажиллаж эхэлдэг бөгөөд дадлагажаад ирэхээр засал хийж шаварчнаар ажилладаг байлаа. Бид Барилга угсралтын трест хувьчлагдах хүртэл ажиллаад улмаар Барилгын бирж нэртэй болоход үргэжлүүлэн 1994 оныг дуустал хамт ажилласан” гэх мэдүүлэг,

11. Гэрч Г.Ганхуяг, З.Нансалжав нарын Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Г.Сүрэнзаяа нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шаварчин, будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 63 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 125 тоот “Ажилд авах тухай” тушаал, цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 445 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, Увс аймаг Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Г.Ганхуяг, З.Нансалжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

        Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Г.Сүрэнзаяагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сар, 25 хоног туслах ажилчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 жил, 8 сар, 23 хоног шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 жил, 7 сар, 16 хоног шаварчин, будагчнаар, нийт 14 жил, 3 сар, 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Самдангэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лувзан овогт Гүнтэвсүрэнгийн Сүрэнзаяагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 /арав/ сар, 25 /хорин тав/ хоног туслах ажилчнаар, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 /арав/ жил, 8 /найм/ сар, 23 /хорин гурав/ хоног шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сар, 16 /арван зургаа/ хоног шаварчин, будагчнаар, нийт 14 /арван дөрөв/ жил, 3 /гурав/ сар, 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Самдангэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР