| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00298/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 298
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-24 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, РД:ОС63070104, Булгадар овогт Гомбын Цээлэйгийн Ж.Цэцэгбалын насыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цээлэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цээлэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булгадар овогт Жорвооны Цэцэгбал нь 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын Хойд бөөрөг гэх газар төрсөн боловч анх хүнээр дайж бүртгүүлэхэд Ж.Цэцэгбал гэдэг нэрийг Ж.Цэцэгмаа гэж буруу бүртгэсэн, мөн тэрээр их бие муутай хүүхэд байсан бөгөөд 1968 онд 1 дүгээр ангид оруулахад хэдхээн хоног хичээлд суугаад гарчихсан ба 1971 онд надтай хамт 1 дүгээр ангид аав, ээж нь насыг дараад сургуульд суулгаж байсан. Ингээд төрсөн он нь буруу бүртгэгдэж, 1963 онд төрснөөр иргэний үнэмлэхний олгогдсон байдаг. Ж.Цэцэгбалыг багаас нь Ж.Цэцэгбал гэж дууддаг байсан ба одоо ч бүх бичиг баримтууд дээр нь Ж.Цэцэгбал гэх нэрээр бичигдсэн байдаг. Ж.Цэцэгбал нь эцэг, эхээс 8-уулаа айлын бага хүүхэд бөгөөд тэднийд Ж.Цэцэгмаа нэртэй өөр хүүхэд байхгүй юм. Иймд Ж.Цэцэгбалыг 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цээлэй нь Ц.Цэцэгбалыг 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргаж ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “Басангийн Жорвоо, Цагаандайн Жавзан нарын гэр бүлд 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Цэцэгмаа /Ж.Цэцэгбал/ төрснийг 1960 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлийн 189 дугаарт бүртгэв” гэжээ,
2. Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлийн хуулбар,
3. Булгадар овогт Жорвооны Цэцэгбалын иргэний үнэмлэхний хуулбар,
4. Г.Цээлэй, Д.Рааш, Н.Жаргал нарын иргэний үнэмлэхний хуулбарууд,
5. Итгэмжлэл,
6. Гэрч Д.Раашийн шүүхэд өгсөн: “Ж.Цэцэгбал нь 1960 онд Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт төрсөн юм. Миний санаж байгаагаар 1968 оны намар Ж.Цэцэгбал бид хоёр сумын төв рүү очиж 8 настай 1 дүгээр ангид орж байсан бөгөөд бие муутай хүүхэд байсан учраас 1 сар гаруй болоод Ж.Цэцэгбалыг сургуулиас нь гаргаж завсардуулж байсан юм. Тэгээд 1971 онд онд дахин 1 дүгээр ангид оруулсан гэж сонсож байсан. Ж.Цэцэгбал нь эхээс 8-уулаа бөгөөд айлын отгон охин юм. Миний мэдэхээр түүний яг дээд талын ах Ж.Батмөнх 1958 онд, Ж.Цэцэгбал 1960 онд төрсөн юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Н.Жаргал шүүхэд өгсөн: “Ж.Цэцэгбал нь 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт айлын 8 дахь хүүхэд буюу отгон охин болж мэндэлж байлаа. Тухайн үед би 19 настай хүнтэй суугаад тусдаа амьдарч байсан бөгөөд отгон дүүгээ төрөхөд нөхрийн хамтаар аавындаа очиж байлаа. Тэгээд дүү Ж.Цэцэгбалыг анх төрөхөд сумын төв рүү хүнээр дамжуулж бүртгүүлэхэд түүний нэрийг Ж.Цэцэгмаа гэж буруу бүртгүүлчихсэн юм шиг байна лээ. Миний дүүг багаас нь Ж.Цэцэгбал гэж дууддагийг сумын ард иргэд бүгд мэднэ. Миний анхны охин Г.Уранчимэг нь 1960 онд төрсөн, удаах охин Г.Цээлэй нь 1963 онд төрсөн байдаг юм. Ж.Цэцэгбалыг миний охин Г.Цээлэйн хамтаар 1 дүгээр ангид оруулж байсан юм. Бид эцэг эхээс 8-уулаа бөгаад синий бие Ж.Жаргал нь 1941 онд, дүү Ж.Самбуу 1943 онд, Ж.Дулмаа 1948 онд, Ж.Санжжав 1950 онд, Ж.Балгандорж 1952 онд, Ж.Гэндэн 1953 онд, Ж.Батмөнх 1958 онд, Ж.Цэцэгбал 1960 онд төрсөн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Ц.Цэцэгбал нь Увс аймгийн Тэс суманд Б.Жорвоо, Ц.Жавзан нарын гэр бүлд 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Рааш, Н.Жаргал нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Булгадар овогт Жорвооны Цэцэгбалыг 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрснөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Цээлэйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Булгадар овогт Жорвооны Цэцэгбалыг 1960 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Цээлэйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР